“Татварын актыг судалж байна, хугацаанд нь хариу өгнө”

Мэдээ


“Rio Tinto” компани 2017 онд төмрийн хүдрийн зорилтоо биелүүлж өнгөрсөн жилийг амжилттай дуусгасан гэдгээ мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Монгол Улсын Татварын ерөнхий газраас тус компанид татварын акт тавьсан талаар “Turqiouse Hill Resource” компани албан ёсоор мэдэгдсэн байна. Тухайлбал, “Оюутолгой” компанийн 2013- 2015 онд төлсөн татварт аудит хийсэн, үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газар тус компанид 155 сая ам.долларын татварын акт тавиад байгаа талаар “Turquoise Hill Resources” компани мэдэгдлээ. Тус компани “Татварын актыг одоогоор судалж байгаа байгаа, Монгол Улсын хуульд заасан хугацаанд багтааж хариу өгнө” гэж мэдэгдэлдээ дурджээ. “Оюутолгой” компани хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүх татвараа төлсөн гэж үзэж байгаагаа “Turquoise Hill Resources” онцолж байна.

Rio Tinto”-ийн төмрийн хүдрийн үйлдвэрлэл IV улиралд өссөн үзүүлэлттэй гарсан, мөн 2018 онд хэд хэдэн томоохон төслүүд эхлэхтэй холбоотойгоор тус компанийн удирдлагууд цаашид гарцын төлөвөө өсгөж магадгүй гэсэн хүлээлт бий болоод байна. Өнгөрсөн оны ерөнхий гүйцэтгэлийг харвал “Rio Tinto” компанийн төмрийн хүдрийн тээвэрлэлт нэг хувиар өссөн байна. Үүнд төмөр замын сүлжээ сайжирч, үйл ажиллагааны үр бүтээмжит байдал нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж тус компани тайландаа онцолжээ. Үүнээс гадна “Rio Tinto”-ийн төмрийн хүдрийн гарц 330.1 сая тонн болж нэмэгдсэн байна. Мөн БНХАУ-ын эрэлт нэмэгдсэний дүнд дундаж ханш 64.8 ам.доллар болж, 20 хувиар өсчээ. Үр дүнд нь хувьцаа эзэмшигчдэд ирэх үр ашиг нэмэгдэнэ гэсэн хүлээлт зах зээлд бий болоод байна. Тодруулбал, ирэх хоёрдугаар сарын долоонд танилцуулах 2017 оны санхүүгийн тайлангаар ашиг нь 8.5 тэрбум ам.доллар болж, 85 хувиар өснө гэсэн таамаг байгаа юм. Энэ оны төлөвийн хувьд төмрийн тээвэрлэлт нь 10 сая тонноор нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Үүнийг өнөөгийн ханшаар тооцвол 780 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн ажээ. Харин бусад түүхий эдийн үйлдвэрлэлийн зорилтоо тус компани хэвээр үлдээсэн байна. Энэ онд 225-265 мянган тонн боловсруулсан зэс, 3.5-3.7 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх зорилт тавьжээ.


САНАЛ БОЛГОХ