Залууст амгалан, нялхас, хөгшдөд ширүүн жил байх нигууртай

Мэдээ


Жил орно гэхээр заавал муу зүйл тохиолдоно гэсэн үг биш

Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчоймбол дацангийн гэвш лам Б.Цэрэндагватай уулзаж, айсуй нохой жилийн өнгө болоод ямар жилтэй хүмүүс ямар засал хийлгэх шаардлагатай талаар ярилцлаа.

-Нохой жил удахгүй гарах гэж байна. Нохой жилийн ерөнхий өнгө ямар байх бол гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-Юуны өмнө таны сонины уншигчдад болон Монголынхоо нийт ард түмэнд гарч буй нохой жилийн мэнд хүргэе. Энэ жил тийн унжлагат хэмээх шороон нохой жил гарах гэж байна. Тийн унжлагат гэсэн үгийн тодотголд хулгай дээрэм олшрох, ардын эдийг хаад ноёд булаах нигууртай, эд хийгээд үр тарианы үнэ дунд зэрэг хэмээн тэмдэглэжээ. Бурхны шашны үндэслэлтэй одон зурхайн салбарт сав ертөнцийн байдал төрх, шимийн амьтдын байдал төрх гэсэн хоёр зүйл бий. Сав ертөнцийн байдал төрхийг харвал жилдээ өвс ногоо сайтай, үр тариа дэлгэрэх боловч хормол өвчин өчүүхэн төдий гарах нигууртай.

Ихэс дээдсийн эрх хүчин дэлгэрнэ. Дөрвөн улирлын эхэн саруудаар хур тунадас багатай, салхи ихтэйдүү байх төлөвтэй гэж буусан байна. Шим амьтдын талаас харвал залууст амгалан, нялхаст ширүүн, өтөл хөгшдөд бүр ширүүн байх нигууртай. Нохой жилд төрсөн хүмүүсийн жил орж байгаа учраас болгоомжлонгуй байх хэрэгтэй. Гэхдээ жил орно гэхээр заавал муу зүйл тохиолдох албагүй. Зарим жил хүмүүст илүү үр бүтээлтэй орох нь бий. Зарим тохиолдолд өвчин зовлон эргүүлсэн, барцад саад ихтэй жил гарна. Нар, сар, од гарагсын шилжилт хөдөлгөөнөөс хамааралтайгаар жил орж байгаа хүмүүст тогтворгүй байдал үүсдэг. Тогтворгүй жил заримдаа ашигтай бол заримдаа муу үр дүнтэй болдог байх нь. Ер нь монголчуудад 49-ний жил хүнд орох нигууртай байдаг.

Бар жилтэй хүмүүс гүүмэг буюу есөн нүдний засал хийлгэх шаардлагатай
Тиймээс нохой жилтэй хүмүүс сүм хийдэд очоод сундуй, алтангэрэл, жадамба, заслын найман ном, дашзэвэг, хийморийн сан тэргүүтнийг уншуулах шаардлага гардаг. “Энэ жил мэнгэ голлосон” гэж монголчууд ярьдаг. Мэнгэ голлох гэдгийн утгыг тайлбарлаж өгөхгүй юу? Бурхны шашны үндэслэлтэй одон зурхайн салбарт есөн мэнгэ байдаг. Есөн эрхшээгч од байдаг гэсэн үг л дээ. Ирэх нохой жилд есөн улаан мэнгэтэй хүмүүсийн мэнгэ голлоно. Мэнгэ голлох үйл явцад нар, сар, од гарагсын шилжилт хөдөлгөөнөөс хамаараад хүний ар нурууг дагаж байгаа артер, венийн судасны эргэлт хурдсах, удаашрах зэргээр жигд биш болдог. Өөрөөр хэлбэл цусны эргэлт хэлбэлзлээ алддаг. Энэ нь өвчин зовлон эхлэхийн үндсэн суурь ч болж мэднэ. Мэдээж биеэр гүйж буй цусны эргэлт алдагдахаар даралт ихсэхээс авахуулаад цус багадаж, ухаан алдах зэрэг олон бэрхшээл учирч магадгүй шүү дээ. Энэ байдлыг хянаж, хэвэнд нь барихын тулд мэнгэний засал хийлгэж, жанаг гогдог, дашзэвэг, сундуй гэдэг ном уншуулах хэрэгтэй. Мэнгэ голлохын дараа харш жил гэж бий. Дотроо их, бага харш жил гэж бий. Энэ жил луу жилтнүүдэд их харш жил, үхэр болон хонь жилтэнд бага харш жил гарах нь.

Харш жилийн засал гэж бий юу?
Их харш жил гарч буй хүмүүст дүнсэрийн засал хийгддэг. Дээрээс нь Дашзэвэг, Найман гэгээн, сундуй, Жамбалсанжид зэрэг ном уншуулбал сайн зохилтой. Бага харш жилд шишидийн засал гэж хийгддэг. Үүнээс гадна Дашзэвэг, Найман гэгээн, Сундуй, Алтангэрэл, Жадамба тэргүүтнийг уншуулах хэрэгтэй. Их харш жилд барцад саад илүү их тохиолдох магадлалтай. Бага харш жилд эрсдэл үүсэх магадлалтай ч арай бага. Үүний дараа суудлын тал гарч ирдэг. Одон зурхайн салбарт мод, гал, төмөр, ус, огторгуй, уул, хий, шороо гэсэн найман суудал бий гэж үздэг. Нохой жилийн тухайд огторгуй, уул, хий, шороонд сууж байвал суудал өнцөгдөнө. Суудал өнцөгдсөн үед ямарваа нэг зүйлд өртөх магадлал илүү болох талтай.

Харин суудал засах засал хийлгэвэл эрсдэлээс зайлсхийж болно. Энэ дундаа огторгуйд сууж байвал өвчин зовлонгийн үүд нээгдэж байдаг. Шороонд суусан бол гарзын үүд нээгдэж байдаг. Тиймээс огторгуйд суусан хүн өвчин зовлонгийн үүдийг хаах, шороонд суусан бол гарзын үүд хаалгах засал хийлгэх шаардлагатай. Үүний дараа орж ирэх нэг зүйл нь суудал давхцах. Хэрэв эхнэр, нөхөр хоёр нэг суудал дээр суусан байвал салгах шаардлага гардаг. Яагаад гэвэл эхнэр, нөхөр хоёр гэр бүл болсон цагаасаа хойш мах цус, бүх л юмаараа барилдлага ойрхон болдог.

• Нохой жилийн тухайд огторгуй, уул, хий, шороонд сууж байвал суудал өнцөгдөнө.

• Аав нь хүүтэйгээ, ээж нь охинтойгоо суудал давхацсан байвал заавал салгах шаардлагагүй юм шүү.

• Энэ жилийн хар нохойн ам баруун хойд зүг. Тиймээс хүн бүр баруун хойд зүг рүү мөрөө гаргахгүй байх хэрэгтэй.

Тиймээс суудал давхцаж байгаа үед нэг нь өвдвөл нөгөөдөх нь өвдөх магадлал гарч ирдэг байх нь. Суудал салгахад тухайн суудлаас шалтгаалаад ном нь янз бүр. Гэхдээ нийтийн ерөнхий ном нь жамбалсанжид, жанаг гогдог, ширнэн. Аав нь хүүтэйгээ, ээж нь охинтойгоо суудал давхацсан байвал заавал салгах шаардлагагүй юм шүү. Үүний зэрэгцээ нашдүрсэмийн засал гэж үүсэн гардаг. На гэдэг нь өвдөх, шива гэдэг нь үхэх, дүрва гэдэг нь ад зэтгэр гэж тайлбарладаг. Энэ гурван үгийг нийлүүлэхээр нашдүрсэм болж байгаа юм. Нашдүрсэмийн засал хүнд гурван жил дараалан ирдэг. Эхний жил нь өвдөх магадлалтай. Хэрэв өвдөж байгаа жилдээ засал хийлгэхгүй бол дараа жил нь үхэх магадлал руу ордог. Тэгээд гурав дахь жил рүүгээ орохоор ад зэтгэрийн хорлолд өртдөг байх нь. Энэ жилийн хувьд могой, морь жилтнүүдийн нашдүрсэмийн сүүлийн жил.

Энэ жилээ гайгүй давчихвал гахай жилээс сайхан болох нигууртай. Эдгээр хүмүүс нашдүрсэмийн засал хийлгэхээс гадна сундуй, нити, дашзэвэг, найман гэгээн, гурван гүрэм тэргүүтнийг уншуулах хэрэгтэй болдог. Эцэст нь гүүмэг засал гарч ирдэг. Ирэх нохой жилд бар жилтэй хүмүүс гүүмэг буюу есөн нүдний засал хийлгэх шаардлагатай. Идээ ундаанаас харшлах, насанд харшлах, ажил хөдөлмөр уруудах зэрэг есөн хар зүйлтэй учрах магадлалтай учраас есөн нүд гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ирэх жилд бар жилтнүүд гүүмэгийн засал, жадамба, улаан юм, нийтийн ганшиг, гурван гүрэмтэй хамт айлтгуулах хэрэгтэй болох нь.

-Цагаан сарын шинийн 1-ний өглөө бид зүг, мөрөө гаргадаг уламжлалтай. Хүмүүс мөр гаргахдаа юунд анхаарах ёстой вэ?
-Шинийн 1-ний өглөө мөр гаргах ёс нь бурхны шашны хамгийн гол сургааль болсон шүтэн барилдлагын ёсонд тулгуурладаг. Тиймээс бид шинийн 1-ний өглөө шүтэн барилдлагын талаас гарч, цог хийморийн зүг рүү яваад буян хишгийн зүгээс орж ирэх хэрэгтэй болдог. Энэ дотор гарч болохгүй зүг буюу хар нохойн ам гэж бий. Одон зурхайн салбарт сар, од, дэлхийн сүүдэр тэргүүтний давхцаж байгаа давхацлыг тооцоолж, түүнд нь хар нохойн ам гэж нэршил өгөөд тэр сүүдэр рүү явж болохгүй гэж тооцоолдог. Энэ жилийн хар нохойн ам баруун хойд зүг. Тиймээс хүн бүр баруун хойд зүг рүү мөрөө гаргахгүй байх хэрэгтэй. Гэхдээ энэ жил ууланд суусан хүмүүс баруун хойд зүгт мөрөө гаргана гээд заачихаж. Тэгэхээр ууланд суусан хүмүүс баруун зүг буюу эмийн зүг рүү мөрөө гаргаж, зүүн хойд буюу буян хишгийн зүгээс орж ирвэл хар нохойн амнаас зайлах боломжтой.

-Монголын 200 шахам мянган иргэн гадаадад амьдарч байна. Энэ хүмүүс харь оронд байгаа ч гэсэн зүг мөрөө гаргах ёстой байх. Тэд мөрөө гаргахдаа онцгойлон анхаарах ёстой зүйл гэж бий юу?
-Бурхны шашны үндэслэлтэй одон зурхайн салбар ирж байгаа жилд барцад саад, өвчин зовлон тохиолдож болох түвшнийг бусдаас нь ялгаж, юунд анхаарах ёстойг санал болгодог.



САНАЛ БОЛГОХ