Ядаж яст мэлхийн хурдаар урагшлахсан
Мэдээ
Ихэнх аймгийн эдийн засгийн тамир тэнхээ мууджээ
Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 30 гаруй хувийг аймгууд бүтээдэг. Харин үлдсэн 60 гаруй хувийг нь Улаанбаатар хот нуруундаа үүрч явна. Хөгждөггүй, сайжирдаггүй орон нутгаас ажлын байр, тав тухтай амьдралд тэмүүлж нийслэлийг зорьж буй иргэдийг буруутгах аргагүй. Хэдийгээр 2017 онд улсын эдийн засаг сайжирсан ч орон нутагт дорвитой эерэг өөрчлөлт гарсангүй. Харин ч 21 аймгийн 15-ынх нь өрсөлдөх чадвар улам мууджээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцуулсан аймгуудын өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар 2017 онд баруун бүсийн чадавх хамгийн их буурсан байна. Тухайлбал, Говь-Алтай аймаг 2016 онд өрсөлдөх чадвараараа улсдаа хамгийн сүүлд жагсаж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус аймгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, ахин сүүл мушгив. 2015 онд тус аймаг өрсөлдөх чадварыг илтгэсэн 100 онооноос 56.15-ыг авч байсан бол 2016 онд 47.31, 2017 онд 38.62 болж жил дараалан буурчээ. Говь-Алтай аймгийн төвд цахилгаан, дулаан байнга доголддог тул иргэд тав тухтай амьдарч чаддаггүй. Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдоогүй, ажлын байр цөөн, төрийн байгууллагын хүнд суртал их зэрэг цөөнгүй саад, бэрхшээлээс болж урагшилж чадахгүй байгааг судлаачид онцолсон юм.
Говь-Алтай аймаг хоёр жил дараалан сүүл мушгив
Харин сүүлээсээ хоёрт буюу 20 дугаарт жагссан Архангай аймгийн гол бэрхшээл нь ажлын байр. Хэдийгээр тус аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон, хүн ам, малын тоогоор улсдаа тэргүүлдэг ч ийнхүү эдийн засаг, амьдралын чанар дорой байгаа нь ажилгүйдэлтэй холбоотой. Тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Өнгөрсөн дөрвөн жилд орон нутгийн иргэдийн амьдрал эрс муудлаа. Хувийн бизнесүүд дампуурч, ажлын байрны тоо буурсан. Улсын төсвөөс манай аймагт жилд 60 гаруй тэрбум төгрөг олгодог. Гэхдээ энэ нь төрийн байгууллагын зардалд зарцуулагдаад дуусдаг. Харин орон нутгийг бие даан хөгжүүлэхэд өнгөрсөн онд 1.5 тэрбум төгрөг өгсөн. Энэ жил үүнийг зургаан тэрбум төгрөг болгож өсгөсөн. Бид энэ мөнгөөр хонины нэхий боловсруулах 20 жижиг цех, ноосны үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Өөрсдөдөө ямар боломж байна, түүнийгээ аль болох ашиглахыг хичээж байна” гэв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гуравхан аймгийн үзүүлэлт өссөн нь тун чамлахаар хэмжээ.
Дорнод зургаа, Өвөрхангай болон Говьсүмбэр аймгийн өрсөлдөх чадвар тус бүр нэг оноогоор ахисан байна. Харин Сүхбаатар 15, Ховд 13, Өмнөговь 10 оноогоор уруудсан. Өмнөговь аймаг 2016 онд өрсөлдөх чадвараараа бусад аймгаа хошуучилж, хоёрдугаарт бичигдэж байсан. Харин 2017 онд нэг байр ухрав. Энэ нь тус аймагт барилга, бүтээн байгуулалтын ажил зогссон, чанаргүй зээлийн хэмжээ өссөн, хувиараа бизнес эрхлэх боломж муудсан зэрэгтэй холбоотой аж. Ийнхүү 2017 он аймгуудад хөгжил, дэвшил авчирч чадсангүй. Улсын төсвийн татаасаар амь зууж буй аймгуудын тоо цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна. Хэдийгээр аймгуудын удирдлагууд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, аялал жуулчлалаар ажлын байр бий болгоно гэж ярьдаг ч бодит үр дүн харагдахгүй олон жилийг үдлээ. Угтаа бол аймгууд нэг нь нөгөөгөө нөхөхүйц, тус бүртээ онцлог үйлдвэрлэл эрхэлбэл эдийн засаг нь сайжирна гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үүнээс гадна орон нутагт улсын төсвийн хөрөнгөөр зарласан тендер ил тод биш байдгийг дээрх судалгаанд оролцсон иргэд онцолжээ.
Мөн төрийн албан хаагчдын хүнд суртал гэдэг том бул чулуу хөгжлийг багагүй тушиж байгааг ч дурдсан байна. Улаанбаатар хотод жилд дунджаар 30-40 мянган иргэн орон нутгаас шилжин ирдэг. Өнгөрсөн жилээс нийслэлд шилжин ирэгсдийн тоог хязгаарласан ч 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 10 мянга орчим хүн орон сууц худалдан авснаар байнгын оршин суух эрх авчээ. Хэрэв орон нутагт амьдралд хүрэлцэхүйц цалинтай ажлын байр, тав тухтай орчинг бий болгож чадвал энэ их нүүдэл саарах нь дамжиггүй. Даанч орон нутгийн хөгжил, дэвшил олон арван жил ярианаас хэтрэхгүй, нэг цэг дээрээ гацчихаад байгаа нь харамсалтай. Орхон, Дархан-Уул зэрэг томоохон үйлдвэр, уурхайг дагаж хөгжсөн аймгуудаас бусад нь ядаж яст мэлхийн хурдаар урагшлах нь байтугай ухарч байна. Энэ хооронд иргэддээ гологдсон хөдөө нутаг эзгүйрсээр.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй