Хотын иргэншлийн үнэ цэнэ

Мэдээ

Нийслэлийн хаалга хүн бүхэнд нээлттэй байх ёсгүй

Улаанбаатар хот манай улсын нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувийг эзэлдэг. Гэсэн ч хүн ам нь Өвөрхангай, Булган, Говьсүмбэр, Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь гэсэн зургаан аймгийн оршин суугчдыг нийлүүлсэнтэй тэнцэхээр болжээ. Эх орны хувьд алга дарам гэж хэлж болохуйц энэ жижиг бүсэд хүн амын 40 гаруй хувь нь төвлөрч байна. Ажлын байр, амьдралын ая тухыг харж нийслэлийг зорьж буй иргэдийн цуваа саарах төлөв алга. Хэдийгээр өнгөрсөн жил орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг зогсоосон ч энэ нь бодит байдалд үр дүнгээ өгсөнгүй. Албан ёсны бүртгэлгүйгээр хотын захад гэр барин амьдарч буй орон нутгийн иргэдийн тоо буурсангүй. Хүн амын хэт төвлөрлийг дагасан түмэн асуудал, буман бэрхшээлийг нийслэлийнхэн бүгд амсаж буй. Замын түгжрэл, орчны болон агаарын бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ гээд хүн бүрийн шүдний өвчин болсон бэрхшээлүүдийг тоочоод барахгүй. Гэмт хэргийн тоо 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас 5503 хүн гэмтэж, осолдсон бол 579 хүн цаг бусаар амиа алдав. Хотын бараан талыг харуулах ийм үзүүлэлт тоймгүй олон байна. Хотын захиргаа 2030 онд нийслэлийг найман дэд төвтэй болгож, дагуул хотуудыг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ мөрөөдлийн төлөвлөгөө 2030 онд биелдэг юм гэхэд тэр хүртэлх 10 гаруй жилд нийслэлчүүд эрүүл мэндээрээ хохирсоор байх нь.

Улаанбаатарыг зорих иргэдийн тоо өсөж буй бол олон улсад энэ хандлага эсрэгээрээ
Манай улсад хот руу тэмүүлсэн их урсгал улам эрчимжсээр байгаа бол олон улсад энэ хандлага эсрэгээрээ өрнөж буй. 1960 онд дэлхийн хүн амын 17.6 хувь нь хотын оршин суугчид байсан. 1970-1980 онд 18 хувьд буюу дээд цэгтээ хүрсэн ч удалгүй саарч эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амд эзлэх хотын иргэдийн хэмжээ 1980 оноос хойш аажим буурсаар 16.3 хувьд хүрээд байна. Энэ нь хотжилт, хэт төвлөрлийн зовлонг амссан улс орнууд дор бүрнээ хүн амын төвлөрлөөс зугтах арга хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой. Хотын иргэн байхын үнэ цэнийг мэдрүүлж буй хамгийн тод жишээ бол Бээжин хот. Энэ хотын албан ёсны оршин суугч болоход багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг зохицуулалттай. Бээжинд амьдрах эрх авах нь орон нутгийн иргэд, цагаачдын хувьд алтан түлхүүр атгасан мэт үнэтэй зүйл. Учир нь автомашины дугаар авах, боломжийн үнэтэй орон сууцтай болох, тэтгэвэрт гараад нийгмийн болон боловсролын үйлчилгээ авах зэрэг олон боломж нээгддэг байна. Тус хотын иргэн болохын тулд албан ёсны оршин суугчтай гэрлэж болно. Эсвэл гурван жилийн хугацаанд бизнесийн орлогоосоо гурван сая юаниас илүү татвар төлөх ёстой.

• Нийслэлийн хүн ам Өвөрхангай, Булган, Говьсүмбэр, Сүхбаатар, Говь-Алтай, Дундговь аймгуудын оршин суугчидтай тэнцэнэ.

• Хэрэв энэ байдлаараа үргэлжилбэл 2030 онд нийслэлийн хүн амын тоо хоёр саяд хүрнэ.

• Хотын төвлөрлийг сааруулахын тулд олон улсад хамгийн өргөн ашигладаг арга бол татвар.

Түүнчлэн Бээжинд их, дээд сургууль төгсөөд ажилд орсон залуучуудад оршин суугч болох квотыг байгууллагуудад өгдөг. Үүнд ихэнхдээ төрийн албан хаагчид багтдаг бол хувийн компанийн ажилчид хамрагдана гэдэг тун ховор тохиох аз гэж хэлж болно. Жил ирэх тусам энэ шалгуурын босго улам өндөрссөөр байгаа. 2013 онд Бээжинд их, дээд сургууль төгссөн 229 мянган залуусын дөнгөж 10 мянга нь энэ квотод багтаж чаджээ. Гэхдээ квотод багтахын тулд бакалаврын зэрэгтэй бол 24-өөс доош насных байх ёстой. Харин магистр бол 27, доктор бол 35 насны босго тавьдаг аж. Албан бус эх сурвалжийн мэдээллээр ийм эрхийг хар зах дээр 720 мянган юань буюу төгрөгт хөрвүүлбэл 272.2 сая төгрөгөөр худалдаж авдаг. Хотын төвлөрлийг сааруулахын тулд олон улсад хамгийн өргөн ашигладаг арга бол татвар. Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг бусдаас илүү авч байгаагийн төлбөр гэж хэлж болно. Хотын татвартай болсноор хэт төвлөрөл ямар нэг хэмжээгээр буурдгийг шинжээчид хэлдэг. Тухайлбал, хотжилтын сонгодог жишээ гэж хэлж болох Нью-Иорк хотод “гаднын” иргэд жилийн орлогынхоо 2.9-3.6 хувийг татварт төлдөг байна. Хэрэв үүнээс бага хугацаагаар амьдрах бол өдрөөр нь тооцон татвар авдаг аж. Хүүхэдтэй гэр бүл албан ёсны оршин суугч болбол хүүхдийн, цалингийн, өрхийн болон сургуулийн татвар төлөх ёстой.

Тэгвэл Берлинд 21-ээс доош хоног байрлавал оройн цагийн үйлчилгээний татвартай. Зоогийн газар, кино театр, зочид буудал зэрэгт нэмэлт төлбөр өгөхийг шаарддаг. Харин АНУ-ын хамгийн өндөр татвартай хот бол Брижпорт. Гурваас дээш гишүүнтэй өрх орлогынхоо 22-оос илүү хувийг төлдөг. Энэ нь жилд дунджаар 150 мянган ам.доллар болдог байна. Ер нь зөвхөн хотын албан ёсны иргэн биш байлаа ч хотод амьдрахын тулд тодорхой шаардлага хангах ёстой гэж зарим оронд үздэг. Тухайлбал, Австралид хүүхэдтэй гэр бүл заавал тусдаа хүүхдийн өрөөтэй байхыг шаарддаг.

Гэтэл Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээний нэг хувийн татвар л авдаг. Өөрөөр нийслэлийг зорин ирэгсдийг хазаарлах зохицуулалт үнэндээ алга. Хөдөө орон нутгийн хөгжил сул, ажлын байр, амьдралын чанар доогуур байгаа нь үнэн. Тэглээ гээд дөрвөн уулын дундах хэсэг газарт бөөгнөрч амьдармааргүй байна. Хэн дуртай нь ирж суурьшиж байдаг Улаанбаатарт суурин соёлд дасдаггүй бүдүүлэг иргэд цөөнгүй. Замын хөдөлгөөний дүрмээ баримталдаггүй, орчноо байнга бохирдуулдаг хотжоогүй суугчид нийслэлд хэрэггүй. Жил бүр зогсолтгүй нэмэгдэж буй урилгагүй, хотын хөгжлийг хойш чангааж буй иргэдийн цувааг сааруулах зохицуулалт ойрын үед шаардлагатай олжээ. Хэрэв энэ байдлаараа үргэлжилбэл 2030 онд нийслэлийн хүн амын тоо хоёр саяд хүрэхээр байгааг албаны хүмүүс онцолж байна. Тэгвэл агаарын бохирдол, халдварт өвчин, замын түгжрэл зэрэг хотжилтын том бэрхшээлээс зугтах аргагүй болох нь.


САНАЛ БОЛГОХ