Монголчууд хэдий хүртэл хүний нутаг руу дайжих вэ

Мэдээ


Монгол Улсын 22 дахь аймаг байгуулах хэмжээний хүн Солонгост хараар ажилладаг

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх БНСУ-д албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирж буй. Айлчлалын талаарх мэдээлэл ч хангалттай цацагдлаа. Тус улсад манай 46212 иргэн оршин суудаг. Энэ бол Монгол Улсын хамгийн цөөн хүн амтай Говьсүмбэр аймгаас гурав дахин, Дундговиос 2000-аар илүү хүн байна гэсэн үг. Өмнөд Солонгосыг зорих монголчуудын цуваа сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж, тус улс руу гарч болох бүхий л арга замыг эрэлхийлсээр байна. Тэндхийн нийт монголчуудын 27 хувь буюу 12476 иргэн визийн хугацаа хэтрүүлэн “хараар” оршин сууж буй тоон мэдээллийг Ерөнхий сайдын айлчлалын үеэр албаныхан өгсөн байна билээ. Энэ мэт албан ёсны мэдээллүүд бүхий л сувгаар цацагдсан тул дахин нурших нь илүүц. Харин тэнд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй хийсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн уулзалт анхаарал татлаа. Бас урам хугаллаа.

Монгол хүн эх орон, элгэн саднаасаа алсад цагаачлан гадаадад ажиллаж, амьдрах нь яавч бахархах үйл биш билээ. Тэр тусмаа төр, засгийн хийгээд эрх баригчдын хувьд бодлого шаардсан, сэтгэл зовинуулсан, нэн даруй шийдэх асуудал баймаар санагддаг. Гадаад руу гарсан энэ олон мянган хүний урсгалыг дотооддоо шингээх, эх орондоо хүний дайтай амьдрах боломжийг олгохын төлөө Монголын төр, Засгийн газар ямар бодлого боловсруулж, юуг санаачилж, ямар ажил хийж, арга хэмжээ авах талаар Ерөнхий сайд маань ганц ч үг унагасангүй. Монголын мянга мянган айлын өрхийн амьжиргаа, орон сууцны үнэ, оюутны төлбөрийн мөнгө тэндээс босдог. Хулгай луйвраар, эсвэл албан тушаалд очиж авлигад орооцолдохгүй л бол олж үл чадах орлогыг зөвхөн харьд хөдөлмөрлөж байж л шударгаар олдог. Гэхдээ харьд гарсан монгол хүн хамаг л хүнд хэцүү, бага хөлстэй, баргийн хүн хийж чадахааргүй тийм ажлуудыг хүнд нөхцөлд эрүүл мэнд, амь насаа золиослон байж хийж байгаа. Харийн нутагт амьдрагсдаа өмөөрөх төр засаг, тосоод авах эх орон байгаа шүү гэдгийг мэдрүүлэх шиг сайхан зүйл гэж юу байхав.

• Говьсүмбэр аймгаас гурав дахин, Дундговиос 2000-аар илүү монгол хүн Солонгост байна.

• Олз омог их олоорой, их мөнгө олоорой, ингээд хараар ажиллаад зүтгээд байгаарай гээд буцах нь Засгийн газрын тэргүүний хувьд хэр хариуцлагатай үг вэ.

• Монгол хүн гадагш гарч боолын хөдөлмөр эрхлэх бус Монгол эх орондоо эзэн хүний эрхэм жаргалд ажиллаж, амьдрах байлаа.

Тиймдээ ч Монголдоо очоод ажиллаж амьдрах ямар боломжийг төрийн бодлогоор бидэнд олгох бол гэдэгт л тэд чих тавин, Ерөнхий сайдын уулзалтад ирсэн байж таарна. Гэвч Ерөнхий сайд монголчуудтайгаа багахан хугацаанд уулзахдаа тэдэнд урам өгч, сэтгэл сэргээх ганц үг ч ган хийсэнгүй ээ! “Хүний нутагт юунд нь дурлах вэ. Гэтэл Монголд амьдрах орчин нөхцөл үнэхээр тааруу. Ажлын байр байхгүй, цалин хөлс нь бага. Танил талгүй л бол төрийн албанд орно гэдэг бүтэшгүй. Тийм болохоор өндөр настай аав ээждээ нялх хүүхдүүдээ орхиод нөхөртэйгээ хамт Солонгост ажиллаж байна” хэмээн нэгэн танил маань фэйсбүүктэй бичин, Ерөнхий сайдын уулзалтад оролцож буй зургаа дор нь оруулжээ. Бодвол энэ зовлонгоо Засгийн газрын тэргүүнд хэлэх гэж очоо байлгүй. Монгол иргэдтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгээс энд эшлэвэл “Эх орноо хөгжүүлчих юмсан гээд эрвийх дэрвийхээрээ л зүтгэж байна. Аль ч улс орон хүнд цаг үеийг туулсан байдаг. Солонгос, япон, америкчууд ч гэсэн ийм цаг үеийг туулсан. Түүнтэй адилхан монголчууд, тэр дундаа бидний үеийнхэн улс эх орноо хөгжүүлэх, эдийн засгийн хүндрэлтэй үеийг давж гарахын төлөө хүч хөдөлмөрөө зориулах цаг ирсэн байна.

Аргаа барсандаа амьдын хагацал үзэн иргэд тань хүний нутгийг зорьдог
Хүний газар нутагт гэр бүлээсээ хол, өдөр шөнөгүй зүтгэж олсон таван цаасаа эх орон руугаа илгээж байгаа хүмүүс бол та нар. Та нараар Монголын төр, Засгийн газар, ард түмэн, аав ээж чинь бахархаж байгаа шүү. Та нар бол хүний газар ажиллаж, эх орондоо хөрөнгө оруулалт хийж, гэр бүлээ, улсаа тэжээж байгаа хүмүүс. Тиймээс та нараар баярлаж, талархаж байна. Биеэ сайн бодоорой, болж өгвөл амарч байгаарай. Битгий сахилгагүйтэж гэмт хэрэгт холбогдоорой. Олз омог их олоорой, их мөнгө олоорой” гэсэн байна. Уг нь монголчууд “Эх орон чинь хөгжиж байна, нутагтаа ирцгээ, төр бодлогоор дэмжинэ” гэдэг үг л хүлээсэн байж таарна. Хүний нутагт ажиллаж, сурсан эзэмшсэн зүйлээрээ эх орондоо ажиллаж, тэнд авдаг шигээ цалин авахыг хүсэж байгаа. Гэтэл олз омог их олоорой, их мөнгө олоорой, ингээд хараар ажиллаад зүтгээд байгаарай гээд буцах нь Засгийн газрын тэргүүний хувьд хэр хариуцлагатай агаад зохимжтой үг вэ? Цаашид ч Солонгост байгаа монголчууд тэндээ ажиллаад бай гэсэн үг үү?

Хэрэв Монголын төрийн бодлого тогтвортой байж, Монголын улстөрчид, эрх баригчид амласнаа биелүүлдэг, төлөвлөснөө хийдэг байсан бол олон том төсөл хөтөлбөрүүд зогсонги байдал орохгүй байлаа. Монгол Улс аль эрт бар байтугай хөгжсөн улс болчих байлаа. Монгол хүн гадагш гарч боолын хөдөлмөр эрхлэх бус эх орондоо эзэн хүний эрхэм жаргалд ажиллаж, амьдрах байлаа шүү дээ. Эзэмшсэн мэргэжил, сурсан зүйлээрээ эх орондоо хөдөлмөрлөөд шударгаар үнэлүүлэх тогтолцоо, нөхцлийг бий болгосон бол зөвхөн ганц улсад бараг л Монгол Улсын 22 дахь аймаг байгуулах хэмжээний хүнээ хар ажил хийлгэхээр илгээхгүй байх байлаа. Ерөнхий сайд маань хүний газар, гүний нутагт боолын хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээрээ бахархаад, баярлаад, баясаад суухын оронд эх нутагтаа ажиллаж, элэг бүтэн амьдрах боломжийг нь олгох талаар бодит ажил хийх хэрэгтэй байна. Аргаа барсандаа амьдын хагацал үзэн иргэд тань хүний нутгийг зорьсоор буйг эрх баригчид маань хэзээ ойлгох юм бол оо! Тэд Ерөнхий сайдаасаа, Монголынхоо төр, засгаасаа лавтайяа ийм үг сонсохыг хүсээгүй биз ээ!




САНАЛ БОЛГОХ