Жорж Осборн: BREXIT-ийн хэрэгжүүлэлтийг ээлжит Ерөнхий сайд удирдана

Мэдээ

BREXIT-ийн санал хураалтын дараа Их Британид тодорхойгүй байдал үүсэж, асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй хууль хэрэгжүүлэгчид удаа дараалан албан тушаалаасаа огцрохоо мэдэгдээд байна. Өнгөрсөн долоо хоногт санал хураалтын дүнг танилцуулсны дараа тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон гурван сарын дотор ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн бол сөрөг хүчний 11 гишүүн огцорлоо. Одоогоор Европын Холбооноос гарах хэлэлцээрийг ямар нөхцөлтэйгөөр, хэрхэн байгуулах нь тодорхойгүй байна. Тус улсын Сангийн сайд Жорж Осборн Лондонгийн Хөрөнгийн биржийн арилжаа эхлэхийн өмнө мэдэгдэл хийж "BREXIT-ийн хэрэгжүүлэлтийг ээлжит Ерөнхий сайд удирдана" гэдгийг онцолжээ. Тэрбээр “Их Британи дэлхийн хамгийн хүчирхэг хөгжингүй эдийн засгуудын нэг. Өсөлт хангалттай сайн байна. Ажил эрхлэлт түүхэн дээд түвшинд хүрсэн. Зайлшгүй нөөцийн хэмжээ өмнөх түвшнээсээ 10 дахин нэмэгдсэн. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувь байснаас энэ онд 3 хүрэхгүй хувь руу буухаар байна. Бид ямар ч өөрчлөлтөд бэлэн байсандаа баяртай байна. Бэлтгэл, бэлэн байдлын ачаар өнөөдөр тулгараад байгаад сорилттой нүүр тулахад бэлэн байна” хэмээн мэдэгджээ. Үүнээс гадна Их Британид Европын Холбооноос гарах санал хураалтыг дахин явуулахыг хүссэн гурван сая иргэний гарын үсэг цуглараад байгаа аж. Өргөдөл гаргагчид “Санал хураалтад оролцох эрхтэй иргэдийн 75-иас доош хувь оролцсон болон аль нэг тал 60 хувиас доош саналаар ялсан тохиолдолд дахин санал хураалт хийх" журам баримтлахыг хүсэж байгаа юм. Ерөнхийдөө шинжээчид BREXIT-ээс хамгийн их хожсон улс бол БНХАУ гэж дүгнэж байна. Тухайлбал Европын Холбооны нэгдмэл байдал алдагдсанаар БНХАУ-д зах зээлээ нээх шахалт үзүүлэх чадвар нь буурч, БНХАУ-ын өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүнээс зах зээлээ хамгаалахад хүндрэл учрах юм.



САНАЛ БОЛГОХ