Төлөвлөгөө боловсруулж суусаар дөрвөн жилээ өнгөрөөх нь

Мэдээ


Төсөв нь ч шийдэгдээгүй энэ ажил хэзээ гараанаас гарч, хэзээ эцсээ үзэх юм бол

Монгол Улсын хүн амын бараг тал хувь буюу 1.4 сая гаруй нь Улаанбаатар хотод амьдардаг. Хүн амын шилжилт хөдөлгөөний хэт өсөлтийг дагаад гэр хороололд амьдрах иргэдийн тоо 2010 оноос хойш эрчимтэй нэмэгдсээр хотын хүн амын суурьшлын нутаг дэвсгэрийн 61.2 хувийг гэр хороолол эзлэх болжээ. Зөвхөн 2016 онд гэхэд орон нутгаас 25196 хүн нийслэлд шилжиж ирсэн баримт статистикийн мэдээллийн нэгдсэн санд тэмдэглэгдсэн байна. Эдгээр иргэд хотод ирээд шууд орон сууцанд амьдарч байна уу гэвэл үгүй. Эсрэгээрээ гэр хорооллын өрхийн тоо нэмэгдсээр. Уг нь гэр хорооллыг хөгжүүлэх, дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах, утаагүй болгох төсөл хөтөлбөр 2008 оноос эхэлсэн байдаг. Тухайн үед хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу долдугаар хорооллоос дахин төлөвлөлтийг эхлүүлж, багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэсэн. Улмаар газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай 300 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан юм. Ингээд цааш бүх дүүрэгт барихаар шийдвэрлэсэн ч үр дүнд хүрээгүй.

Мөн нийслэлийн удирдлагууд 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж тооцоолж, шийдвэр гаргасан ч 2000 баригдсан. Тухайн үед зураг төсөлд ороод байсан амины орон сууцны хороолол ч энэ хугацаанд огт баригдаагүй. Газраа чөлөөлсөн иргэдээс ердөө 615 нь түрээсийн сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 400 иргэн хөсөр хаягдсан байдалтай сууна. Энэ хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан гээд бод доо. Энэ мэт хэдхэн жишээ дурдахад л гэр хорооллыг хөгжүүлэх биш, эрх мэдэлтнүүдийн халаасыг түнтийлгэх бизнес гэж дүгнэж болохоор. Уг нь хотын төвд буглаад буй энэ их гэр хорооллыг амьдралын нөхцөл бололцоогоор нь хангаад хотоос гаргаж, баруун, зүүн тийшээгээ нүүлгэн шилжүүлбэл хэн хэндээ хэрэгтэй. Гаднын орнуудын хөгжлийн гарцаас харахад томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хотоос гаргаж, улам өргөжүүлэн, иргэдэд ажлын байр бий болгохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэх боломж олгосон байдаг юм. Улаанбаатар хотод үүнийг хэрэгжүүлэх боломж ч бий. Хотоос гараад хэдхэн километр явахад эзэнгүй газар хаа сайгүй тааралдана. Барилга байшин барьж, хотоо тэлэх зураглал хэрэгжих боломжтой нь эндээс харагддаг. Гэтэл шийдвэр гаргагчид улиг болсон мөрөөдлийн төлөвлөгөө ярьсаар он жилүүдийг өнгөрөөв.

Энэ янзаараа бол төлөвлөгөөнийхөө араас өндийж чадахгүй байсаар сонгуульт дөрвөн жилээ өнгөрөөж мэднэ. Энэ жилийн тухайд БНХАУ- ын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дэд бүтцийг бүрэн шийдвэрлэнэ гэж Засгийн газар шийдвэрлээд буй. Тодруулбал, гэр хорооллыг гурван бүсэд хуваан төвийн шугам сүлжээнд холбож, орон сууцжуулахаар төлөвлөжээ. Төвийн бүсэд хотын төвтэй ойрхон газрууд, дундын бүсэд утааны 60 орчим хувийг гаргадаг, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй алслагдсан гэр хороолол хамрагдана. Энд бие даасан дэд бүтцийн 50 төв байгуулах бөгөөд халаалт, дулаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол гээд бүгдийг нь шийдвэрлэхээр төлөвлөжээ. Харин захын хэсгийн гэр хорооллыг технологийн бүс гэж нэрийдэн алслагдсан уулын оройд байдаг айл өрхүүдийг багтаажээ.

Хотын төвөөс алслагдсан хэсгийг амины орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ
Энэ бүсийг нар, салхи гэх зэрэг сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаанаар хангаж, цэвэр, бохир, халуун хүйтэн усыг шийдвэрлэх бололтой юм. Бүх айл өрхийг төвийн эрчим хүчний сүлжээнд холбох ажил ирэх хавар эхлээд намар гэхэд дуусчих юм байх. Сэрчихгүй бол сайхан зүүд гэдэг шиг бүтдэг бол сайхан л төлөвлөгөө байгаа биз. Эрхэм дарга нарын дэвшүүлсэн ээлжит төлөвлөгөөний талаар нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Ч.Батбилэгээс тодруулахад “Өнгөрсөн онд гэр хорооллыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг гаргасан. Эхний ээлжид 192 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар ТЭЗҮ батлагдчихсан, зураг төслийн ажил хийгдэж байна. Хавар дөрөвдүгээр сар гэхэд барилгын ажил эхлээд аравдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Эхлээд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооноос эхлэхээр төлөвлөсөн.

Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудал хараахан шийдэгдээгүй байна. Үндсэндээ гэр хорооллыг яндангүй болгох л зорилт тавьсан” гэв. Мөн иргэдийн дунд хийсэн судалгаагаар айл өрхүүд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэнээс биш хоёр, гурван өрөө байраар солих хүсэлтэй хүн цөөхөн байсан гэдгийг нэмж хэлэв. Түүний хэлснээс үзвэл хотын өнөөгийн удирдлагууд гэр хорооллын бүсийг орон сууцжуулах ажилд тун хойрго хандах бололтой. Иргэд өөрсдөө үүнийг хүссэн гэдгээр ам таглах нь. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад хүн бүр л гэр хорооллыг орон сууцжуулах тухай ярьдаг ч ажил гардан хариуцаж байгаа дунд шатны албан тушаалтны тайлбар ийм байна. Яахав, төлөвлөсөн бүхнээ хугацаанд нь хэрэгжүүлчихвэл сайн л байна. Гэхдээ төсөв мөнгө нь ч шийдэгдээгүй байгаа ажил хэзээ гараанаас гарч, хэзээ эцсээ үзэх юм бол. Энэ янзаараа бол ирэх намар гэхэд дарга нар дахиад л элдэв зовлон тоочиж, утаа, түгжрэл нь бахь байдгаараа үлдэх вий.


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ц.Тулга: Дагуул хотуудыг хөгжүүлж, иргэд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Гэр хорооллыг хөгжүүлэх төлөвлөгөө гэж байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байна гэж шүүмжилдэг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг 2006 онд боловсруулж, НИТХ-аар батлуусан байдаг. Энэ төлөвлөгөөнд нийслэлийн гэр хорооллыг төв, дунд, зах гэж гурван хэсэгт хуваасан. Төвийн хэсэг нь хотын төвтэй залгаа оршиж буй гэр хороолол юм. Энэ хэсгийг дахин төлөвлөлтөөр орон сууцны хороолол болгож хөгжүүлэхээр төлөвлөсөн. Харин төвөөс алслагдсан хэсгийг амины тохилог орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Захын хэсэгт уулын энгэрт буусан болон газрын норм, стандарт хангахгүй байгаа гэр хороолол багтсан. Эдгээр гэр хорооллыг цаашид төвийн хэсгийн гэр хороолол барилгажаад ирэхээр ногоон бүс болгон гэр хороололгүй болгоно гэж төлөвлөсөн байдаг. 2030 оны чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоож өгсөн. Улаанбаатар хот 15 дагуул хот, тосгодтой байхаар энэ баримт бичигт тусгагдсан. Одоогоор есийнх нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан бол гурав нь хийгдэж байна. Хэрэв ерөнхий төлөвлөгөө бэлэн болвол үүний дагуу суурьшлын бүс бий болгож, төвлөрлийг сааруулах юм.

-Гэр хорооллыг орон сууцжуулах, хотын төв хэсгийн гэр хорооллыг зах руу гаргах тал дээр ямар нэг ажил хийгдэж байгаа юу?
-Одоо суурьшсан байгаа иргэдийг хотын төвөөс шууд гаргаж болохгүй л дээ. Яагаад гэвэл газар, байшин нь тухайн хүний өмч. Харин түрүүн хэлсэнчлэн дагуул хотуудыг хөгжүүлж, тэнд ажлын байр бий болгож, иргэд очиж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний дараа иргэд шилжин суурьших процесс явагдах байх. Улаанбаатар өөрөө нэг төвт хот. Харин одоо найман дэд төв шинээр байгуулж, төвлөрлийг сааруулах ажил төлөвлөлтийн хүрээнд хийгдэх юм.

-Эдгээр ажлыг хийхэд хэчнээн төгрөг шаардлагатай вэ. Санхүүжилтийг ямар эх үүсвэрээс шийдэхээр төлөвлөж байгаа бол?
-Хот байгуулна гэдэг асар том ажил. Яг хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ гэдгийг эдийн засгийн нарийн тооцоон дээр үндэслэн гаргаж ирнэ. Одоогоор ийм тооцоо алга. -Энэ жил дахин төлөвлөлтөөр хэдэн айлын орон сууц баригдах вэ? -Зарим байршил дээр эхний ээлжийн барилга ашиглалтад орсон. Харин энэ жил яг хэдэн айлын орон сууц ашиглалтад орно гэдгийг одоо шууд хэлэх боломж алга. Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компаниуд бий. Гэвч иргэдтэйгээ зөвшилцөж, газар чөлөөлөх ажил удаашралтай байгаа.

-Гэр хорооллыг цахилгаанд холбох ажилд 192 тэрбум төгрөг зарцуулна гэлээ. Энэ үнэхээр зайлшгүй хийх ёстой ажил уу?
-Энэ бол огт цахилгаангүй айлуудыг тогтой болгоно гэсэн ойлголт биш. Цахилгаан хангамж нь байгаа хэрнээ хүчдэлийн уналттай хэсэгт нэмэлт шугам бий болгосноор тэр айлуудыг найдвартай цахилгаанаар хангах юм. Түүнээс суурьшлын хязгаарын гадна байгаа айлуудыг цахилгаанаар хангахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.


САНАЛ БОЛГОХ