Хэрэглээг онилсон судалгаа эрчимжжээ

Мэдээ


Үйлдвэрлэлд нэвтэрч болохуйц судалгаанд эрдэмтэд анхаарлаа хандуулж байна

МУИС-ийн нэгдүгээр байрны хонгилын давхарт агуулахын зориулалттай жижиг өрөөнд инноваци шингэсэн бүтээгдэхүүн гаргаж авах туршилт ид өрнөж байна. 80 хувийн чийгтэй, харанхуй өрөөнд талын цагаан мөөгийг био масс хэлбэрээр өсгөвөрлөх судалгаагаа тус сургуулийн Химийн тэнхимийн дэд профессор Ш.Наранмандах танилцууллаа. Талын цагаан мөөгийг байгалийн жамаар нь ургуулахад багагүй хугацаа зарцуулдаг. Харин энэ арга нь уг ургамлыг үйлдвэрийн нөхцөлд, богино хугацаанд олноор нь ургуулах шинэ технологи тул зохиогчийн эрхийн зөвшөөрөл авч чаджээ. Мөн тэрбээр цагаан мөөгийг 2-3 жилийн хугацаанд нөөшлөх технологийнхоо зохиогчийн эрхийг баталгаажуулсан байна. Ш.Наранмандах багш 30 орчим жил амьтан, ургамлаас ашигтай бактери ялган авах судалгаа хийхдээ гурван зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй болж.

Харин өнгөрсөн онд МУИС-иас багш нарын дунд зарласан инновацийн төсөлд шалгарснаар агил мөөгнөөс гаргаж авсан үрэвслийн эсрэг тосон түрхлэгээ хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болжээ. Агил мөөг нь манай оронд элбэг ургадаг ч монголчууд ашиг тусыг нь мэддэггүй. АНУ, Хятад зэрэг оронд уламжлалт эмчилгээнд түлхүү ашигладаг. Энэ нь өгөршсөн модонд ургадаг, ур мөөгний нэгэн төрөл юм. Үүнээс гаргаж авсан тосоо хулганы ил шарханд түрхэж туршихад үүнтэй ижил төрлийн “Хоромхон” тосноос илүү үр дүн үзүүлжээ. Түүнчлэн энэ мөөгнөөс гаргаж авсан агарцин бодисыг каолин шавартай хольж батга, арьсны үрэвсэл эмчлэх цайруулах үйлчилгээтэй нүүрний маск хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулаа. МУИС-ийн эрдэмтэд өнгөрсөн онд 170 судалгаа, туршилтдаа нийт 3.3 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт авчээ. Үүний чамлахааргүй хэсэг нь гарааны бизнес байгуулахаар зорьж буй судлаачдад очсон байна. Харин инновацийн зургаан төсөлд 135.8 сая орчим төгрөгийн санхүүжилт олжээ. Ирэх жилүүдэд ч энэ төсвийг тэлж, судлаачдын бүтээлийг амьдралд хэрэгжүүлэх бололцоог өргөжүүлэхээр төлөвлөж буйг албаныхан онцоллоо.

“Шар сүүний хаягдлыг боловсруулах, ашигласан автомашины тосноос дизель түлш гаргах зэрэг олон сонирхолтой судалгааг багш, оюутнууд хийж байна. Өмнө нь багш нарын судалгаа шүүгээнд олон жил хадгалагддаг байсан бол одоо түүнийг аль болох эдийн засгийн эргэлтэд оруулахыг хичээх болсон” гэж нэгэн судлаач өгүүлэв. Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиуд болон Шинжлэх ухаан, технологийн сангаас инновацийн төсөлд багагүй хөрөнгө гаргадаг болсон учраас хүнд хэрэгтэй, үйлдвэрлэлд нэвтэрч болохуйц судалгаанд эрдэмтэд анхаарлаа хандуулах болжээ. МУИС-ийн Биоорганик хими, фармакогнозийн лабораторийн дэргэдэх “Гарааны эм пи би лаб” нь тус сургуулийн хамгийн анхны гарааны компани. Батга, арьсны үрэвслийн эсрэг эмчилгээний бүтээгдэхүүнээ удахгүй худалдаанд гаргахаар зэхэж буй. Уг бүтээгдэхүүний гол түүхий эд нь Монгол орны баруун бүсэд ургадаг залесовын зэдгэлж ургамал юм. Ховд, Баян- Өлгий, Баянхонгор зэрэг аймгийн иргэдтэй гэрээ байгуулж, түүхий эдээ худалдан авдаг юм байна.

Инноваци шингэсэн бүтээгдэхүүнд зориулах төсөв тэлжээ
“Манайд худалдаалж буй ийм төрлийн бүтээгдэхүүний ихэнх нь химийн найрлагатай байдаг. Харин Phyto-Acne бол монгол хүний арьсны онцлогт тохирсон, байгалийн гаралтай гэдгээрээ онцлог. Үнэ нь ч харьцангуй хямд. Өвөрмонгол, буриад гээд монгол гаралтай бүх хүний арьсанд тохирох учраас экспортод гаргах боломжтой гэж үзэж байгаа” хэмээн судлаач Н.Оюунбилэг хэлэв. Тэгвэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр саяхан байгуулсан Компьютер, г р афик, мул ь т меди а судалгааны лабораторид өндөр технологийн анхны гарааны компани “дуншиж” байна. Багш, оюутнууд хамтран технологийн салбарын гол чиг хандлага болоод буй VR (virtual reality), AR (augmented reality) технологи ашиглан 3D орчин бий болгодог виртуал симулятор зохион бүтээжээ. Энэ нь виртуал тоглоомтой төстэй, бодит орчинг мэдрүүлэх зорилготой өндөр технологийн бүтээгдэхүүн юм. Хэрэглэгчдийн хүссэн ямар ч 3D орчныг бүтээж чаддаг гэдгээрээ онцлог. Уул уурхайн компаниуд гүний уурхайг виртуал орчинд бий болгож сургалт явуулах боломжтой.

Мөн түүх, урлагийн өв соёлыг олон нийтэд танилцуулахдаа орчинтой нь харуулж болдог давуу талтай. VR төхөөрөмжийг зүүхэд ногоон байгаль, хүрхрээн дундах өндөр гэгээн Занабазрын ногоон дарь эхийн баримлыг аль ч талаас нь харж болохуйц байлаа. Ус урсах, шувуу жиргэх, салхинд өвс найгах чимээ мөн давхар сонсогдоно. Энэ орчныг цаашид улам хөгжүүлж ногоон дарь эхийн тайлбар, мэдээллийг үзэж болохуйцаар сайжруулж байгаа аж. Уг нь бол гаднын орнуудад VR, AR технологийг тоглоом, кино, музей, сургалт, сурталчилгаа зэрэг олон салбарт ашиглаж эхэлсэн. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлэх олон хувилбарыг технологийн салбарынхан дэвшүүлж байгаа юм. Харин монголчууд үүнтэй хөл зэрэгцэн алхаж, шинэ бүтээгдэхүүн гаргаж буй нь энэ. “Энэ технологи 5-6 жилийн дараа нийтийн хэрэглээ болох хандлагатай. Тэр үед нь өндөр үнээр импортолж авахгүйн тулд судалгаагаа одооноос хийх хэрэгтэй гэж үзсэн. Технологийн хөгжлөөс хоцрохгүй, ядаж л зэрэгцэж алхах хэрэгтэй байна” хэмээн лабораторийн эрхлэгч А.Энхбаяр өгүүллээ.

Тогтвортой хөгжил, дээд боловсролын үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж буй МУИС-ийн судлаачдын инноваци шингэсэн бүтээлүүдийг сонирхоход ийм байна. Их, дээд сургуулиудын дэргэдэх гарааны компаниудын хувьд хэчнээн олон нийтэд хэрэгтэй, ашиг тустай бүтээгдэхүүн хийсэн ч борлуулалтын шатанд гацсан тохиолдол цөөнгүй бий. Харин МУИС-ийн хувьд гарааны компаниудад санхүүжилт өгөхдөө борлуулалтын сүлжээгээ олж, албан ёсны гэрээ байгуулах шаардлага тавьжээ. Тиймээс судлаачид санхүүжилт авахаасаа өмнө борлуулалтын бэрхшээлээ шийдэж байгаа аж. 2013 онд Инновацийн тухай хууль баталснаар их, дээд сургуулиудын судалгааны төвүүдийн ажил мэдэгдэхүйц эрчимжжээ. Судлаачид ч шүүгээнд хадгалсан судалгаагаа олон янзаар туршиж, хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна. Хэдийгээр ийм гарааны компанийн анхны санхүүжилт, борлуулалтыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байгаа ч тэд багагүй урагшилж байна.
САНАЛ БОЛГОХ