Хот хөрөнгө оруулалтын үүцээ задална

Мэдээ


Хөрөнгө оруулалтын бизнес уулзалт энэ сарын 29-нд болно

Улаанбаатар хотод энэ жил улс болон нийслэлийн төсвийн 412.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийх юм байна. Тодруулбал, улсын төсвөөс 212 төсөл, арга хэмжээнд 192.8, нийслэлийн төсвөөс 95 төсөл, арга хэмжээнд 153 тэрбум төгрөг зарцуулна. Мөн гадаадын зээл тусламжаар 14 төсөл, арга хэмжээнд 55.1, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 129 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнээс нийгмийн салбарт буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг өргөтгөж, шинэчлэхэд 140.4 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Ингэхдээ 2020 он гэхэд Улаанбаатарт орчин үеийн оношилгоо, эмчилгээний хоёр том төв байгуулагдах бөгөөд эхнийх нь “Хүрээ” амаржих газрын дэргэд баригдах аж. Харин удаах нь АШУҮИС-ийн дэргэд байгуулагдана. Түүнчлэн 2018 оны эцэст Сонгинохайрхан дүүрэгт дэлхийн жишигт нийцсэн нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулах бол 2019 онд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тус бүр нэг, нэг нэгдсэн эмнэлэг байгуулах аж. Үүнээс гадна “Хүрээ” амаржих газрыг Яармагт баригдаж буй IV төрөх рүү шилжүүлж, “Хүрээ” амаржих газрын суурин дээр Улаанбаатар хотын хүүхдийн нэгдсэн амбулатор байгуулахаар төлөвлөжээ. Тэгвэл боловсролын салбарт 2018 онд 52 цэцэрлэг, 34 сургууль шинээр барихын зэрэгцээ заримыг нь өргөтгөх юм. Ингэснээр Улаанбаатар хотын бүх сургууль хоёр ээлжинд бүрэн шилжиж, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 85 хувьд хүрэх тооцоолол гаргажээ.

Энэ онд бүх сургуулийг хоёр ээлжтэй болгоно
Тэрчлэн хот байгуулалтын салбарт 125, авто замын салбарт 51.4, байгаль орчин, хот тохижилтын салбарт 22.1, бусад салбарт 17.5 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. 2018 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга “Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаад байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ирэх гуравдугаар сарын 1 гэхэд нийслэл хот худалдан авах, хөрөнгө оруулалтын ажлаа зарлаж, дөрөвдүгээр сарын 1 буюу газар гэсэх үед бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. 2018 он бол хариуцлагаа дээшлүүлж, ажлаа эрчимжүүлэх чухал жил. Бүтээн байгуулалтыг өрнүүлж, газар чөлөөлөх, цэцэрлэг, сургуулийн барилгын ажил болон түрээсийн орон сууц, сервис центр зэрэг үндсэн чиглэлд тусгасан зорилтот ажлуудаа хийх ёстой” гэв.

Улаанбаатар хотын бүтээн байгуулалт эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ жилийн хөрөнгө оруулалтын бизнес уулзалтыг энэ сарын 29-нд Улаанбаатар худалдааны танхимтай хамтран хийхээр товложээ. Тиймээс худалдан авах, тендерийн эрх шилжүүлэх ажлыг хоёрдугаар сард багтаан дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийг хотын дарга нийслэлийн төр захиргааны байгууллагуудад үүрэг болгоод байна.



САНАЛ БОЛГОХ