Нэг сорьцоор найман төрлийн хорт хавдар илрүүлнэ

Мэдээ


Хорт хавдрын 70 хувийг илрүүлснээс өндгөвчийн хавдрын 98 хувийг тодорхойлжээ

Хорт хавдрыг илрүүлж, оношлох нь цаг авсан, түвэгтэй үйл явц байсаар ирсэн. Ялангуяа уг өвчлөлийг цаг тухайд нь илрүүлж, эртнээс эмчилж чадаагүйгээс өвчтөн амиа алдах явдал нэлээд гардаг. Тухайлбал, Монголд жилд дунджаар 6000 хүн хорт хавдраар өвчилж, 4000 нь нас бардаг агаад энэ нь өвчний улмаас нийт нас баралтын 25 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Дэлхийн хэмжээнд ч цаг бус нас баралтын үлэмж хэсгийг эзэлдэг агаад 2030 он гэхэд 13 сая хүн хорт хавдрын улмаас нас барж магадгүй гэсэн тооцоо байдаг. Харин шинэ онд анагаах ухааны гол сенсаац болоод буй цусны хорт хавдрыг энгийн хялбар, үр дүнтэй оношлох боломж олгож байгаа юм. Судлаачдын саяхан танилцуулсан CancerSEEK нэртэй цусны сорьцын энэ аргаар 1000 гаруй өвчтөний өвчлөлийн маш нарийн оношийг гарган авчээ. Балтимор хотын Жон Хопкинсийн Анагаах ухааны их сургуулийн судлаачдын баг судалгааныхаа үр дүнг Science сэтгүүлд нийтлүүлсэн байна. Эрт илрүүлэх нь уг өвчнийг эмчлэх үндсэн нөхцөл юм. Гэвч харамсалтай нь найдвартай, үр дүнтэй оношилгооны арга үгүйгээс хожимдсон хойно нь уг өвчнийг илрүүлдэг байв.

Эрт илрүүлсэн тохиолдолд олон өвчтөнийг аврах боломжтой
Харин CancerSEEK арга хорт хавдрыг эхлэлийн шатанд нь энгийн, түргэн шинжилгээ хийж, илрүүлэх боломж олгоно гэдэгт Жон Хопкинсын судлаачид итгэлтэй байна. Хорт хавдар анх бүрэлдэж эхлэхдээ мутацид орсон ДНК болон протейн ялгаруулж, цусны эргэлтэд оруулдаг агаад тэдгээр өвчлөлийн анхны шинж тэмдэг болдог. Иймээс шинэ аргаар цусны сорьц авснаар найман төрлийн хорт хавдрын 16 эсийн мутаци ба найман протейний шинж тэмдгийг тогтоож болно. Үүнд хөх, уушги, шулуун гэдэсний хорт хавдар багтаж байна. Дээр нь одоохондоо дундаж эрсдэлтэй өвчтөний хувьд шинжилгээ хийж илрүүлэх боломжгүй байгаа өндгөвч, элэг, ходоод, нойр булчирхай, улаан хоолойн хорт хавдруудыг эрт илрүүлэх боломж нээгдэж байна. Жон Хопкинсын их сургуулийн хавдар судлал, биостатистикийн профессор Кристиан Томасетти ярихдаа “Бидний ангиллын аргын шинэлэг зүйл нь юу вэ гэвэл эцсийн онош тавихын тулд янз бүрийн ДНК-ын ажиглалтын магадлалыг хэд хэдэн протейний түвшинтэй хамтатган шинжлэх явдал юм” гэв. CancerSEEK аргыг ашиглан найман төрлийн хорт хавдрын аль нэгээр өвчилсөн 1005 хүн дээр шинжилгээ хийжээ. Сорьцоор хорт хавдын 70 орчим хувийг илрүүлснээс хөхний хорт хавдрын 33 хувь, өндгөвчийн 98 хүртэл хувийг тодорхойлж чадсан аж.

Харин байнгын шинжилгээнд хамрагдаж чадаагүй байгаа таван төрлийн хорт хавдрын хувьд илрүүлэх магадлал 69-98 хувьтай гарсан байна. Нарийвчлалын хувьд CancerSEEK сорьц 99 хувийн амжилт үзүүлэв. 812 эрүүл хүнээс сорьц авахад долоод нь худал буюу өвчтэй гэсэн онош гарсан байна. Судалгааны нэг удирдагч профессор Кеннет Кинцлер “Ийм өндөр нарийвчлалтай байгаа нь маш чухал. Учир нь тухайн хүн буруу оношийн дараа шаардлагагүй шинжилгээ хийлгэж, хорт хавдар үнэхээр байгаа эсэхийг нотлох гэж үйлээ үздэг” хэмээн өгүүлэв. Судлаачдын ярьснаар хорт CancerSEEK-ийн үр ашгийг тодорхойлохын тулд илүү өргөн хүрээтэй судалгаа хийх шаардлагатай аж. Ийм ажил ч төлөвлөгдөөд буй.

Гэхдээ саяын судалгааны үр дүн маш их найдвар төрүүлж байгааг эрдэмтэд онцолжээ. Жон Хопкинсын их сургуулийн мэс засал, радиологийн профессор, доктор Анне Мари Леннон “Энэ судалгааны үр дүн өвчтөнүүдэд асар их нөлөө үзүүлнэ. Эрт илрүүлсэн тохиолдолд олон өвчтөнийг аврах боломжтой. Болдог бол хорт хавдрыг эрт илрүүлж, мэс заслын аргаар зайлуулах ёстой. Гэвч дан мэс заслын арга боломжгүй бол хорт хавдар даамжрахаас өмнө системт эмчилгээ хийж болно” хэмээн тайлбарлав. Тэдний нээсэн CancerSEEK арга удахгүй энгийн хялбар, гаднын нөлөөгүй, түргэн оношилгоог өвчлөлийн эхний шатанд хийх боломж олгоно гэдэгт судлаачдын багийнхан итгэлтэй байна. Судалгааны нэг удирдагч доктор Берт Вогелстайн “Энэ нь судалгааны анхаарлыг хорт хавдрын хожуу үеэс эхний шат руу төвлөрүүлэх шинэ алхам болж байна. Ийм судалгаа ирээдүйд хорт хавдраар нас баралтыг бууруулахад маш чухал үүрэгтэй” хэмээн үнэлсэн байна.


САНАЛ БОЛГОХ