Шинжлэх ухаанч бизнесүүд бодит дэмжлэгийн эрэлд гарчээ

Мэдээ


Амжилттай бизнесийн тулгуур багана нь шинжлэх ухаан

Эрдэмтдийн олон жил зарцуулсан судалгааны дүнд бүтсэн, байгалийн цэвэр түүхий эдээр хийсэн инновацийн бүтээгдэхүүнүүд ХААИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төвийн “дэлгүүр”-т өрөөстэй байна. Сонирхсон нэгэнд шилдэг бүтээлүүдээ танилцуулдаг энэ өрөөний ханаар төрөл бүрийн бордоо, малын эм бэлдмэл, улаанбуудайн шинэ сортуудыг зайгүй өржээ. ХААИС-ийн багш, судлаачид 300- 400 орчим инновацийн бүтээлд зохиогчийн эрх авсан байдаг. Энэ төвийн харьяа 26 гарааны компани байдгаас зарим нь дөнгөж бүтээгдэхүүнээ хийж эхэлж буй бол том үйлдвэрийн хэмжээнд хүрсэн нь ч бас бий. 2015 онд 13, 2016 онд 18 гарааны компани боловсрол, шинжлэх ухааны байгууллагын дэргэд бий болсон бол энэ сард 11 компани шинээр бүртгүүлжээ. Их, дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг түшиглэн боссон гарааны компаниудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгааг тус сургуулийн Инноваци, бизнес хөгжлийн төвийн захирал Б.Мөнхбат өгүүлэв.

БИЗНЕСИЙН ГАРАА, АНХНЫ БОРЛУУЛАЛТ

ХААИС-ийн дэргэдэх “Гарааны агро энержи” компани ямар ч төрлийн үрийг бордоо болон бусад эрдсээр бүрэх боломжтой төхөөрөмж бүтээжээ. Энэ нь том, жижиг хоёр тогоотой бөгөөд үрийн хэмжээ, бордох бодисоос шалтгаалан тохируулдаг. Том тогоо нь нэг удаад 10 кг үр бүрнэ. Үүнд үрийн том, жижгээс шалтгаалж 10-30 минут зарцуулдаг байна. Ингэснээр үрийг чийгээ алдахаас хамгаалахаас гадна бордоо болон үрийг хэмнэдэг давуу талтай. Үр бүрт бордоо ногддог учраас тун сайн ургадаг гэсэн үг. Таван сая төгрөгийн өртөгтэй уг төхөөрөмжийг уул уурхайн “Монполимент” компани нөхөн сэргээлтэд ашиглахаар анхны захиалгыг өгчээ.

Мөн малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх автомат худгаа тус компанийн захирал, ХААИС- ийн Инженер, технологийн сургуулийн багш Д.Баатархүү танилцуулав. Энэ нь автоматжуулсан нарны эрчим хүчээр ажилладаг усалгааны төхөөрөмж юм. Худгийн орчинд мал ирмэгц хөдөлгөөн мэдрэгч нь ажилладаг. Малыг дүрсээр нь ялгаж таньснаар ховоог усаар дүүргэдэг байна. Түүнчлэн ховооны ус багасах, ихсэхийг мэдэрдэг учраас ус татах хэмжээг нь тухай бүрт автоматаар зохицуулдаг аж. Харин өвлийн улиралд мал уугаад үлдсэн ус хөлддөг тул гар удирдлагад шилжүүлэх боломжтойгоор хийжээ. Уг автомат худаг 1.5 сая төгрөгийн өртөгтэй. Харин хамгаалалтын хашаа, суурилуулах зардал, эрчим хүчний үүсгүүр, зай зэргийг нэмбэл худгийн гүнээс хамаарч таван сая орчим төгрөг болдог байна. “Энэ төхөөрөмж малчдыг тав тухтай амьдарч, мал услах цаг хугацааг өөр зүйлд зарцуулах боломж олгоно. Одоогоор эхний захиалга зөвхөн яриа төдий байгаа ч малчдад хэрэгтэй төхөөрөмж тул удахгүй ажил хэрэг болох байх” гэж Д.Баатархүү өгүүллээ. Дөрвөн жилийн өмнө их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын дэргэд гарааны компаниуд байгуулах шийдвэр гарсан. Үүний дагуу байгуулагдсан отгон компанийн нэг нь ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш нарын дээрх компани болж байна.

АШИГ ӨГСӨН ШИЛДЭГ САНААНУУД

Мал эмнэлгийн салбарын хүнд ачааг хөнгөвчлөх инноваци шингэсэн 10 гаруй төсөл эрдэмтний ширээн дээр санхүүжилт хүлээн өрөөстэй байна. ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх “Гарааны рецептор” компанийн 30 ам метр талбайтай жижиг лабораторид дөрвөн төрлийн бүтээгдэхүүн “бойжиж”, үйлдвэрлэлд нэвтэрчээ. Өнгөрсөн жил гэхэд харшил, амьсгалын замын өвчнийг анагаадаг царцааны бэлдмэлээ 38 мянган ширхгийг борлуулсан байна. Өмнө нь өдөрт 50 бэлдмэл үйлдвэрлэдэг байсан бол өдгөө хоёр дахин олныг хийдэг болжээ. Уг бэлдмэлийг хийхдээ орон нутгийн иргэдтэй гэрээ хийж, түүхий эдээ авдаг. Нэг кг хатаасан царцааг 50 мянган төгрөгөөр худалдан авдаг бөгөөд түүнээс 5000 ширхэг бүтээгдэхүүн гардаг аж. Үүнд ямар ч химийн бодис ороогүй, байгалийн гаралтай орцтой гэдгийг “Гарааны рецептор” компанийн захирал, шинжлэх ухааны доктор Я.Ганболд тайлбарлалаа. Тус лабораторийн хөргөгчинд бэлэн болсон бүтээгдэхүүний дээжээс гадна судалгаанд ашиглаж буй цөөнгүй түүхий эд харагдлаа.

• “Гарааны рецептор” компани өнгөрсөн жил 100 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.

• Инновацийн тухай хуульд орох гэж буй өөрчлөлтүүдийг хоног тоолон хүлээж байна гэв.

• Гарааны компаниудын шалгуурыг улам чангалах хэрэгтэй.

Тухайлбал, харшил үүсгэдэг луулиар эм хийхээр хатааж бэлдсэн байна. Хаа саагүй ургадаг энэ шарилжид үрэвсэл дардаг бодис байдгийг тогтоож, дараагийн инноваци шингэсэн бүтээгдэхүүнээ хийхээр бэлдэж буй нь энэ аж. Харин Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэргэдэх “Гарааны ШУТИС хүнс” компани аль хэдийнэ өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй болж, гурван жилийн хугацаанд бүрэн бойжжээ. 10 орчим жилийн судалгаанд үндэслэсэн найман төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүхэл үрийн, хөх тариа, буудайн хоёрдугаар гурилаар эмчилгээ сувилгааны зориулалттай талх, нарийн боов хийдэг. Сард 6000 гаруй нарийн боов, 4-5 мянган талх борлуулдаг ч заримдаа захиалгаа гүйцэхгүй байх тохиолдол гардгийг тус компанийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэцгээ хэлж байлаа. “Мах импекс” компанийн төсөлд шалгарснаар тус компанийн байранд үйлдвэрлэлээ эрхэлдэг болжээ. Бизнес, инновацийн бүтээлийг хослуулан амжилттай яваа бас нэг жишээ бол ХААИС-ын дэргэдэх “Гарааны монгол экологийн бордоо” юм. 2013 онд Агро, экологийн сургуулийн багш нар малын бууцны биологийн идэвхт бодисуудыг үлдээж, ургамлын үртэй хамт боловсруулж экологийн цэвэр бордоо гарган авчээ. Эдний гурван төрлийн эрдсийн, хоёр төрлийн органик бордоог хэрэглэснээр ургац 30 хувиар нэмэгддэг гэдгийг туршилтаар нотолжээ.

Анх жижиг цехээс гараагаа эхэлсэн тус компани өдгөө Төв аймгийн Баянчандмань суманд жилд 30-50 мянган тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэй болж. Манай орны бордооны жилийн хэрэгцээ 150-170 тонн байдаг бол уг үйлдвэр энэ зах зээлийн 30 хувийг дангаараа хангах боломжтой юм. Өнгөрсөн хугацаанд олсон ашгаараа 800 сая төгрөгийн лаборатори барьжээ. “Ямар ч үйлдвэрлэл судалгаагүй явна гэж байхгүй. Шинжлэх ухаан, бизнес хоёр нийлж байж инновацийн бүтээгдэхүүн бий болдог. Манай бордоог тариаланчид хавар 30 хувийн урьдчилгаа төлөөд, үлдсэнийг нь намар төлөн авах боломжтой. Мөн Төв аймгийн тариаланчдад 50 хувийн хямдралтай өгдөг. Цаашид үйлдвэрлэлийнхээ хэмжээ, борлуулалтыг нэмж, үнээ улам хямдруулахыг зорьж байгаа. 2020 онд Сэлэнгэ, Булганы тариалангийн бүсэд салбаруудаа нээхээр төлөвлөсөн” гэж тус компанийн захирал Ч.Батбаяр хэлэв.

ОЛОН СОРИЛТЫН ДУНД

Их, дээд сургуулийн дэргэдэх гарааны компаниуд аж ахуйн тооцоотой буюу өөрсдийн орлогоор санхүүждэг. Тэдний хувьд хамгийн том сорилт нь борлуулалт гэдгийг компанийн төлөөллүүд хэлж байлаа. Хэчнээн сайхан санаа, хэрэгцээтэй бүтээгдэхүүн байлаа ч түүнийг сурталчилж, борлуулж чадахгүй бол шүүгээнд тоосонд дарагдан хэвтэх хувь заяа хүлээж байдаг. Тиймээс өмнө нь хэний ч сэтгэж байгаагүй шинэ санаанаас бүтсэн инновацийн бүтээлийг амилуулахад эхний санхүүжилт амь тариа нь болж байдаг. Дээр дурдсан “Гарааны монгол экологийн бордоо” компанийн хувьд 2013 онд анх онд Өндөр технологи, инновацийн газраас 90 мянган ам.долларын санхүүжилт авч байжээ.

Багш захиралтай компаниудын хамгийн том сорилт нь борлуулалт
Харин үүн шиг санхүүжилт авч чадаагүй компаниудын бизнес цаасан дээрх төлөвлөгөө хэвээр байгаа юм. Уг нь Инновацийн тухай хуулийн анхны төсөлд шинжлэх ухааны байгууллагын дэргэдэх гарааны компаниудыг Инновацийн сангаас дэмжинэ гэж байсан ч хууль батлахдаа үүнийг хассан. Тиймээс эхний санхүүжилтийн асуудал зохицуулалт, дэмжлэггүй үлдсэн юм. “Гарааны агро энержи” компанийн захирал Д.Баатархүү “Их, дээд сургуулийн харьяа гарааны компанийн захирлуудын ихэнх нь багш нар. Багш нар бүтээгдэхүүний чанарт анхаарлаа хандуулна уу гэхээс борлуулалт, сурталчилгааны тал дээр мэдлэг байдаггүй. Тийм ажил хийгээд явах цаг зав ч гардаггүй. Тиймээс маркетингийн тал дээр дэмжлэг үзүүлэх нэг байгууллага хэрэгтэй гэж боддог” гэв. Харин энэ асуудлыг шийдэж чадсан компани бол “Гарааны монгол экологийн бордоо”. Эднийх ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш нартай хамтарч маркетингаа хийдэг аж.

Гарааны компаниудын хувьд Инновацийн тухай хуульд орох гэж буй өөрчлөлтүүдийг хоног тоолон хүлээж буй. Тухайлбал, Инновацийн сантай болох, зарим төрлийн татвараас чөлөөлөх зэрэг заалт нэмэхээр ярьж байгаа аж. Мөн гарааны компани гэж ямар байгууллагыг хэлэх вэ гэсэн шалгуурыг улам чанга болгох шаардлагатай гэж зарим нь үзэж байна. Гэхдээ ийм бизнесүүдийг Засгийн газар ор тас мартаж орхиогүй. Нэмүү өртгийн албан татвар болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлдөг аж. Тухайлбал, ХААИС-ийн харьяа “Гарааны рецептор” компани өнгөрсөн жил 100 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Нэг үеэ бодвол их, дээд сургуулийн дэргэдэх инновацид суурилсан бизнесүүд хөлөө олж эхэлжээ. Харин яавал нарийн зохицуулалттай, бодит дэмжлэгтэй болох вэ гэсэн бодлогын эрэлд бүгд гараад байна.



САНАЛ БОЛГОХ