Ж.Чинбүрэн: Нэг жилд 450 элэг тайрдаг эмнэлэг дэлхийд байхгүй

Мэдээ


Анагаах ухааны ололтын ачаар С вирусийг амархан эмчилдэг болсон

Хавдар судлалын үндэсний төвийн захирал доктор Ж.Чинбүрэн Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүн болсон мэдээ биднийг баярлуулсан. Түүнийг эх орондоо дөнгөж ирээд байхад нь уулзаж, ярилцлаа. Ж.Чинбүрэн эмч энэхүү ярилцлагад авсан шагналын утга учир, өөрийн удирдаж буй эмнэлгийн нөхцөл байдал болон хорт хавдрыг бууруулах гарцын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн юм.

-Юуны өмнө Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүн болсонд баяр хүргэе. Энэ шагналын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Гишүүнээр сонгогдоход ямар шалгууртай байдаг юм бол?
-Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүн гэдэг бол цол юм. Энэ нь мэс засалч хүний хувьд нэр хүндийн асуудал байдаг. Надад энэ шагналыг олгооч ээ гэж хүсэлт тавьдаггүй, Удирдах зөвлөл нь хуралдаад шийддэг. Тийм учраас энэ мэдээ надад их сайхан санагдсан. Докторын зэргийн өмнө бичигддэг цол шүү дээ.

Ерөнхийдөө мэс заслын хөгжилд хувь нэмрээ оруулсан, ялангуяа, Францын мэс заслын технологийг экспортолж чадсан уу гэдэг нь чухал юм байна гэж би ойлгосон. Надад бүх эрдэм мэдлэгээ өвлүүлж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн хүн бол Францын мэс засалчдын академийн ерөнхийлөгч байсан Мишель Жилетт гэж хүн бий. Энэ хүн анх 2004 онд Швейцарын мэс заслын багийн бүрэлдэхүүнд багтан Монголд ирэхэд нь танилцаж байлаа. Монголд ирээд хоёр хүнд элэг тайрах хагалгаа хийхэд ур чадварыг нь үнэхээр биширсэн. Элэг тайрах мэс заслыг урлаг юм шиг харуулж билээ. Жилетт профессор тэр үед “Би эхлээд чамд мэддэг, чаддаг бүхнээ заана. Дараа нь чи бусдадаа заагаарай” гэсэн үүрэг өгсөн юм. Энэ хүний ачаар Францын мэс заслын арга техникийг Монголдоо нэвтрүүлж байлаа.

Зөвхөн Монгол гэлтгүй гаднын бусад оронд Францын мэс заслын арга барилыг дэлгэрүүлсэн гэж үнэлээд энэ цолыг өгсөн юм болов уу. Жишээ нь, би Казахстанд байнга очиж сургалт, хагалгаа хийдэг юм. Академийн ерөнхийлөгч нь тэр үед “Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүн болсон нь хувь хүн талаасаа асар их нэр хүнд. Францын мэс засалчдын академи таныг дэлхийн мэс засалч гэж үнэлж байна. Хоёрдугаарт, танай хамт олныг бид үнэлж байна. Гуравт, Монгол орон бахархах ёстой. Монгол хэдийгээр өндөр хөгжилтэй биш, санхүүгийн хувьд хязгаарлагдмал ч мэс заслыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан” гэж хэлсэн. Тэгэхээр нийт монголчуудад өгсөн шагнал гэж ойлгож болно.

-ХСҮТ-ийн баг БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааны сүүлийн сургалтдаа хамрагдаад ирсэн. Энэ талаарх мэдээллийг бидэнд өгөөч?
-Бид элэг шилжүүлэн суулгах хагалгааг ХСҮТ дээр хийхээр олон жил зүтгэж байна. Элэгний хагалгаа хийдэг эмчийн хамгийн том ажил бол энэ мэс засал. Зорилгодоо хүрэхийн тулд маш олон сургалтад хамрагдлаа. Энэ зөвхөн Чинбүрэнгийн сургалт биш, бүхэл бүтэн баг оролцсон. Элэг солих хагалгаа хийхэд тухайн эмнэлэг тэр чигээрээ хүчээ дайчилж ажилладаг юм. Бид энэ хагалгааг хийхийн тулд давхардсан тоогоор 64 хүнийг гадаадын сургалтад хамруулсан. Дотооддоо бас 24 эмч нэгдүгээр эмнэлэг дээр хийж буй хагалгаанаас суралцсан. Одоо бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Зорьсон мэс заслаа хийх мөч улам ойртож байна.

• Элэг нь ажиллахаа больж, амьдралынхаа төгсгөлийн шатанд орсон хүнийг босгож ирэх гэж байгаа болохоор асар хэцүү, цогц хагалгаа байдаг.

• Эрт илрүүлчихвэл хорт хавдар үхэл биш гэдгийг ойлгуулахын тулд л бид ажиллаж байна.

• Санхүүгийн уян хатан тогтолцоо бий болчихвол эмнэлэг өөрөө ажилчдынхаа цалинг нэмэх боломж бүрдэнэ.

Сая Францад байхдаа элэг солих хагалгааныхаа тухай бодсоор байгаад л ирлээ. Нийгэмд асар их хүлээлт үүсгээд байгаа шүү дээ. Нэг сайхан мэдээ гэвэл Засгийн газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг санхүүгийн дарамтгүй хийх боломж бүрдүүлээд байна. 2018 онд л гэхэд ХСҮТ дээр таван хүнд элэг шилжүүлэн суулгаарай гээд төсвийг нь шийдээд өгчихсөн. Эрүүл мэндийн салбарын нэг том зорилт бол дэлхийн анагаахын ололтыг эх орондоо санхүүгийн дарамтгүй хүргэх. Энэ зорилтын нэг жишээ нь элэг шилжүүлэн суулгах мэс засал.

-Хагалгааны үндсэн өртөг нь хэд вэ?
-Цар хүрээнээсээ шалтгаалаад янз бүр. Ерөнхийдөө 4-10 цаг үргэлжилдэг хагалгаа. Энэ цаг хугацаа мөнгөөр хэмжигддэг юм. Зөвхөн нэг удаа хэрэглэдэг албюмин гэдэг дусал 20 мл нь 300 мянган төгрөгийн үнэтэй. Энэ дуслыг хэдэн литрээр нь хийнэ гээд бодохоор мөнгө нь талийж өгнө. Үндсэн зардал ойролцоогоор 100-105 сая төгрөг болно. Энэ хэмжээний мөнгийг төсөвт суулгаад, хагалгаа хийх гэж байгаа нь асар том дэвшил.

-Монголд элэгний В, С вирусээр өвчилсөн хүн олон. Харин С вирусийг ойрын үед ор мөргүй устгана гэж яриад байгаа. Энэ үнэхээр хэрэгжих боломжтой зорилт уу?
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр үндсэн гурван зорилготой. Эхнийх нь 40-65 настай хүмүүсийн В, С вирусийг илрүүлэн эмчилж байна. Анагаах ухааны ололтын ачаар С вирусийг амархан эмчилдэг болсон шүү дээ. Хоёр дахь асуудал нь, В, С вирустэй хүмүүс элэгний хавдраар өвчилсөн эсэхийг шалгах эрт илрүүлэг. Энэ бол хамгийн чухал хэсэг нь. Элэг өвчлөөд удахаараа хавдар болдог.

Хэрэв бага дээр нь илрүүлбэл хагалгаа хийхгүйгээр гаднаас нь зүү оруулаад л эмчилдэг. Ердөө 15 минутын ажил. Тэр хүн хавдраа авахуулчихаад маргааш нь ажлаа хийгээд явж болно. Тиймээс эрт үед нь илрүүлэх гээд байгаа юм. Энэ эмчилгээг бид 2008 онд Монголд нэвтрүүлсэн. Тухайн үед жилдээ 20-хон хүн олддог байлаа. Харин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, зөвхөн 2017 онд 600 гаруй хүнд хийгээд байна. Энэ олон хүн хавдраа жижиг дээр нь эмчлүүлсэн гэсэн үг. Элэгний хорт хавдрын шалтгааны 90 хувь нь В, С вирус байдаг. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд С вирусийг бүрэн устгах зорилго тавьсан.

Мөн В вирустэй иргэдийг хяналтад оруулж байна. Вирусийг нь үнэгүй оношилж, эмийг нь даатгалаас үнэгүй олгож байна. Энэ бол том алхам. Одоо иргэдийн үүрэг, оролцооноос бүх зүйл шалтгаална. Бид хавдрыг эрт илрүүлдэг болъё гэж зорьж байгаа ч үүнийг дангаараа хийж чадахгүй. Эрт илрүүлдэг бүхэл бүтэн систем ажиллах ёстой. Энэ систем ХСҮТ дээр биш, аймаг, дүүргийн эмнэлэгт ажиллах ёстой. Тэгж байж бүх эмнэлэг хүчин чадлаа сайжруулах юм. Миний яриад байгаа багийн ажиллагаа гэж энэ. Үүнийг хэрэгжүүлэхэд санхүүгийн тогтолцоо хамгийн чухал. Тэр хүн ирж үзүүлснээр тухайн эмнэлэг алдагдалд ордоггүй системийг бий болгох ёстой. Манай эмнэлэг сүүлийн 20 жилийн турш хожуу үеийн хавдар эмчиллээ. Нэг сайхан хагалгаа хийсэн ч жилийн дараа хавдар дахичихдаг нь маш харамсалтай. Бид энэ хагалгааг хийхийн тулд ямар их хүч, хөдөлмөр зарцуулж байгаа билээ. Тиймээс урьдчилан сэргийлэх ажил маш чухал.

-Аймаг, дүүргийн эмнэлгүүд хавдрыг илрүүлж оношлох тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж чадсан уу?
-Хавдрыг эрт илрүүлэх зарим систем бий болчихсон шүү дээ. Тухайлбал, Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх аппаратаар бүх аймаг, дүүргийг хангасан. Гэвч үүнийгээ гүйцэд ажиллуулахгүй юм. Зарим эмнэлэгт гялгар уутанд хучаастай л хэвтэж байгаа харагддаг. Тэгэхээр тухайн эмнэлгийн удирдлагын үүрэг, оролцоо чухал байгаа биз. Элэгний хорт хавдрыг илрүүлэх эхо бүх аймаг, дүүрэгт бий. Гэхдээ ачаалалтай ажилладаг учраас тусдаа эхо-ны аппарат байх шаардлагатай. Ходоод, улаан хоолойн хорт хавдар илрүүлэхэд дуран хэрэгтэй. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед 17 аймагт дурангийн аппарат суурилуулсан. Үүнийгээ л ажиллагаанд оруулмаар байгаа юм. Сүүлийн үед хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг болсон. Тиймээс ХСҮТ-д хандах иргэдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр ачааллаа дийлэхээ больж байна. Харин бидний бодлого бол төвлөрлийг сааруулах.

Нийт хавдрын 80 хувь нь хожуу үедээ илэрч байна
Өөрөөр хэлбэл, орон нутагтаа, дүүрэгтээ шинжилгээ хийлгэнэ гэсэн үг. Үүнийг хийхийн тулд эрт илрүүлгийн бүхэл бүтэн баг ажиллах ёстой. Хүмүүсээ сургаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах гээд хийх ажил их. Гэхдээ энэ бүгдийг хийхэд тэнгэрийн юм шиг их мөнгө хэрэггүй. Тоног төхөөрөмж нь айхтар үнэтэй биш шүү дээ. 2017 онд эрүүл мэндийн даатгалаас эрт илрүүлгэд 10.2 тэрбум төгрөг зарцуулсан. Ийм хэмжээний мөнгө зарцуулж байж бид өвчнийг эрт илрүүлнэ, хүнийг урт наслуулна. Энэ ажлыг системтэй болгохын тулд Засгийн газар, УИХ, ЭМЯ-ны дэмжлэг, оролцоо маш чухал. Ер нь элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдар нийт хавдрын 70 хувийг эзэлдэг. Тэгэхээр хянахад амархан байгаа биз. Эрт илрүүлчихвэл хорт хавдар үхэл биш гэдгийг ойлгуулахын тулд л бид ажиллаад байгаа юм. Харамсалтай нь, одоо нийт хавдрын 80 хувь нь хожуу үедээ илэрч байна. Тиймээс үр дүн гардаггүй. Хэрэв эсрэгээр 80 хувийг нь эрт илрүүлдэг болчихвол ямар сайхан болно гэж санана.

-Та түрүүн ачаалал нэмэгдсэн гэж ярилаа. Тодорхой статистик хэлж болох уу?
-ХСҮТ 2016 онд 2000 хагалгаа хийсэн бол 2017 онд 2300 болж нэмэгдсэн. Хавдрын хагалгаа цаг их ордог болохоор 300 гэдэг тоо маш их. Үүнээс гадна жилдээ 10 мянган хүн эмчлүүлээд гарч байна. Нэг хүн хэвтээд гарч буй дундаж хугацаа тавхан хоног. Мөн амбуларториор 100 мянган хүн үзүүлдэг. Зөвхөн манай эмнэлэг жилдээ 450 орчим хүнд элэг тайрах хагалгаа хийж байна. Нэг жилд ийм их элэг тайрдаг эмнэлэг дэлхийд байхгүй. Тиймээс би төвлөрлийг бууруулж, орон нутаг, дүүргийн эмнэлгийн хүчин чадлыг нэмж, хүний нөөцийг сайжруулах тухай яриад байгаа юм.

-Салбарын сайдын нэлээд сайн дэмжлэгээр ажил урагшлах юм байна гэж таны ярианаас ойлголоо?
-Яг үнэн. Эрүүл мэндийн даатгалын санг ХНХЯ-наас салгадаг нь маш том дэвшил. ЭМЯ эрүүл мэндийн бодлогоо базахад санхүүжилтийн тогтолцоо чухал. Гэхдээ даатгалын мөнгийг зүгээр л ийш тийш нь тараах биш, хамгийн тулгамдаж байгаа хэсэгт хуваарилах ёстой. Энэ чиглэлээр Д.Сарангэрэл сайдын хийсэн маш том алхам, том амжилт гэж болно.

-Авч буй ачаалалтай харьцуулахад танай эмнэлэг үнэхээр жижигдэнэ. Өргөтгөл барих асуудал юу болсон бэ?
-ХСҮТ 10 мянган ам метр талбайтай. Хажуудаа 5000 ам метр талбайтай өргөтгөл барих гэж бүтэн долоон жил боллоо. Одоо л ашиглалтад орох гэж байна. Гэхдээ өргөтгөл ашиглалтад ороод ч ачаалал буурахгүй. Яагаад гэвэл бид эрт илрүүлж байна, манайд хандах хүний тоо ихсэж байна. Хамгийн гол нь хүн амын тоо тогтмол өссөөр байна. Хорт хавдрын өвчлөл угаасаа алга болохгүй. Хүн амын тоо нэмэгдэж, нас уртсах тусам энэ өвчин гарах л болно. Тиймээс эмнэлгээ томруулах асуудал зайлшгүй яригдана. Бид эмнэлгээ өргөтгөх, илүү том болгох талаар их олон гаргалгаа хайж байгаа. Боловсруулсан саналуудаа ЭМЯ, ЗГХЭГ-т өгсөн. Хариу нь удахгүй гарч, монгол түмэнд баяртай мэдээ дуулдах байх аа.

Эрүүл мэндийн даатгалын санг ХНХЯ-наас салгадаг нь маш том дэвшил
-Өргөтгөлийн ажил нэг компаниас болоод гацчихаад байна гэж сонссон. Асуудал шийдэгдсэн үү?
-Шийдэгдэлгүй яахав. Улсын комисс хүлээгээд авчихсан. Одоо жижиг засварууд хийгдэж байгаа. Буруутай хүмүүст эрүү үүсгэсэн. Хуулийн байгууллага арга хэмжээ авч, алга болсон мөнгө нь төлөгдөх байх. Энэ байшин ашиглалтад орсноор хагалгааны хоёр өрөө нэмэгдэж байгаа. Туяаны хамгийн шинэ технологийг 2018 онд оруулж ирнэ. Мөн ачаалал 30 хувиар буурах тооцоо бий.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааг хэзээ хийх вэ?
-Нэгдүгээр сарын 28-нд хийхээр товлосон. Нэгдүгээр сарын 17-нд Солонгосоос урьдчилсан баг ирж, бэлэн байдлаа хамтарч шалгах юм.

-Энэ хагалгааны талаар энгийн хүмүүст ойлгогдохоор тайлбарлаад өгөөч?
-Хоёр хүн зэрэг хагалгаанд орно гэсэн үг. Эрүүл хүний тал элгийг тайрч аваад өвчтэй элэгний суурин дээр залгана. Эрүүл хүн хагалгаанд орж байгаа учраас түүнд хүндрэл гарч болохгүй. Элэг нь ажиллахаа больж, амьдралынхаа төгсгөлийн шатанд орсон хүнийг босгож ирэх гэж байгаа болохоор асар хэцүү, цогц хагалгаа байдаг. Тэр хүний бүх үзүүлэлтийг хянаж байх ёстой маш нарийн технологи. Товчхондоо бол эмнэлэг тэр чигээрээ ажиллана.

-Та өөрөө хагалгаанд биечилж орох уу. Таныг эмнэлэг удирдаж байгаа болохоор хагалгаа хийх завгүй болсон байж магадгүй гэж бодоод ингэж асуулаа?
-Би өөрөө хагалгаанд орно. Ер нь би ажлынхаа хажуугаар долоо хоногт хоёр хагалгаа хийж байгаа. Мөн амбулаторийн үзлэг нэг удаа хийдэг.

-Донорын асуудлыг яаж шийдэх бол?
-Монголд Донорын тухай хууль бий. Төрөл төрөгсөд нь хамаатан садныхаа өвчтэй хүнд эрхтнээ өгч болно гээд хуульчилсан. Одоо энэ хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Тархи нь ажиллагаагүй болсон, зүрх нь зогсож байгаа цогцосноос донор авах асуудлыг шинэчилсэн найруулгаар оруулж байгаа юм. Батлагдчихвал их том ахиц гарна шүү.

-Хорт хавдартай хүнд хагалгаа хийдэг эмнэлэг хотын төвд байх нь зохимжгүй гэж зарим хүн ярьдаг. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?
-Ямар ч аюул байхгүй. Эмнэлгээс гарч байгаа хог хаягдал аюултай гэдэг үүднээс наад яриа чинь гардаг юм. Орчин үеийн эмнэлгүүд бүгд ариутгалын системтэй болсон. Бусад орны жишээг харахад том эмнэлгүүд нь дандаа хотын төвд байдаг.

-Хавдрын бүх эмчилгээг хийдэг гол эмнэлэгт улс хэр анхаарч байна. Эмч нарын цалин, эмнэлэгт хуваарилсан төсөв хүрэлцэж байна уу?
-Эмч, сувилагч нарын нийгмийн асуудал бол тусдаа зүйл. Өнөөгийн нийгэмд бүх л эмнэлэг ижил дүр төрхтэй байгаа. Цалин нэмэх шаардлагатай нь мэдээж. Хэрэв санхүүгийн уян хатан тогтолцоо бий болчихвол эмнэлэг өөрөө ажилчдынхаа цалинг нэмэх боломж бүрдэх юм. Бид үйл ажиллагаа явуулаад олсон орлогоосоо ажилчдынхаа цалинг нэмье гэсэн ч тодорхой хязгаар байдаг. Тиймээс энэ боломжийг нээж өгмөөр байна. Харин манай эмнэлгийн тухайд төр маш сайн дэмжиж байгаа. 2018 онд гэхэд төсвөө гурван тэрбум төгрөгөөр нэмүүлж чадсан. Өвчлөл ихсээд байгаа учир та нарт мөнгө хэрэгтэй, та бүгдийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй гэдгийг харуулж байгаагийн илрэл шүү дээ. Тиймээс биднийг дэмжиж, ойлгож байгаа Засгийн газарт иргэдийн өмнөөс баярлалаа гэдгээ хэлмээр байна.

 -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

САНАЛ БОЛГОХ