Ангалын ирмэг дээрх монголчууд

Мэдээ

2017 онд улсын эдийн засаг сайжирсан гэх ч 7000 гаруй ААН хаалгаа барьсан

Монголчуудын амьдрал яг одоо дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Өр зээл, татвар, ажилгүйдэл гээд түмэн хүлээст баглуулан олон бэрхшээлийн дунд бүдчиж явна. Жаахан түлхэхэд л хэдэн зуугаараа ядуу тарчгийн ангал руу унахад ойрхон, ирмэг дээр нь тэнцвэрээ олж ядан тэмтчин яваа гэхэд хилсдэхгүй. Гэр бүлийн хэн нэг нь өвдөх, эсвэл бүр эхнэр нь хүүхдээ хараад гэртээ суух төдийд л айл өрхийн амьдрал хоромхон хугацаанд уруудаж буйн олон жишээг хэлж болохоор. “Эхчүүдэд хүүхдээ хараад гэртээ суу гээд сард 50 мянган төгрөг өгч эхэлсэн ч үнэндээ өрөө, амьдралаа бодоод цаг, наргүй ажилд зүтгэхээс өөр арга алга гэж” нэгэн ээж өгүүлэв. Гурван сая гаруй монголчуудын гуравны нэг нь зөвхөн өнөөдрийн аяга хоолны төлөө ядруу, зутруу амьдарч байгаа бодит дүр зургийг юугаар ч халхлаад далдалж чадахааргүй болжээ.

Өнгөрсөн онд улсын эдийн засаг сайжирсан гэх ч 7000 гаруй аж ахуй нэгж хаалгаа барьчихлаа. Боловсролын чанар, эрүүл мэнд зэрэг нийгмийн тулгуур салбаруудын үндэс суурь ч бэхжиж чадсангүй. Эдгээр салбарыг 20 гаруй жил хөгжүүлнэ гэж ярьсан ч өгсөх, уруудахын зааг дээр гацчихаад байна. Ер нь манай улсын өнөөгийн нөхцөл байдлыг тогтворгүй гээд нэг үгээр тодорхойлчиход буруудахгүй л болов уу. Яг ноён нуруу, жанжин шугамаа олсон, түүнийхээ дагуу ажил нь урагшилж, өөдөлж буй салбар гэвэл ядаж нэгийг ч дурдах боломж алга. Манайх шиг 27 жилийн түүхэнд 15 Ерөнхий сайд томилсон улс тийм ч олон биш. Өмнөх Засгийн газрын хийсэн ажлыг тэр дор нь баллуурдсан хэрнээ өөрсдийнхөө ажлыг дуусгаж чаддаггүй. Гаднынханд хүртэл ярьсан, тохирсноосоо буцдаг, тогтворгүй гэдгээрээ нэрд гарчихлаа. Тогтворгүй гэсэн цол гуншингаа одоо ч гэсэн батлахаар зүтгэж буй. Тухайлбал, Засгийн газар жил хүрэхгүй хугацааны өмнө Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд олон төрлийн татвар нэмэхээр тохирсон. Бодлогогүй, хөрсөнд буухааргүй энэ шийдвэрийг иргэд эсэргүүцээд ирэхээр тохироогоо буцаана гээд сууж л байх. “Манай улсын өрсөлдөх чадварыг доош татаж буй зүйл бол засаглалын үр ашиг.

• Жаахан түлхэхэд л хэдэн зуугаараа ядуу тарчигийн ангал руу унахад ойрхон, ирмэг дээр нь тэнцвэрээ олж ядан тэмтчин явна.

• Өнгөрсөн онд төр засагт итгэх иргэдийн итгэл буурсан байна. Үүнд тендерийг ил тод явуулдаггүй, төрийн албан хаагчдын хүнд суртал их байдаг зэрэг нь нөлөөлсөн.

• Угтаа бол нийгмийн суурийг бэхжүүлдэг боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарууд мөнгөнөөс илүү бодлогоор урагшилдаг ч залгамж халаа, тогтвортой бодлого үгүйлэгдэж байна

Өнгөрсөн онд төр засагт итгэх иргэдийн итгэл буурсан байна. Үүнд тендерийг ил тод явуулдаггүй, төрийн албан хаагчдын хүнд суртал их байдаг зэрэг нь нөлөөлсөн” гэж эдийн засагч Б.Лагшми өгүүлсэн юм. Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. Ийм сайхан бялуурам амлалт манай улсын тогтвортой хөгжлийн зорилтод бий. НҮБ-ын гишүүн орнууд ирээдүйгээ сайн сайхан, баталгаатай болгохын тулд өнөөдөр нийгмийн сууриа бэхжүүлэх ёстой гэж үзэн тогтвортой хөгжлийн зорилтууд дэвшүүлсний нэг нь манай улс. Даанч энэ тэнгэрийн юм шиг зорилтдоо хүрэх бат бэх шат алга. Эрх баригчдын бидэнд сайжирна хэмээн амлаж буй ганц өөдрөг сэдэв бол эдийн засаг. Гэвч эдийн засаг өслөө ч түүнийг зөв удирдаж чадахгүй бол үр ашгаа өгдөггүйг харуулсан жишээ манайд тоймгүй олон. Эдийн засаг нь ч өөрөө уул уурхай гэсэн ганцхан баганатай. Энэ багана хазайвал хэрхэхийг таашгүй. Угтаа бол нийгмийн суурийг бэхжүүлдэг боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарууд мөнгөнөөс илүү бодлогоор урагшилдаг ч залгамж халаа, тогтвортой бодлого үгүйлэгдэж байна. Боловсролын салбарын бодлого гэхэд намаа, сайдаа дагаад өөрчлөгддөг. Хичээлийн хөтөлбөрийн агуулга, сурах бичгээ хүртэл шинэ дарга, сайдтай болохоор ёс юм шиг сольдог. Сүүлдээ манай боловсролын салбар яг ямар зорилт тавиад, хүүхдүүдийг яаж сургаж буй нь ойлгомжгүй болчихлоо.

Харин эрүүл мэндийн салбарт сайжирснаас уруудсан үзүүлэлт олон. Өнгөрсөн арван жилд 10 мянган хүн амын дундах хорт хавдрын тоо алгуур өссөөр хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт жагсах болов. 2016 онд 10 мянган амьд төрөлт тутам дахь эхийн эндэгдэл нэг жилийн дотор 26- 48.6 хүртэл бараг хоёр дахин нэмэгдсэн. Түүнчлэн 2017 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан хохирогчийн тоо арав гаруй болсон зэрэг өнөөгийн нийгмийг харуулах гашуун тоо баримтууд уртаас урт хөвөрнө. Ийм уруу дорой амьдралд бухимдсан иргэдийн дунд нэгнийгээ жагсаал цуглаан, цаашлаад үймээнд уриалан дуудах нь олшрох боллоо. Нэг үгээр хэлэхэд манай нийгмийн бүх салбар тогтворгүй байдал ноёлж, ганц л буруу гишгэвэл амьдралд хөл алдахаар болжээ. Даанч алдахад түшээд босгох хүчтэй төр засаг алга. Гэхдээ тогтворгүй байдалд сайн тал бий. Жаахан л үлээхэд ангал руу унахад бэлэн хэрнээ багахан дөл асаагаад дэмжээд өгвөл гэрлийн хурдаар эрс сайжрах боломж бас байдаг. Даанч төр засаг нь ард иргэддээ хамаг хүнд ачааг үүрүүлчихээд, саарал ордон дотроо хөнжилдөө хөлөө жийлцэж байгаагаас энэ боломжийг олж харахгүй байх шиг. Ард түмэн бол цагаан цаас гэж улс төрчид ярьдаг гэнэм. Тэр цагаан цаасыг дахин дахин баллуурдаж, үнгэж цоолоод байдаггүй өв тэгш нийгмийг бүтээх цаг хэзээ ирэх юм бол, бүү мэд.






САНАЛ БОЛГОХ