Шувууд шууд тэнгэрт дүүлдэггүй

Мэдээ

Ажилгүй, олсон орлогогүй гудамж метрлэсэн “сүрэг” улам олширно

Хүсэл мөрөөдөл аливаа хүнийг гэрэл гэгээтэй сайхан зүйл рүү хөтөлж, өөрийгөө хөгжүүлэх урам зориг нь болдог. Харин бусдаас илүү гарах гэсэн өчүүхэн санаа, боломж бололцооноосоо давсан хий хоосон мөрөөдөл нь эсрэгээрээ зовлон авчирдаг.

Тиймээс хүн аз жаргалтай амьдрахын тулд байнга суралцаж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэйг хаа нэгтэйгээс уншиж байсан юм. Энэхүү хэдхэн өгүүлбэрийг өнөөгийн нийгмийн хөгжлийг түүчээлэх, ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох ёстой ч, ажил голж, ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлж буй мянга мянган хүмүүст хаяглаж, хүргэмээр санагдсан юм. Учир нь их, дээд сургууль төгсөж, дээд боловсрол эзэмшсэн залуусын ихэнх нь хөдөлмөрлөхөөс цааргалж, аль болох биеийн амрыг л хайдаг болж.

Тэд ажлийг голох атлаа ажиллах хүчний “импорт”-д сэтгэл дундуур байдаг
Ийн атлаа эд хөрөнгө, өнгө, мөнгөнд юутай ихээр тэчьяадна гээч. Тэд ажлыг хар, цагаан, хүнд, хөнгөнөөр нь ялгаж голно. Эцэстээ хийсэн ажилгүй, олсон орлогогүй гудамж метрлэсэн “сүрэг” улам олширно. Угтаа бол амьдралд хар, цагаан гэж байхаас ажил хөдөлмөрт хар, цагаан гэж байхгүй. Ажлыг ч, өөрийгөө ч голохгүй хийж, олсон хэдэн төгрөгөөрөө өөрийгөө ч хөгжүүлж, амьдралаа ч дээшлүүлж, цаашлаад улс орноо хөгжүүлэх боломж тэдэнд бий. Ажил голох хэрнээ хилийн дээс алхаж, хүний нутагт очихоороо аяга таваг угааж, шал цэвэрлэж, улмаар бүхий л хүнд хүчир хөдөлмөрийг үг дуугүй эрхэлдэг нь үнэн. Энэ л үед тэд хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч, “Чи ажлыг голох биш, ажил чамайг голдог” гэсэн үгийн үнэнийг биеэр мэдэрдэг. Үүний цаад шалтгаан нь нөгөө л монгол хүний цамаан зан. Тэд дунд сургуульд дорвитой сураагүй атлаа бусдаас дутахгүйн тулд дээд боловсрол эзэмшиж, диплом өвөртлөхийг хүснэ. Мэдлэг боловсрол олж авах гэсэн тэдний эрмэлзлэлийг буруу гэж байгаа юм биш.

Гэхдээ цөөн хүн амтай манай орны хувьд мэдлэгт суурилсан нийгэм асар чухал. Сурах эс сурах нь падлийгүй, дээд боловсролын диплом байхад л боллоо, ажилтай байна гэсэн ойлголт ноёлсон нь хөдөлмөрийн зах зээлийг ромботой ажилгүйчүүдээр дүүргэсэн юм. Товчхондоо, өөртөө мэдлэг биш, өрөөл бусдад үзүүлж, гайхуулахын тулд дээд боловсрол эзэмшдэг болж. Өөрийн мэдлэг, ур чадвар, хүсэл мөрөөдөлдөө тулгуурлаж бус өрөөл бусдын атаа хорслыг хөдөлгөхийн тулд сонголтдоо сохор ухаанаар хандаж буй үзэгдэл. Үнэн хэрэгтээ өөрөө өөрийгөө, өрөөл бусдыг л хуурч буй хэрэг. Үүнийг ч их, дээд сургууль төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахаар ажлын талбарт гарч мухардалд хүрч буй боловсон хүчний дүр зураг батална.

• “Муусайн хятадууд, вьетнамууд орж ирлээ” гэж даналзах монголчууд өөрсдөө зам тавих, барилга барих ажлаас зугтдаг.

• Ажил олгогчид хэчнээн ажлын байр зарлаад ч нэмэргүй.

• “Ажил олдохгүй байна. Төр засаг надад ажил өгсөнгүй” гэж нэхэгсэд нэгийг бодох ёстой.

Монголчуудын цамаан зан дээр нэрэлхүү нь нэмэгдээд ямар их зовлонд унадгаа бид мэднэ. Тэд баян хүний дүр эсгэнэ. Хүнээс мөнгө зээлж, “хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж” өөрийгөө ч төдийгүй өрөөл бусдыг ч зовоож байснаас хатуу хэцүү ч гэлээ ажил хөдөлмөр голохгүй хийж, олсон мөнгөөрөө мөр бүтэн, нүүр бардам амьдрах нь хэцүү биш байлтай. Тэд ажлыг голох атлаа ажиллах хүчний “импорт”-д тун чиг сэтгэл дундуур байдаг. “Муусайн хятадууд, вьетнамууд орж ирлээ” гэж даналзах монголчууд өөрсдөө зам тавих, барилга барих ажлаас зугтдаг. Ажиллах хүчний хомсдолд орсон аж ахуйн нэгжүүдийг буруутгах аргагүй. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2012 оны намар газар тариалангийн бүс нутгаар явж байхад бас л Хойд Солонгосоос ажилчид авчирч, ажиллуулж байгаатай таарч байв. Хөдөө орон нутагт ажлын байргүй гэдэг хэрнээ залуус нь ногооны талбайд ажиллахгүй гэж голдог гэнэ. Ургац хураах гэдэг нь бас л цаг хугацаанд шахагдаж хийдэг ажил тул сургуулийн хэдэн хүүхдэд хөлс өгөөд, дээрээс нь гаднын энэ хэдэн нөхдийг авч ажиллуулж байна гэж талбайн эзэн учирлаж байсан удаатай. Дахиад л нэг жишээ. Миний нэг танил саяхан машинаа янзлуулахаар болов. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр вьетнам засвар биш, монголчуудын кузов засварын газраар үйлчлүүлжээ.

Гэтэл дуусгах ёстой хугацаанаасаа хоёр хоног хойшилж, машинаа автал жинхэнэ утгаараа “халтуурдсан” байсан гэнэ. Бид дуртайдаа гаднынханд мөнгөө зарлагадаад байгаа юм биш. Зүгээр л монголчууд маань гологдоод байгаа учир яалтай билээ. Энэ мэтчилэн ажлыг голсон, ажлын байранд гологдсон монголчуудын жишээ олон бий. Ажилгүйчүүд хэд байгаад ч мэргэжилгүй, хийж чадах зүйлгүй, ажиллах чин эрмэлзэлгүй бол ажилгүйдэлд цэг тавьж чадахгүй. Ажил олгогчид хэчнээн ажлын байр зарлаад ч нэмэргүй. Манайхан ажил олдохгүй байна гэдэг ч үнэндээ бол ажил их байна аа, цаана чинь. Даанч ажилдаа гологдоод байна. Монголчууд маань дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй. Бас өөрчлөгдөшгүй, лайтай залхуу. Ажилгүй нэгэнд ажил олоод өгөхөд шууд л өндөр цалин нэхнэ.

Ажил тасална, хоцорно, хулгай хийнэ, худал ярина. Хөдөлмөрийн бүтээмж, цаг ашиглалт, хариуцлагаа ухамсарлах чадвар маш сул байдгийг ажил олгогчид шүүмжилдэг. Нөгөөтэйгүүр, ажилд орж буй хүмүүсийн хариуцлагагүй байдал бизнес эрхлэгчдэд нөлөөлдөг. Тиймээс гаднын хямд, хариуцлагатай, чадвартай ажиллах хүчнийг сонгохоос аргагүйд хүрдэг гэдгээ ажил олгогчдын зүгээс учирладаг. Ажил голдог атлаа хийж чаддаггүй, аав ээжийнхээ тэтгэврээр тэжээлгэсэн залуус олон. Тэгэхээр “Ажил олдохгүй байна. Төр засаг надад ажил өгсөнгүй” гэж нэхэгсэд нэгийг бодох ёстой юм. Шууд л нисэхийг мөрөөдөхийн оронд эхлээд зөв мөлхөж, алхаж сурахын чухлыг ухаарах учиртай. Шувуу хүртэл шууд тэнгэрт дүүлдэггүйг сана.

САНАЛ БОЛГОХ