В.Баярсайхан: Цахиурын хөндийгөөс хөрөнгө босгох шаардлагагүй
Мэдээ
“Анд глобал” компанийн үнэлгээ 30.4 сая ам долларт хүрсэн
Дотоодын болон олон улсын нэр хүндтэй технологи, банк санхүүгийн салбарт ажиллаж байсан таван залуу нэгдэн хөрөнгийн зах зээлээс таван сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож, гарааны бизнесээ амжилттай эхүүлсэн нь олны анхаарлыг татсан билээ. Тиймээс “Анд глобал” компанийн охин компани болох гар утсаар дамжуулан ердөө нэг минутын дотор ямар ч барьцаагүйгээр 50 мянгаас нэг сая төгрөгийн хэрэглээний зээл авах боломжтой LendMN ББСБ-ыг байгуулж чадсан залуусын туршлага, арга барилаас энэ удаагийн “Зах зээл” буландаа хуваалцаж, LendMN ББСБ-ын толгой компани “Анд глобал”-ын үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр гарааны бизнес эрхлэгч компаниудын зах зээлийн орчин, Зүүн өмнөд Азид LendMN-ийн загварыг хэрхэн амжилттай гаргах талаараа онцолсон юм.
-LendMN гарааны бизнесийг эхлүүлэх санаа хаанаас төрсөн бэ. Энэ бизнесийг эхлүүлэхэд үзүүлсэн гол нөлөө юу байв?
-Монголд болон манайх шиг бусад хөгжиж буй оронд албан бус санхүүгийн харилцаа түгээмэл байдаг. Хүмүүст ямар нэг санхүүгийн хэрэгцээ гэнэт тохиоход найз нөхөд, гэр бүлээсээ мөнгө зээлдэг. Энэ нь зарим тохиолдолд зөрчил, маргаан үүсгэж, санхүүгийн хохирол амсахад хүргэдэг. Харин ББСБ- ууд гэнэтийн санхүүгийн хэрэгцээг богино хугацаанд шийдвэрлэж чаддаггүй. Барьцаа хөрөнгөөс эхлээд маш олон шалгуур тавьдаг. Тиймээс бид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар бодолцож, мөнгө зээлэхэд маш хурдан, хямд, хялбар аргыг нэвтрүүлэх санаа төрсөн. Үүсгэн байгуулагч таван хүний дөрөв нь технологийн мэргэжилтэй, туршлагатай хүмүүс учир шинэ технологи ашиглан, гар утсаар богино хугацаанд зээл олгох санааг боловсруулсан. Ингээд LendMN-ийн хөгжүүлэлтийг нэг жилийн хугацаанд хийж, өнгөрсөн оны нэгдүгээр сараас туршиж, дөрөвдүгээр сард албан ёсоор зах зээлд гаргасан. Өнгөрсөн найман сарын хугацаанд сар бүр 70-80 хувийн өсөлттэй явж, өнөөдрийн байдлаар 100 мянган удаагийн жижиг зээл гаргаад байна.
-Зүүн өмнөд Азийн орнуудад LendMN-ийн загварыг нэвтрүүлэх зорилготой гэсэн. Энэ ажил ямар түвшинд явж байна вэ?
-Хөгжиж буй орнуудад яг ийм асуудал тулгарч байгаа учраас LendMN-ийг Монголд туршиж, Зүүн өмнөд Азийн орнуудад нэвтрүүлэх зорилгыг анхнаасаа тавьсан. Нэгэнт Монголд нэвтэрч, ашигтай ажиллаж болж байгаа нь туршигдсан учир олон улсад гаргахаар зэхэж байна. Тухайлбал, “Анд глобал” толгой компани маань Филиппин улсын нэгэн банктай хамтран LendMN-ийн загварыг нэвтрүүлэхээр зэхэж байна. Бидэнд тус улсад санхүүгийн үйл ажиллагаа явуулахын тулд тусгай зөвшөөрөл хэрэгтэй болсон. Тиймээс найман сар судалж, гарц хайсны эцэст нэгэн банктай гэрээ, хэлцэл хийж, хувь эзэмшигч болсноор LendMN-ийг нэвтрүүлэх боломж бүрдсэн. Энэ бол дэлхийд гарааны бизнес эрхлэгч компани банкны хувь эзэмшигч болж буй анхны тохиолдол. Одоогоор Филиппин улсад манайхаас дөрвөн хүн ажиллаж байгаа бол тус улсаас төдий тооны хүн ажилд авсан. Дараагийн LendMN-ийг нэвтрүүлэх улс бол Индонез. Бид судалгааны ажлаа ид хийж байна.
LendMN-ийн загварыг Филиппин, Индонез, Япон гээд Зүүн өмнөд Азийн зах зээлд нэвтрүүлнэ
-Танайхтай ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өрсөлдөгч компанид байна уу. Цаашид дотоодын бизнесийн орчин болон зах зээлийн өсөлтийг хэрхэн төсөөлж байгаа вэ?
-Өнөөдрийг хүртэл өссөн графикийг харахад ойрын 1-2 жилдээ энэ бүтээгдэхүүн маань адилхан өсөлттэй явна гэж харж байгаа. Цаашид сард дунджаар 40-50 хувийн өсөлттэй байна гэсэн үг. Өрсөлдөөн байгаа юу гэвэл мэдээж бий. Гарааны бизнесийн нэг онцлог нь зах зээлд гэнэтийн цочрол авчирдаг. Ингэснээр хуучин тоглогч нар бүтээгдэхүүнээ илүү сайжруулж эхэлдэг. Энэ бол бизнесийн цэвэр өрсөлдөөн. Тэгэхээр энэ зах зээлд шинэчлэл хэрэгтэй. Энэ бүхэн хэрэглэгчдэд зориулагдсан, тэдэнд хожоотой байх ёстой. Бид томоохон банкуудтай хамтарч ажиллаж байна. Тэд Fintech рүү хөрөнгө оруулж, q pay, social pay зэрэг үйлчилгээг нэвтрүүлж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтууд идэвхжиж эхлээд байна.
-LendMN-ийн үйл ажиллагааны зарчим юу вэ. Хүмүүст олгох зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас босгосон бэ?
-LendMN ББСБ-ын хөрөнгийн эх үүсвэрийг олон янзын сувгаас бүрдүүлж, эцсийн хэрэглэгч нарт зээлдүүлдэг. Тухайлбал, босгосон хөрөнгө оруулалтаа ашиглах эсвэл бонд, хөрвөгч бонд, хувьцаа зэрэг урт хугацаатай санхүүгийн бүтээгдэхүүн борлуулах замаар эх үүсвэрээ бүрдүүлдэг. Үйлчилгээ үзүүлдэг LendMN ББСБ-ын технологийг “Анд глобал” компанийн бас нэгэн охин компани “Анд системс” нийлүүлдэг. Ерөнхийдөө “Анд глобал” компани нь LendMN ББСБ, технологийн “Анд системс” компанитай бөгөөд эхний ээлжинд LendMN-ийн загварыг Индонез, Филиппин, Японд гаргахад бэлэн болоод байна. Дотоодын зах зээл жижиг, хэрэглэгчийн тоо хязгаартай учраас энэ загварыг олон сая хэрэглэгчид хүргэх том алсын хараатай ажиллаж байна. LendMN-ийн ашиг хэрэглэгчдээс суутгадаг багахан хэмжээний үйлчилгээ, технологийн шимтгэлээс бүрддэг гэж хэлж болно.
-Зээл олгохдоо барьцаа шаарддаггүй гэж байна. Тухайн хүний санхүүгийн чадавхыг ямар аргаар судалж, зээл олгодог вэ?
-Тухайн хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг авч, хиймэл оюун ухаан дээр суурилсан алгоритм хэрэглэгч хэдэн төгрөг зээлэх боломжтой вэ гэдгийг хормын төдийд тооцоолон боддог. Тантай төстэй санхүүгийн чадавхтай хүн төдий хэмжээний зээл авч болно гэсэн бэлэн тооцоолол байдаг учир үүн дээр суурилдаг гэж ойлгож болно. Энэ бол цэвэр технологийн шийдэл. Тиймээс зээл авахын тулд LendMN апп- ыг татан авч бүртгүүлэхэд л хангалттай. Гэхдээ эхний удаад санхүүгийн харилцаанд орж байгаа учраас цаасан гэрээ байгуулах ёстой байдаг. Манай агентууд зээлдэгчийн байгаа газарт очих эсвэл хамгийн ойрын нотариат дээр уг гэрээг байгуулах боломж бий.
-Өнгөрсөн сард таныг Google компанид очиж, туршлага судлаад ирсэн гэж сонслоо. Ямар ажлаар явсан бэ?
-Google-ээс жилд нэг удаа Google Blackbox хэмээх хөтөлбөр зарладаг. Энэ нь олон улсад гарчихсан болон гарах магадлалтай дэлхийн шилдэг старт-апуудыг сонгож, улмаар 16-г нь шүүж, Цахиурын хөндийд урьж, мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцдаг хөтөлбөр юм. Бүх зардлыг нь Google-ээс С.Батсайхан / ЗГМ© гаргадаг. Энэ жилийн сонгон шалгаруулалтад 200 гаруй старт- ап анкет бөглөж, дөрвөн шатны шалгаруулалтаас манайх 16-гийн нэгээр сонгогдсон. Хөтөлбөр өнгөрсөн арванхоёрдугаар сард Сан Франциско хотод хоёр долоо хоногийн турш явагдаж, Цахиурын хөндийн хамгийн шилдэг зохион бүтээгч, энтрепренерүүд мэдлэг туршлагаасаа хуваалцсан. Хөтөлбөрийн гол зорилго нь Цахиурын хөндийгээс дараагийн Google, Viber-ийг гаргах дэлхийн старт-апуудыг эрэлхийлж, хөрөнгө оруулагч нартай холбон зуучлах юм. Хоёр долоо хоног үргэлжилсэн хөтөлбөрийн төгсгөлд Цахиурын хөндийн 170 гаруй хөрөнгө оруулагч ирж, 16 старт-апууд бизнесээ хөрөнгө оруулагчдад танилцуулсан.
-Цахиурын хөндийгөөс хөрөнгө босгох боломж нээгдсэн үү?
-Манай LendMN-ийг олон хөрөнгө оруулагч сонирхож буйгаа илэрхийлсэн. Хамгийн гол нь Зүүн өмнөд Азийн зах зээлд гарах гэж байгаа маань тэднийг татаж чадсан. Нэгэн томоохон хөрөнгө оруулагч “Та нар өнөөдрийг хүртэл амжилттай явсан чинь нэг хэрэг. Цаашид хэр том зах зээлд орох гэж байна вэ гэдэг чинь анхаарал татаж байна” гэсэн. Биднийг Индонез, Филиппин зэрэг Зүүн өмнөд Азийн олон сая хүн амтай зах зээл хүлээж байна. Бидний хувьд хэдийнэ дотоод болон гадаадаас хөрөнгө оруулалт татсан учир Цахиурын хөндийгөөс хөрөнгө босгох шаардлага одоохондоо байхгүй. Энэ удаад хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй Цахиурын хөндийгөөс олж авсан мэдлэгийг яаж компанидаа нэвтрүүлэх вэ гэдэг дээр төвлөрсөн. Мэдээж хэрэг манай ажиллагаа олон улсад өргөжөөд явах учир Цахиурын хөндийгөөс хөрөнгө босгох боломжийг ашиглана.
-Компанийн анхны хөрөнгө оруулалт болон одоогийн үнэлгээ хэд болсон бэ?
-Хамгийн анх гарааны бизнесээ бид дотоодоос босгосон нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн. Аравдугаар сард дахин дөрвөн сая ам.долларыг гаднын зах зээлээс татаад байна. Одоогоор “Анд глобал” компанийн үнэлгээ 30.4 сая ам.долларт хүрээд байна. Шинэ үнэлгээг дараагийн хөрөнгө оруулалт орж ирэхэд тогтооно. Ингэхдээ өмнөх хөрөнгө оруулалтаас шинэ хөрөнгө оруулалт хүртэл ямар ашигтай, өгөөжтэй ажилласан бэ гэдгээс шалтгаалан өөрсдийн үнэлгээг тогтоох юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй