Орон сууцны шинэ зах зээлийн сорилт

Мэдээ


Санхүүжилтийн дийлэнхийг орон сууцны төслийг дэмжихэд чиглүүлнэ

Улаанбаатар хотын төв цэгээс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл утааг бууруулах гарц шийдлийн талаар хагас өдрийн турш уугьтал хэлэлцлээ. Гэхдээ утааг бууруулах тухай бус. Харин ор мөргүй арилгах төгс шийдэл болсон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд санал бодлоо нээлттэй солилцож нэгдсэн ойлголтод хүрэх боломжийг БХБЯ, Монголын Ипотекийн Корпораци, “Блумберг” телевизийн хамтран зохион байгуулсан “Утаагүй Улаанбаатар” форум олгосон юм. ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр Улаанбаатар хотод өвлийн улиралд байгаль өөрөө өөрийгөө цэвэршүүлэх явц агаарын температур, салхины чиглэл зэрэг олон хүчин зүйлээс болж 70 орчим хувиар буурдаг. Тиймээс өвлийн улиралд түүхий нүүрсний хэрэглээний улмаас агаарын чанар хүлцэх хэмжээнээс хэд дахин давдаг тул яндан зэрэг бохирдлын эх үүсвэрийг бууруулах зайлшгүй шаардлагатай талаар форумын эхэнд оролцогчдод шинжлэх ухаанч ойлголт өгсөн юм. Нийслэлд 381 мянган өрхөд 1.4 сая иргэн аж төрдөг бөгөөд үүний 40 хувь нь орчин үеийн стандартад нийцсэн, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон тохилог сууцанд амьдардаг. Үлдсэн 60 хувь нь гэр хороололд аж төрж байна гэх мэдээллийг Барилга, хот байгуулалтын яамнаас өгөв. Харин орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан 90 орчим мянган өрхөөс 80 гаруй мянга нь найман хувийн зээл авсан байна. Үүний 20-иод хувь нь орон нутагт орон сууц худалдан авсан байна.


Өнөөгийн шалгуураар 220 мянган өрх зорилтот бүлэг болов

Үндсэндээ нийслэлийн орон сууцанд аж төрдөг 154 мянган өрхийн тал орчим хувь нь ипотекийн зээлийн тусламжтай орон сууцны хэрэгцээгээ хангажээ. Ипотекийн зээл нь Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд худалдан авах чадвартай иргэд нийгмийн гол асуудлаа шийдэхэд томоохон дэмжлэг болсон аж. Орон сууцны урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж, сар тутам тогтмол төлөлт хийх чадвартай зах зээлийн ачаар барилгын салбар өндийж, банк санхүүгийн хөгжилд ахиц гарсан. Гэхдээ энэ зах зээл хумигдаж байгааг сүүлийн үеийн статистик харуулж буй. Тиймээс ч хөл дээрээ боссон, хөгжлийн түүчээнүүд хүчээ нэгтгэж утааны эх үүсвэрийг дайлаар мордохоор хэлэлцэж байна. Хуримтлуулсан туршлага, нөөц боломждоо тулгуурлан гэр хороололд аж төрж буй 252 мянган өрхийн орон сууцны хэрэгцээг хангаж, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг арилгах нь тэдний гол зорилт болоод буй юм. Харин орон сууцны энэ шинэ зах зээл ямар онцлогтой болохыг MMCG судалгааны байгууллага судалж тогтоожээ.

2016 онд хийсэн зах зээлийн судалгаагаар гэр хорооллын 252 мянган өрхийн 33 мянгад нь л худалдан авах чадвараар баталгаажсан орон сууцны эрэлт байгаа аж. Харин үлдсэн 200 гаруй мянга нь найман хувийн зээлийн шалгуураар зорилтот бүлэг болж таарав. Тиймээс тэднийг яаж орон сууцжуулах нь шинэ зах зээлийн гол сорилт болж байгаа юм. Энэ зах зээл орон сууцны нэг ам метр талбайг 1.3 сая төгрөгөөр худалдан авах сонирхолтой байгаа бол нийлүүлэлтийн дөнгөж 20 хувь л 1.5 сая төгрөгөөс доош үнээр борлуулах боломжтойг зах зээлийн судалгаагаар тогтоожээ.

Уг нь барилгын салбар хүчин чадал сайтай, түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа нь хямд үнэтэй орон сууц барих бололцоо байгаагийн илрэл. Монголын барилгачдын холбооны төлөөлөл М.Батбаатар “Барилгын салбарынхан орон сууцны хөгжилд чанарын эргэлт хийхэд хэдийнэ бэлэн болсон. Гуравдугаар сард гэр хорооллын 10 айлын газрыг чөлөөлөхөд арваннэгдүгээр сард нь 500 айлын орон сууц босгох хэмжээнд хүрээд байна” гэв. Хамгийн гол нь худалдан авах талын санхүүгийн эх үүсвэрийг сайжруулахад бэрхшээл үүсэж буй. Задалж харвал, зах зээлийн хэрэглэгч буюу орон сууц худалдан авагчдын суурь асуудал шийдэгдээгүй буюу орлого багатай, ажилгүйдлийн түвшин өндөр байгаа. Тиймээс бүхнийг зах зээлийн зарчимд даатгаад орхиж болохгүйг Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн онцоллоо. Үүнийг шийдвэрлэж байж ипотекийн зээл эрчээ алдахгүй үргэлжилнэ. Харамсалтай нь өнөөдөр энэ бүхэн сорилт болж, найман хувийн зээлийн журмыг дахин боловсруулах шаардлага тулгараад буй нь бодит үнэн юм. Харин санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Улсын төсвөөс гадна олон улсын төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийг орон сууцжуулах бүхий л төсөл, хөтөлбөрт чиглүүлэхэд анхаарна.

• Орон сууцны зах зээлийн төлбөрийн чадвартай хэсэг хумигдаж байна.

• Нэг ам метр талбайг 1.3 сая төгрөгөөр худалдан авах сонирхолтой 200 гаруй мянган өрх байна.

• Гэтэл бэлэн орон сууцны 20 хувийг л 1.5 сая төгрөгөөс доош үнээр нийлүүлэх боломжтой.

Өнгөрсөн онд Агаар, орчны бохирдлоо бууруулах үндэсний хөтөлбөртэй болсон нь донор байгууллагаас санхүүжилт татахад томоохон дэмжлэг болж байна. Гэхдээ санхүүжилт, бүтээн байгуулалтын үр дүнд орчны бохирдол хэр зэрэг буурсан нь үндэсний хөтөлбөртэй нарийн уялдаж байх шаардлагатай байна” гэв. Нөгөөтэйгүүр, даатгал, үнэт цаас гэх мэт санхүүгийн тогтолцооны эрх зүйн орчныг сайжруулж, хөгжүүлснээр орон сууцны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хямдруулах гол гарц гэдгийг МИК-ийн төлөөлөл, эдийн засагчид онцолсон юм. Утааг арилгах гол шийдлээ тодорхойлсон байгаа нь “Утаагүй Улаанбаатар” форумын хамгийн гол ололт гэдгийг Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон онцлов. Тэрбээр гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх дэлхийд хаана ч байхгүй технологийг монгол залуу аавтайгаа хамтраад олчихсон байна. Энэ шийдлээр бол 40-50 сая төгрөгөөр хувийн сууцтай болох боломжтой аж. Ийм сууцыг 30 жилийн хугацаатай, найман хувийн зээлээр санхүүжүүлэхэд нэг өрх жилд дунджаар 1.5 сая төгрөг л төлөх тооцоо гарч байгаа юм байна. “Утаагүй Улаанбаатар” хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн агаарын температур 15 градус хүйтэн, агаарын чанарын индекс дунд зэргийн бохирдолтой байв.


ЗГМ НЭГ АСУУЛТ

“Утаагүй Улаанбаатар” форумын оролцогчид орон сууцны шинэ зах зээлд ямар эрсдэл, сорилт байгааг хэлж байна.

МИУС-ийн багш, эдийн засагч Ч.Хашчулуун

-Өдий хүртэл орон сууцны борлуулалт 50-100 сая төгрөгийн зээл авах чадвартай хүмүүст чиглэсэн. Тэдэнд банк шалгуур тавьж зээл олгох замаар нийгмийн тодорхой хэсгийг орон сууцжуулсан. Гэтэл хувиараа хөдөлмөр эрхлээд олон жил болсон, өөрөөр хэлбэл лангууны ард тогтвортой 10 жил сууж байгаа ч орлогоо баталгаажуулаагүй иргэд орон сууцны шинэ зах зээлийн дийлэнхийг бүрдүүлж байна. Тэднийг орон сууцжуулах нь нэг том сорилт болж байна. Харин нөгөө хэсэгт нийгмийн халамжаар л амьдардаг хэсэг байна. Уг нь сонгодог утгаараа тэднийг нийгмийн халамжид оруулах боломжгүй. Гэтэл өнөөдөр орон сууцанд оруулах тухай ярьж буй нь тэд амьдардаг газартаа маш их утаа үйлдвэрлэж буйтай холбоотой. Утааг бууруулах нэг шийдэл нь тэднийг хотын зах руу нүүлгэх гэж байна. Гэхдээ амьжиргаа нь дээшлээгүй цагт хаана ч очсон утаа үйлдвэрлэсээр байна. Харин үүнээс нь салгах эцсийн шийдэл нь орон сууцжуулах. Тиймээс төлбөрийн чадвартай хэсэг шигээ орон сууцны зээлд хамрагдаад, түрээс төлөөд амьдарч чадах уу үгүй юу гэдэгт илүү зохицуулалт хэрэгтэй.

МИК-ийн Актив үнэлгээ, удирдлагын хэлтсийн захирал Х.Маргад-Эрдэнэ

Нийслэлд ипотекийн зээл авсан 60-70 мянган өрхийн 30 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн иргэн. Харин одоо байгаа гэр хорооллын 250 орчим мянган өрх бүгд бага орлоготой, орон сууц худалдаж авах чадваргүй биш. Гэхдээ бүгд утаа үйлдвэрлэгч. Харин тэдний тулгамдсан асуудал бол байрны урьдчилгаа төлбөр, банкуудын шаардлага. Энэ бүх хязгаарлалт өнөөдөр биш гэхэд ойрын хугацаанд багасаж, эсвэл зээл авахаар хүлээгдэж байгаа иргэдийг орон сууцанд оруулах нь цаг хугацааны асуудал. Тиймээс яндангийн тоо буурч, утаа тодорхой хэмжээгээр багасна. Харин үлдсэн буюу илүү өндөр түвшний эрсдэлтэй бүлэгт чиглэсэн шийдлийг бид эрэлхийлж байна. Түрээсийн болон дулаан алдагдал багатай хувийн сууц барьж, дэд бүтцийг нь улсаас шийдье гэдэг хувилбарыг их ярьж байна. Харамсалтай нь энэ бол МИК-ийн дангаараа хийчих ажил биш. Харин илүү олон хүнд хүргэхийн тулд тогтвортой санхүүжилт хэрэгтэй. Уг санхүүжилтийг дан ганц МИК биш хоёрдогч зах зээл дээрх байгууллагууд хамтарч ажилласнаар илүү олон айл, иргэнд үр өгөөж нь хүрч, орчны бохирдлыг бууруулна. “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат -Монгол Улсын Засгийн газрын хувьд нэн тэргүүнд шийдэх зүйл нь утааг арилгах л гэж би ойлгож байна. Уул уурхай, ХАА, аялал жуулчлалын аль нь ч биш. Иргэн бүр эрүүл саруул амьдрах, шинээр төрж буй хүүхэд бүр гажиггүй, эсэн мэнд байх вэ гэдэгт л анхаарч, ирээдүй мөхөх нь хэмээн зовниж байна. Би ч үүнтэй санал нэг байна. Гэтэл утааг арилгахад гол тулгарч байгаа бэрхшээл нь санхүүжилт. Тиймээс Засгийн газар хөрөнгийн эх үүсвэрээ маш богино хугацаанд орон сууцжуулахад чиглүүлэх шаардлагатай. Зуух, яндан, дулааны дээвэр туургаасаа илүү барилгажуулахад гол анхаарлаа хандуулаач. Барилгын салбар ч орон сууцны чанарт эргэлт хийхэд бэлэн байна.

MMCG компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ

-Гэр хорооллын 250 гаруй мянган айл орон сууцанд орох хэрэгцээтэй байгаа ч өнөөдрийн хувьд 5000 нь л ипотекийн зээлд хамрагдах эх үүсвэр байна. Гэр хорооллын айл өрхүүдийн 55 хувь нь урьдчилгаа төлбөр бүрдүүлэх боломжгүй, 20 гаруй хувь нь нийгмийн даатгал төлдөггүй буюу орлого нь баталгаажаагүй. Ийм байхад тэд хэзээ орон сууцтай болох вэ гэдэг нь үнэхээр том сорилт юм. Тиймээс үүний санхүүжилтийн эх үүсвэрийг урт хугацаанд тогтвортой болгоход их ажил хийгээсэй, найм биш таван хувийн хүүтэй зээлээр санхүүжих боломжийг бүрдүүлэх механизмыг тавих хэрэгтэй юм. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийг санхүүгийн томоохон сангуудтай холбох ажлыг идэвхтэй хиймээр байна. Өөрөөр хэлбэл, дотоодын компаниуд олон улсын түвшинд очоод санхүүжилт авахад нь дэмжих хэрэгтэй.



САНАЛ БОЛГОХ