Нийслэл хөрөнгө оруулагчдад үүцээ дэлгэв
Бүтээн байгуулалт
Бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн хүчийг ашиглана
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг дангаар үйлдвэрлэж буй Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад энэ онд 194.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Үүнээс боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарт 25.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бол дэд бүтцэд 90.2 тэрбум, авто замын салбарт 47.1 тэрбум төгрөг ногдох юм. Нийслэл хотод өрнөх энэхүү бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг “Улаанбаатар хөрөнгө оруулалт, бизнес уулзалт 2018” чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Энэ онд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд долоон сургууль барина. Мөн 42.38 сая ам.долларын өртөгтэй Яармагийн хуучин гүүрийг засаж, шинийг барих төслийг үргэлжлүүлнэ. Яармагийг нийслэлийн санхүүгийн төв болгохоор төлөвлөж буй тул Нийслэлийн захиргааны байрыг энэ бүс рүү нүүлгэх шийдвэр гарчээ.
Ирэх дөрөвдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн VI хороо буюу Ханын материалд 1006 өрхийн түрээсийн орон сууцны барилгын ажил эхлэх юм. Энд 1006 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг, 685 автомашины дулаан зогсоол, 267 ил зогсоолтой баригдах аж. Энэ мэт төслүүдийг төлөвлөсөн хугацаанд нь бодитой ажил болгохын тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан онцоллоо. Тэрбээр “Төр бүгдийг өөрөө хийнэ гээд хүчээ тарамдуулдаг буруу жишиг манайд бий. Хотын хөгжлийг өөд нь татах төслүүдийн үр дүнг үзэхэд төрийн урт хугацааны тогтвортой бодлого болон хувийн хэвшлийн оролцоо шаардлагатай” гэлээ. Хэдийгээр жил бүр улс, хотын төсвөөр олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг ч үр дүн нь сайнгүй байдаг нь бизнес эрхлэгчид төрд итгэх итгэл суларсантай холбоотой гэдгийг чуулганд оролцогчид хөндөж байлаа. Барилга, цахилгаан сантехник угсралтын СБМ компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын орчныг дундаж гэж үнэлмээр байна. Тендерийн ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Төсөл, тендерийн зарыг цахим талбараас эсвэл ам дамжсан ярианаас сонсож байна.
• Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад энэ онд 194.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.
• Төр бүгдийг өөрөө хийнэ гээд хүчээ тарамдуулдаг буруу жишгийг засна.
• Энэ оны хөрөнгө оруулалтын үүцээ задалсан нийслэлийн удирдлагууд хувийн хэвшилд илүү итгэл үзүүлж байна.
Цаашид хөрөнгө оруулалтын орчин сайжрах байх” гэв. Мөн хувийн хэвшлийн өөр нэгэн төлөөлөл “Концессийн гэрээгээр хийсэн ажлынхаа төлбөрийг авч чадаагүй компаниуд олон бий. Дээр нь төрийн албан хаагчдын хаалттай, хариуцлагагүй байдлаас болж хөрөнгө оруулагчдын итгэл алдарсан” гэж хувийн хэвшлийн бас нэгэн төлөөлөл өгүүлсэн юм. Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн “Бизнесийнхэнд аль зэрэг шударга, тэгш боломж олгож байгаагаар хөрөнгө оруулалтын орчныг дүгнэж болно. Төсөлд шалгарч чадаагүй, эсвэл концессийн гэрээ байгуулаад төсөв нь шийдэгдээгүй компаниуд багагүй гомдол гаргадаг. Манай танхимын хувьд тендерийг илүү шударга, үр дүнтэй болгох талаар нийслэлийн захиргаанд саналаа хүргүүлнэ.
Мөн ирэх тавдугаар сараас төслүүдэд ямар компани шалгарч, хэрхэн гүйцэтгэсэн тухай мэдээллийг нээлттэй болгохыг хотын удирдлагуудтай ярилцаж байна” гэв. Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хэрэв хөрөнгө оруулагчдад эрх зүй, төрийн албан хаагчидтай холбоотой ямар нэг саад тотгор гарвал мэдэгдэх хэрэгтэй. Бид өнгөрсөн жил 140 тэрбум төгрөгийн концессийн гэрээний өрийг дарсан. Энэ онд бусад өрийг бүрэн барагдуулахаар төлөвлөж байгаа. Мөн тендерийг цаасгүйгээр, ил тод явуулдаг болно” хэмээв. Мөн тэрбээр 2018 онд хэрэгжих төслүүдийн сонгон шалгаруулалт ирэх гуравдугаар сарын 1-нд эхэлж, дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжилнэ гэдгийг онцоллоо.
Өнгөрсөн онд нийслэлийн хөрөнгөөр нийт 338.3 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжсэн. Үүнээс 133.9 тэрбум нь улсын, 193.1 тэрбум нь нийслэлийн, 11.3 тэрбум нь орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжсэн байна. Тухайлбал, 21 сургууль, 62 цэцэрлэг ашиглалтад оржээ. Энэ оны хөрөнгө оруулалтын үүцээ задалсан нийслэлийн удирдлагууд хувийн хэвшилд илүү итгэл үзүүлж байна. Тиймээс бизнесийн орчинд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг илүү хялбар болгохоо чуулганы үеэр амлалаа. Ингэснээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар зорьж байна. Тэрчлэн хувийн хэвшилтэй харилцан ашигтай түншлээд зогсохгүй худалдан авалтын бодлогоор дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээ нийслэлийн удирдлагууд илэрхийлж байлаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй