Төсөл “залгигч” голдрил

Мэдээ


Төслийн нэгжийг удирдаж, тэнд шахааныхаа хүнийг шингээх гэсэн сонирхол их

Улс оронд өгөөжтэй ч улстөрчдөд унацгүй бол Монголд ажил урагшилна гэдэг амаргүй. Хэрэгжүүлсэн бол өдийд эдийн засгийн үр ашгаа өгч, нийгмийн зарим салбарын тодорхой асуудлыг шийдчих байсан томоохон төслүүдээс цаасан дээр сүндэрлэсэн нь л тоймгүй олон. Хувийн хэвшлийн хэдхэн төслийг эс тооцвол төрийн оролцоотой ажлууд гацаж, ухарч, нурсаар хамтран хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч тал нь залхсан, буцсан, хаясан тохиолдлууд цөөнгүй. Төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж чанар алдагдсан улс орон гээд цаашид санхүүжилт олгох бодолгүй болтол нь залхаачихсан урагшгүй улс гэвэл Монголыг л нэрлэнэ. Саяхан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Инду Бушан Монголд ирлээ. Улмаар Засгийн газрыг төлөөлөх Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзсан юм. Тэгэхдээ тус банкнаас санхүүжүүлсэн тодорхой төслийн явц хэтэрхий удаан байгааг сануулаад “Дахин шинэ төсөл, хөтөлбөр батлах, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно шүү” гэдгийг хатуу анхааруулсан юм.

Өөрөөр хэлбэл, АХБ-наас дахиж манайд төсөл хэрэгжүүлэхгүй шүү гэсэн дохиог ноён Инду Бушан хэллээ. Энэ бол чадан ядан байгаа Монголын эдийн засагт том цохилт болно. Төсөл “залгигчдын” гай, гамшиг энэ. АХБ-ны төлөөлөгч урагшилж өгөхгүй байгаа төслүүдэд Сонгинохайрхан дүүргийн загвар эмнэлгийн барилга, Баруун бүсийн босоо тэнхлэгт Орос- Хятадыг холбосон автозам, Дархан- Уул аймгийн цэвэрлэх байгууламжийн төслийг онцлон цохож нэрлэв. Хэд хэдэн төрийн нүүр үзэж, хэчнээн албан тушаалтны гар дамжаад ч эдгээр төсөл урагшлахгүй байдгийн шалтгаан юунд байна вэ.

• 26 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 1.9 тэрбум ам.долларын санхүүжилтийн зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

• Төрийн албыг намын харьяаллаар бужигнуулдаг муу жишиг төслийн нэгжүүд рүү шилжсэн.

• Үнэндээ монголчууд төсөл гэхээр бөөн мөнгө гэж ойлгодог.

Лав л Г.Шийлэгдамбаас эхлээд Д.Сарангэрэл хүртэл эрүүл мэндийн гурван ч сайд томилогдох бүртээ СХД-ийн жишиг эмнэлгийг барих ажилд анхаарлаа хандуулахаа амладаг байв. 37 сая ам.долларын өртөгтэй уг төсөл хэрэв хэрэгжсэн бол 150-200 ортой, 7-8 төрлийн төрөлжсөн тусламж үзүүлэх, жилд дунджаар 47 мянга гаруй хүнд амбулаторийн тусламж, 10 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой олон улсын стандартад нийцсэн эмнэлэгтэй болох байлаа. Тэгвэл өнөөдөр Сонгинохайрханы 230 гаруй мянган иргэн даац нь 2-3 дахин хэтэрсэн эрүүл мэндийн төвөөсөө эмнэлгийн үйлчилгээ авах гэж хэдэн өдрөөр дугаарлан, шал эсвэл коридорт хэвтсэн дүр төрхийг та бид харж буй. Баруун бүсийн босоо тэнхлэгт Орос-Хятадыг холбосон автозам. Уг төслийг хэрэгжүүлэх хэлцлийг баталгаажуулж 2011 онд Сангийн сайд асан С.Баярцогт Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй харилцан гарын үсэг зурж, ёслолын арга хэмжээ хийн тууз хайчилж байв.

Энэ төсөлд Азийн хөгжлийн банк 170 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 92 сая ам.долларын хөрөнгө гаргаж, гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байлаа. Ингэснээр нийт 293 км хатуу хучилттай авто зам, бүрэн тоноглогдсон засвар арчлалтын гурван төв, орон нутгийн 34.9 км зам, гурван гүүрний барилгын ажлыг хийхээр болсон. Гэвч цаасан дээр уртаас урт зам зурайн үлдэж. Тэгвэл Дарханы цэвэрлэх байгууламжийн хувьд санхүүжилтийн 90 хувьд нь Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл олгохоор болж,үлдсэн арван хувийг нь Монгол Улсын Засгийн газар гаргах үүрэг хүлээсэн. Нийт 20 гаруй сая ам.доллараар хэрэгжих уг төслийн сураг саяхнаас л дөнгөж сонсогдлоо. Гэхдээ зөвхөн гүйцэтгэх компанид гэрээгээ гардуулж өгсөн гэдгийг тодотгоё. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 1.9 тэрбум ам.долларын санхүүжилтийн зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Энэ бол одоогийн ханшаар 4.6 их наяд төгрөг. Эрүүл мэнд, боловсрол, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг олон салбар, чиглэлээр 310 гаруй төсөл хэрэгжүүлэх санхүүжилтыг олгосон том түнш АХБ-ны итгэлийг алдан зээл, тусламжийн нэрээр орж ирсэн энэ их мөнгийг юунд зарцуулж, хаашаа шингээчихсэн нь ойлгомжгүй. Яахав улс төрийн тогтворгүй, тодорхойгүй, ороо бусгаа нөхцөл байдал, тулга тойрсон ялих шалихгүй хэрүүлээс болж хэрэгжих явцдаа сарнисан нь цөөнгүй байдаг л байх. Гэхдээ Азийн хөгжлийн банк гэлтгүй олон улсын байгууллага, бусад донор орнуудаас өгч буй зээл, тусламжийн хүрээнд хийгдэх төслүүдийн санхүүжилт өөр голдрилоор урсан, тухайн үед эрх барьж буй улс төрийн нам, тэндээс томилогдсон хүмүүсийн халаас руу “цутгадаг” болсон нь нууц биш ээ. Төслийн хүрээнд улс орон, ард түмэнд ашигтай ажил, бүтээн босголт хийхээс илүү, өндөр цалин, тусгай хангамжийг нь харж төслийн нэгжийг удирдах, тэнд шахааныхаа хүнийг шингээх гэсэн хувийн ашиг сонирхол албан тушаалтнуудад нийтлэг нэвчжээ. Тухайлбал, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой амьжиргаа” төслийн 100 гаруй ажилтныг өмнөх Засгийн газрын төлөөлөл гэдэг үндэслэлээр халах шийдвэрийг Ж. Эрдэнэбатын Засгийн газрын Сангийн сайдаар томилогдсон нөхөр гаргаж байсан нь саяхных.Төрийн албыг намын харьяаллаар бужигнуулдаг муу жишиг төслийн нэгжүүд рүү шилжсэний тод жишээ, нотолгооны нэг энэ л дээ.

Үнэндээ монголчууд төсөл гэхээр бөөн мөнгө гэж ойлгодог. Төсөл дээр ажиллаж байгаа хүнийг баяжиж байна гэж хардаг. Төслөөр мөнгө олж болно. Гэхдээ тэр нь эргээд улс оронд хэрэгтэй бүтээмжийг бий болгох нь чухал. Харамсалтай нь тэр бүхэн үр дүнгээ өгч амжаагүй байхад тухайн төсөл дээр ажилласан хүмүүс мөнгөжөөд эхэлдэг үзэгдэл манайд байгаад хамаг учир байгаа юм. Энэ нь төслийн мөн чанар, түүний талаарх ойлголтыг бүрхэгдүүлж байна. Аль ч Засгийн газар гарч ирээд төр, бизнес, нийгмийн салбарт олон төрлийн төсөл хэрэгжүүлнэ гэж ярьдаг, маш их мөнгө, зээл, тусламж төвлөрүүлдэг. Монголд өнөөдөр маш олон төсөл хэрэгжиж байгаа. Гэвч тэр төслүүдийн үр нөлөө, Монголын нийгмийг яаж урагшлуулав гээд ярихаар Улаанбаатарын утаатай тэнгэр шиг бүрхэг болчихоод байгаа юм. Төсөл улс орон, ард түмний хөгжлийн төлөөх шинэ санаа, үйл явц. Шинэ санааг дагаж бид хэрхэн төслийг хурдтай хэрэгжүүлж урагшилж, хөгжих вэ гэдэг л асуудал байх ёстой. Харин манайд уг төслийг эрх мэдэлтнүүд яаж ийгээд өөрийн болгохын төлөөх уралдаан, хувьсгалын биш хувийн ашиг сонирхолыг хэрэгжүүлэх гэсэн эрх ашгийн атгаг өрсөлдөөндөө золиослох болсон нь харамсалтай.



САНАЛ БОЛГОХ