Хадгаламжийн 99 хувь нь 20-иос доош сая төгрөгийнх байдаг

Мэдээ


Байнгын хорооны таван гишүүн долоон асуудал хэлэлцэн шийдлээ

УИХ-ын намрын чуулган завсарлах дөхөж буй. Гэвч УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаанд суух гишүүдийн идэвх суларчээ. Ажилдаа ирсэн 2-3 гишүүн, эсвэл Байнгын хорооны дарга нар нь л торойж, бусдыгаа хүлээдэг эсвэл ирц дутуу хуралддаг байнгын ажиллагаатай парламентын дүр төрхийг шинэ оноос хойш харж байна. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан даргатайгаа нийлээд тавуулаа сууж байгаад долоон асуудал хэлэлцэв. Өмнөх өдөр нь Хууль зүйн байнгын хороо мөн л ийм ирцээр хэд хэдэн асуудлын ард гарсан. Эдийн засгийн байнгын хорооны хувьд 19 гишүүнтэй. Харин ирцийн мэдээнд 10 гишүүн хуралдаанд ирж 52.6 хувьтай гэсэн байлаа. Байхгүй гишүүний картыг уншуулж ирцээ бүрдүүлсэн нь тодорхой. Бүр Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтан БНСУ-д ажиллаж буй М.Оюунчимэг гишүүн хүртэл хуралдаанд ирсэн гишүүдийн тоонд цохиж явав. Санал хураалт бүрт дэмжих кноп дарсан гээд боддоо. Эзэн нь байхгүй ч карт нь гишүүнийхээ өмнөөс тун идэвхтэй ажилласны нотолгоо энэ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийг дагаад хэд хэдэн хууль хөдөлгөөнд орсон. Тухайлбал, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг мөн хийв.

Гадаадад байгаа гишүүний карт тун идэвхтэй ажиллав
Зарим тохиолдолд хэлэлцэж буй асуудлын танилцуулгыг ч бүрэн хийсэнгүй, “Гишүүдэд материал тараагдчихсан юм чинь унших уу, яах уу?” гэж асуугаад л шууд баталчихлаа. Товчилж хийсэн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн ч байсангүй. “Шаардлагагүй” хэмээн үзсэн бөгөөд дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаад, өөрсдөө дэмжчихлээ. Гэхдээ зөвхөн Их хурлын гишүүдийн идэвх сул байгаа биш бололтой. Зарим асуудлыг хэлэлцэх үед холбогдох яам, агентлагийн дарга нар ирээгүй байв. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэлэлцэх үед Хадгаламжийн даатгалын корпорацийн дарга, дэд дарга нь байсангүй. Харин хуульч, мэргэжилтэн хоёр нь төлөөлж ирээд “том толгой”-той дарга нарынхаа өмнөөс эрүүний шөл уугаад буцав. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан ч хэрэгжүүлэгч ганц байгууллага Хадгаламжийн даатгалын корпораци. Сангийн яамны нэг агентлаг. Гэвч хуульд нь ямар өөрчлөлт орж байгаа, анх өргөн барьсан төслийг Ажлын хэсэг хэлэлцэх явцдаа яаж өөрчилсөн талаарх ойлголт тус корпорацийг төлөөлж ирсэн хүмүүст байсангүй. Ажлын хэсгийг нь ахалж байгаа гэдэг утгаараа дэд сайд Х.Булгантуяа гишүүдийн асуултад хариулангаа, загнуулах үүргийг давхар хүлээсэн юм. Энэ байдалд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир бухимдаж “Занданшатар хаана байна. Ийм чухал үзэл баримтлал хэлэлцэх гэж байхад Сангийн сайд нь ч байхгүй. Хуулийн төслийг чинь буцаана шүү. Энэ сарын 25-нд Олон улсын валютын сангийнхан ирнэ. Та нар байгаа байдлаа хар. Сангийн яамныхан та нар эвгүй байдалд орно шүү” хэмээн Ажлын хэсгийн гишүүдийг зандрав. Сануулахад.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар БНСУ-д айлчлал хийж байгаа бөгөөд өчигдөр үдээс хойш эх орондоо ирсэн юм. Ингээд Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өөрөө Г.Занданшатар сайд руу утсаар ярьж, дуудаж ирүүлэн хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгыг хийлгэсний дараа уг асуудлаа хэлэлцсэн юм. Өнөөдрийн байдлаар Монголын банкны салбарт 13 их наяд төгрөг харилцах болон хадгаламжийн дансанд байна. Үүний долоо гаруй их наяд нь хадгаламжийн дансных. Нийт хадгаламж эзэмшигийн 99 хувь нь 20-иос доош сая төгрөгийн хадгаламжтай байдаг аж. Харин тус корпорацийн хувьд хоёр жилийн өмнө 92 тэрбум төгрөгийн даатгалын сантайгаараа байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 320 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байгаа юм. Шинэ хуулиар Хадгаламжийн даатгалын корпорацийн бие даасан байдлыг сайжруулах талаар болон насанд хүрээгүй хадгаламж эзэмшигч, өвлөгдсөн хадгаламж тус бүр даатгалын нөхөн төлбөр авах өдрийг хурдасгахаар тусгажээ. Мөн хадгаламжийн даатгалд хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд-тэтгэвэр-нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байна.


САНАЛ БОЛГОХ