Өгөөжөө өгөхөд ойртож буй төслүүд
Мэдээ
Хүлээлт үүсгэсэн төслүүдэд дэд бүтцийн сул хөгжил тээг болж байна
Ирээдүйтэй хайгуулын төслүүдийг Ашигт малтмал, газрын тосны газраас танилцууллаа. Уг жагсаалтад нийт 13 төсөл багтжээ. Үүний гуравны нэгийг алтны үндсэн орд эзэлж байна. Үүний дараагаар вольфрам-молибден, зэс, газрын ховор элемент, лити, ураны төсөл бичигджээ. Эдгээр ордын нэг нь Хөх дэлийн литийн орд. Alkali Metal Mongolia компани тус ордын нөөц нь тогтоогдсон хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ. Хэдий тийм боловч одоогоор олборлолтын үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах эл ордын тогтоосон эрдэс баялгийг 644.3 сая тонн хүдэр буюу 0.153 хувийн дундаж агуулгатай 992.2 мянган тонн литийн металлаар үнэлжээ. Дэд бүтэц харьцангуй сул бүс нутагт байрлах Хөх дэлийн ордоос гарах лити нь өнөө цагийн бидний хэрэглээ болсон ухаалаг гар утас болон электрон багажны зай хураагуурын үндсэн түүхий эд.
Лити нь металлууд дундаас хамгийн хөнгөн төдийгүй энерги хуримтлуулах чадвараараа бусад металлаас хамгийн сайндаа ордог. Уг ордтой нэр ойролцоо хүнд газрын ховор элементийн хүдэржилтийн төсөл Увс аймгийн Завхан суманд хэрэгжиж байна. Улаан дэлийн циркон, хүнд газрын ховор элемент агуулсан энэхүү ордын эзэмшигч нь Монголын үндэсний геологийн зөвлөх компани Geo-Info. Тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажил гүйцэтгэж, гарсан үр дүнгээр нөөцийн тайлан хийгдэж байгааг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлсэн юм.
ЗӨӨВЧ ОВОО
Ирээдүйтэй төслийн эгнээнд жагссан ээлжит орд бол Зөөвч овоогийн ураны төсөл. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах тус ордыг Areva Mongol компани эзэмшдэг. Олборлолтын үйл ажиллагаа явуулж эхлээгүй Зөөвч овоогийн ордод хөрөнгө оруулалт хийхээр зорьсон тус компанийн үйл ажиллагаа орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарч, төслийн явц нь ихэд удааширсан.
ХАРМАГТАЙ
Харин хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж байгаа төсөл бол Хармагтайн зэс, алтны орд. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани эл ордод хийсэн өрөмдлөгийн үр дүнгээ оны өмнө задалж, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг хэдийнэ татаж эхэлсэн Хармагтай одоогоор ирээдүйтэй хайгуулын төслүүдийг түүчээлсээр. Төв болон зүүн, говийн бүсэд дээр дурдсан 13 төслийн дийлэнх нь байршжээ. Харин геологи, хайгуулын судалгаа хамгийн бага хийгдсэн Увс болон Говь-Алтай аймгаас тус бүр нэг орд үүнд багтсан байна.
• Ирээдүйтэй хайгуулын төслүүдийг Ашигт малтмал, газрын тосны газраас танилцууллаа. Уг жагсаалтад нийт 13 төсөл багтсан.
• Алтны дараа вольфрам- молибден, зэс, газрын ховор элемент, лити, ураны төсөл бичигджээ. Эдгээр ордын нэг нь Хөх дэлийн литийн орд.
• Төв болон зүүн, говийн бүсэд дээр дурдсан 13 төслийн дийлэнх нь байршжээ.
МАНДАЛ
Аялал жуулчлалын тулгуур төв гэгддэг Хөвсгөл аймагт буй Мандалын молибден, вольфрамын ордод Mongolian Resource Corporation тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа юм. Олборлолтын үйл ажиллагаа эхлээгүй ч уг орд найдлага төрүүлсэн төслүүдийн тоонд байжээ.
ХҮРЭЛ ҮНЭГ
Ирээдүйтэй төслийг өнгөлж яваа дараагийн орд бол “Хүрэл үнэг” зэсийн төсөл. Уг орд нь Монголын өмнөд хэсэгт илрээд байгаа зэсийн төслүүдийн нэг. Одоогоор нээгдээд байгаа Оюутолгой, Цагаансуваргын ордтой геологийн тогтоцын хувьд нэг байршилд бий. 2004-2009 оны хооронд Ivenhoe Mines Mongolia компани уг төсөл дээр хайгуулын ажил хийж гүйцэтгэсэн байдаг. Үүний дараа буюу 2012 онд Kincora Copper компани уг төслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч эрэл, хайгуулын багагүй ажлыг хийж гүйцэтгэжээ. Хайгуулын ажлаар 0.5-1.5 хувийн зэсийн агууламжтай зэсийн хүдрийн дээжийг илрүүлсэн байна. Мөн нэлээд хэмжээний алтны нөөц илрэх боломжтойг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан тайланд дурджээ. Одоогийн байдлаар 1200 метрийн гүнд өрөмдлөг хийхэд хөрсний тонн тутамд 1.5 грамм алт байгаа нь тогтоогджээ. Цаашид гүний өрөмдлөг хийвэл илүү агуулгатай байх магадлалтай аж. Урагшилж яваа төслүүдэд тулгарч байгаа гол бэрхшээл нь нийгмийн лиценз буюу орон нутгийн эсэргүүцэл болоод байна. Үүнийг шийдэж чадвал хөрөнгө оруулалт татах баталгаа нь ордуудын нөөц болж байгаа юм. Гэхдээ эдгээр төслийн дийлэнх нь дэд бүтэц сул хөгжсөн бүсүүдэд байршилтай. Энэ нь ээлжит нэгэн сорилт болж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй