“Оюу-толгой” бүтээгдэхүүнээ хэвийн нийлүүлэх боломжтой болов

Мэдээ


Ганц мод боомтын тээвэрлэлт хэвийн болсныг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг мэдээллээ. Энэ сарын 8-наас эхлэн БНХАУ-ын орон нутагт том оврын машин түрээсэлдэг компанийн эзэд, жолооч нар эсэргүүцлээ илэрхийлж, машинуудаараа зам таглаж, Ганц модны боомтын тээвэрлэлтийг гацаасан. Үүнээс үүдэн Монгол Улсын экспортын 60 хувийг бүрдүүлдэг Ганцмод- Гашуунсухайт боомтын тээвэрлэлт гацаж, уул уурхайн томоохон компаниудын нийлүүлэлт зогсоод байсан. Тухайлбал “Оюу-толгой” компани гэрээний дагуу хэрэглэгчдэд хүргэх зэсийн баяжмал хилээр гарахад саатаад байлаа. Гэтэл өчигдөр буюу пүрэв гарагийн өглөөнөөс гацаа арилжээ. Экспортын тээвэрлэлтэд үүссэн гацааг арилгахын тул Гадаад харилцааны яам БНХАУ-ын талтай яриа хэлэлцээгээ эхлүүлсэн. Урд хөршийн албаныхан ч нөхцөл байдалтай танилцаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд тээвэрлэлт хэвийн, хоёр талын зам нь нээлттэй болсон байна. Ингэснээр “Оюутолгой”-гоос гадна “Эрдэнэс Тавантолгой” зэрэг Монголын экспортлогчид бүтээгдэхүүнээ хэвийн нийлүүлэх боломжтой болов.

Ганцмод боомтын ойролцооны зам таглаж, эсэргүүцэл илэрхийлсэн автомашины эзэд буюу Эрдэнэс ТаванТолгой компанийн түүхий нүүрсийг худалдан авдаг “E -Commodities Holdings” буюу “Winsway Enterprises”, Chalco компанийн жолооч, автомашины эзэд Монгол Улсын Засгийн газрын тээврийн зохицуулалтын шийдвэрийг дагахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тодруулбал, Монгол Улс шууд тээвэрлэлтийг зогсоосон нь хүндрэл учруулж байгаа бөгөөд бүх төрлийн тээврийг хөгжүүлэх шаардлага тавьсан. Мөн тээвэр эрхлэлтийн зөвшөөрлийг Монгол Улс хязгаарласан тухай болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөд уян хатан бодлого баримтлах зэргийг шаардсан юм. Үүнийгээ Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур аймгийн боомтын захиргаанд хүргүүлсэн юм билээ. Хятадын талаас саналыг нь хүлээн авсан. Одоогоор манай улсад албан ёсны шаардлага тавиагүй байгаа. Ойрын хугацаанд хоёр талын холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, ярилцаж шийднэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.



САНАЛ БОЛГОХ