Евразийн хэлхээнээс Монгол Улс хоцорлоо

Мэдээ


Гурван улсын эдийн засгийн коридор яриа хэлэлцээнээс хэтрэлгүй өдий хүрлээ

Монгол Улсыг эдийн засаг, геополитикийн талбарт цоо шинэ тавцанд авчрах Эдийн засгийн коридорын ажил удааширч эхэллээ. 2010 оноос хойш мөнхийн хөрш гэгддэг Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар жил алгасахгүй уулзан, хэлхээ холбоогоо бэхжүүлэхээр хэлэлцэж ирсэн. Гэвч яриа, хэлэлцээнээс хэтрэлгүй зургаан жилийг үдлээ. Ялангуяа, өнгөрсөн оноос энэ коридорын ажил хэрэг, яриа хэлэлцээ мэдэгдэхүйц саарсан. Гэтэл энэ зуур бусад коридорын ажил урагшилсаар. “Нэг бүс, нэг зам”-д багтсан улс орнууд худалдаа, эдийн засгийн хэлхээ холбооноос ашиг хүртэхээр зорьж, хэдийнэ төлөвлөгөөгөө гаргачихаад, ажилдаа орчихож. Биднийг толгойгоо гашилгаж байх зуур БНХАУ, Мьянмар улс эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтаа эрчимжүүлэхээр хэлэлцэж байна.

Мөн Хятад-Пакистан ч хэдийнэ хөрөнгө оруулалтаа татаад эхэлсэн бол БНХАУ болон Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбекистан, Туркменистан зэрэг баруун болон төв Азийн орнуудыг багтаасан коридорын төсөл амжилттай урагшилж байна. Узбекистан улс гэхэд Хятадын Фернанагийн хөндий, Ташкент хоёрын хооронд 1.6 тэрбум ам.долларын төмөр замыг шинээр нээсэн. Энэ төсөлд Дэлхийн банк, Хятадын экспорт, импортын банк дэмжлэг үзүүлжээ. Дэд бүтцийн хэлхээ холбоо сайжрахын хэрээр Хятад болон төв, баруун Азийн орнуудын хамтын ажиллагаа сайжирсан. Кыргызстаны цементийн салбарт Хятадын хөрөнгө оруулагчид хамтран ажиллаж эхэлсэн бол урд хөршийн тал Тажикстанд хэдэн шинэ цементийн үйлдвэрийг байгуулж, үйлдвэрлэл нь 2013- 2015 онд тав дахин өссөн байна. БНХАУ-ын Tebian Electricity Apparatus компани 2016 оны арванхоёрдугаар сард Душанбигийн цахилгаан станцыг 350 сая ам.доллараар сэргээн босгосон байна.

Ийнхүү бидэнтэй нэг бүс нутагт оршдог улс орнууд өгөөжөө хүртээд эхэлжээ. Тууштай, тогтвортой бодлого хэрэгжүүлж, “Нэг бүс, нэг зам”-ийг бодит болгож буй орнуудад олон улсын санхүүгийн байгууллагууд ч гар татсангүй. Үүдээ нээгээд хоёр жилийн нүүр үзэж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гэхэд 12 улсад нийт 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Өдгөө энэ дүнгээ огцом нэмж, жилд дунджаар 10-15 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээ мэдэгдлээ. Азийн шинэ банкнаас татсан хөрөнгө оруулалтаараа Энэтхэг улс хошуучилж байна. Бээжинд төвтэй тус банкнаас Энэтхэг улс ойролцоогоор 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Мөн БНХАУ “Нэг бүс, нэг зам” санаачилгын хөрөнгө оруулалтаа бууруулахгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус улсын тэргүүлэх хөрөнгө оруулалтын банк болох Хөгжлийн банк дээрх санаачилгад 250 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Гэтэл Монгол Улс энэ мөнгөний урсгалаас өнөө хэр хүртэж чадсангүй. Хоёр хөрштэйгээ хэлэлцэж, ярилцсаар л. Өдгөө бүр яриа, хэлэлцээний идэвх хийгээд эрчим ч удааширч эхэлснийг мэргэжлийн хүн ярьж байна.

Эдийн засгийн коридор удааширч эхэллээ
Уг нь Монгол, ОХУ, Хятадын эдийн засгийн коридорын хөгжлийн зураглал аль хоёр жилийн өмнө бэлэн болсон. Хэрэгжүүлэх төслүүд нь ч тодорхой байгаа. Гэсэн ч нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар бүтээн байгуулалт өрнөөгүй. Гурван улсын төрийн тэргүүн нар 2016 онд коридорын төлөвлөгөөг баталсан. Үүнээс хойш холбогдох албаныхан уулзаж байгаа. Өнгөрсөн оны гуравдугаар сард гэхэд гурван улс экспертийн түвшний уулзалтыг Бээжинд, наймдугаар сарын 29-нд Москвад зохион байгуулсан. Удаах уулзалтыг Монголд хийх саналыг өнгөрсөн онд манай талаас тавьсан. Гэсэн ч хоёр хөршөөс хариу ирээгүй өдий хүрчээ. Гадаад харилцааны яамнаас энэ оны эхний улиралд багтаан яриа хэлэлцээ хийхээр зорьж буй аж. Уг коридорын хүрээнд 32 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс эхний ээлжинд төвийн коридорт хамаарах гурван төслийг эрчимжүүлэхээр хэлэлцээд байгаа.

Гэвч эдгээр төслийн судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулах зэрэг анхан шатны ажлууд ч эхлээгүй байна. Үүний араас хамгийн чухал нь хөрөнгө оруулалт татах ажил ч бий. Гэвч өнөөг хүртэл ажил нь эхлээгүй, яриа хэлэлцээнээс хэтэрдэггүй төсөл л байна. Энэ завсар хөршүүд маань биднийг хүлээсэнгүй. Аливаа төсөлд ажил хэрэгч ханддаг улсуудтай хамтран худалдаагаа тэлэх, Европт хүрэх шинэ гарц, үүдийг нээгээд эхэллээ. Тухайлбал, Хятад улс Европыг чиглэсэн төмөр замын тээврээ Балтийн тэнгисээр дамжин, Латви, Литва улсаар дамнан хийж байна. Мөн БНХАУ-аас Лондонг чиглэсэн анхны шууд галт тэрэг Казахстан, ОХУ, Беларусь, Польш, зэрэг улсыг дайран, тээвэр хийж байна. Энэ мэтээр дэд бүтцийн гарц боломжийг нээсээр байвал Евразийн хамгийн аюулгүй бөгөөд дөт зам гэгддэг Монгол Улс олон улсын худалдаа, тээврийн урсгалаас хоцорч мэдэхээр байна.

Ийнхүү биднийг хоёр тивийг холбон оршдог хэмээн онгирч суух зуур улс орнууд Монголыг тойрон дэд бүтэц татаад эхэллээ. Түүгээр ч зогсохгүй хэдийнэ хөрөнгө оруулалт татаж, ашиг орлого олжээ. Харин Монгол Улс хоосон мөрөөдөл, хуурай төсөл ярьсан хэвээр. Монгол Улс тогтвортой, тууштай, идэвхтэй бодлого хэрэгжүүлэхгүй л бол боломжийг ажил хэрэг болгодог худалдааны түншүүд маань Монголыг хүлээхгүй нь. Монголыг алгасаад зүг бүрт зам тавиад, эх газрыг хэлхээд эхлэх нь.





САНАЛ БОЛГОХ