5887
Шинэчлэл иргэдийг бухимдуулж байна
Мэдээ
Гадаад паспортны үнэ болон доторх мэдээлэлд өөрчлөлт ороогүй
Иргэд бүтэн өдрийн турш ОӨУБЕГ-ын үүд сахиж, урт дараалалд хамаг цагаа барах болов. Өглөө эрт цахим дугаар авахгүй л бол өдөр дарааллын хязгаар 600 гараад явчих тул онгойхоос нь өмнө ирж, хаалга манан зогсохоос өөр аргагүй. Банкинд зохих төлбөрөө хийж, бичиг баримтаа бүрдүүлсэн атал өглөөнөөс үд болтол дугаарлахад хүргэсэн ийм нэг утгагүй шийдвэр хэрэгжиж эхлээд хэд хоножээ. Энгийн үед ч иргэдийн хөл тасардаггүй уг газарт он гарснаас хойш гадаад паспортын сунгалт хийхгүй болсноор ачаалал эрс нэмэгдэж, иргэдийн хөлд дарагдаж байгаа нь энэ. Бид даваа гарагт олны хөлд дарагдсан тус газрыг зорьж, нөхцөл байдлыг сурвалжилсан юм. Үүдээр ормогц банкинд мөнгө тушаасан баримт, паспортын хамт барьсан хүмүүс нааш цааш холхиж, арай ядан зөрөлдөж байв. Хаалганы өөдөөс харсан шатаар хоёр давхарт гартал бүгчим агаар, хөлсний үнэр хамар цоргиж, дугаараа хүлээн удаан зогссоноос ядарч, халууцсан хүмүүс энд тэндгүй харагдана.
Бүгчим халуунд духных нь хөлс бурзайж, малгайгаа хойш тохсон 40 орчим насны Д.Баясгалан гэх эмэгтэй тун ч бухимдангуй харагдана. Тэрбээр паспорт авахын тулд өнгөрсөн баасан гарагаас хойш дугаарлажээ. Өнөөдөр л бичиг баримтаа өгч, үдээс хойш паспортоо авахаар болсон гэнэ. Материал дутуу гэх шалтгаанаар хоёроос дээш удаа эргэн ирж буй хүн тэнд олон байв. Гадаад паспортоо авахаар ээлжээ хүлээн зогсож буй хүмүүс маш их бухимдалтай байгаа нь хэнд ч илэрхий. ОӨУБЕГ-ын Гадаад паспортын хэлтэст он гарснаас хойш өдөрт 800 орчим хүн хандаж байгаагаас 300 нь паспортын хугацаа нь дууссан учраас шинээр авч байгаа иргэд. Уг нь гадаад паспортын сунгалтыг харьяа дүүрэг дээрээ очоод хийлгүүлж болдог байв. Харин шинэ журам гарснаас хойш иргэд тус газрыг зүглэхээс аргагүйд хүрч, үүний улмаас ачаалал хэд дахин нэмэгдээд байгаа юм. Энэ талаар ОӨУБЕГ-ын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Дашнямаас тодруулахад “Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас 2004 онд гишүүн орнууддаа машинаар уншигддаггүй аяллын бичиг баримтыг эргэлтэд гаргах тухай тунхаг бичиг гаргасан байдаг. Манай улс энэхүү байгууллагын гишүүн орон. Тиймээс Засгийн газраас 2010 оны 289 дүгээр тогтоолоор Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт гадаадад зорчих бичиг баримттай холбоотой хоёр заалт орсон байдаг. Үүнд гадаад паспортыг иргэдэд олгохдоо олон улсын стандартыг мөрдөнө гэж заасан. Улмаар өнгөрсөн онд Засгийн газраас үүнтэй холбоотой тогтоол гарснаар энэ онд гадаад паспортын сунгалтыг зогсоогоод байна. Өнөөдөр 110 гаруй улс 9303 стандарт мөрддөг. Үүнээс Монгол Улс ганцаараа сунгалттай паспорт ашиглаж байсан.
Ингээд олон улсын холбооны гишүүн орны хувьд тэдний шаардлагын дагуу Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандартыг баримтлах зайлшгүй шаардлагатай болсон. Иймээс энэ сарын 2-ноос сунгалт хийхийг зогсоож, олон улсын жишгийн дагуу шинээр олгохоор шийдвэрлэсэн. Түүнээс биш үнэ болон паспортын хувьд өөрчлөлт ороогүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Харин ачааллыг багасгахын тулд төв дээр зөвхөн яаралтайгаар паспорт авах хүмүүст үйлчилж, энгийнээр шинэ паспорт авч буй иргэд үйлчилгээний нэгдсэн цэгүүдэд үйлчлүүлэх боломж олгосон.
Гэвч иргэд үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандалгүй төв байранд ирснээр ачаалал нэмэгдэхэд хүргэж байна” гэв. Мөн тэрбээр гадаад паспортыг олон улсын стандартад нийцүүлснээр гаднын улс оронд зорчиход иргэдэд ямар нэг хүндрэл үүсэхгүй гэдгийг дуулгасан юм. Тэгэхээр үндсэндээ гадаад паспортын хилээр гарахад уншигддаг хэсэгт тухайн хүний нэр, регистрийн дугаар, хүйс, паспортын дугаар, хүчинтэй хугацаа бичигдсэнээр нэмж сунгалт хийх шаардлагагүй болгож байгаа аж. Албаны хүмүүсийн хэлж буйгаар энгийн гадаад паспорт таван жилээр захиалбал 32500 төгрөг бол яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэх журам хэвээр мөрдөгдөж байна. Тэгэхээр иргэд энгийн паспорт авах гэж байгаа бол Драгон, Дүнжингарав, Мишээл болон зургаан буудлын “Оргил” худалдааны төв зэрэг ачаалал багатай нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой аж.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй