Хүүхдэд ээлтэй “Кальцима” ааруул

Би үйлдвэрлэгч


Ааруулын орцонд цэвэр сүү, ээзгий, өрөм, зэрлэг жимс багтжээ

Гэртээ хүүхдээ хараад суухын сацуу онлайн худалдаа эрхлэх, төрөл бүрийн чимэглэл урлах, гэрийн нөхцөлд бялуу, гурилан бүтээгдэхүүн хийдэг жижигхэн бизнестэй эмэгтэйчүүд цөөнгүй болсон. Тэдний нэг, “Кальцима” компанийг үүсгэн байгуулагч Н.Болортуяаг бид “Би үйлдвэрлэгч” буландаа урилаа. Түүний бизнесийн санаа амьдралаас урган гарсан.

Ийнхүү урам орсон тэрбээр байгалийн зэрлэг жимс болох аньс, чацаргана, нэрсийг аарцанд хольж, экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах бяцхан үйлдвэрлэлээ эхлүүлсэн түүхтэй. Н.Болортуяа “Өнгөрсөн зун хүүхдээ салхилуулж байхдаа хоёр настнууд дундаа биеэр хамгийн жижиг нь манай хүүхэд болохыг анзаарсан. Хүүхдийнхээ өсөлт, бойжилтыг дэмжихэд юу хэрэгтэйг бодож, төрөл бүрийн амин дэмүүдийг судалсан. Дэлгүүрт импортын чихэр, жимснээс өөр сонголт байгаагүй учир эмийн сангуудаар явж, амин дэмүүдийн орц найрлагыг нарийн судалсан. Гэтэл дийлэнх нь найрлагадаа их, бага хэмжээгээр будагч бодис агуулдаг юм байна. Манай хүүхэд төрөлхийн харшилтай учраас хамгийн зөв сонголт нь цагаан идээ юм байна гэж бодсон. Ингээд хүүхдийнхээ амтлах мэдрэхүйд тохирсон ааруул авч өгөхөөр олон ч дэлгүүрээр явсан.

Хэрэглэгчдийн дунд цагаан идээний нэр хүнд уначихсан байсан
Үнэндээ хүүхдэд тохирсон амттай, цэвэр экологийн гаралтай ааруул ховор байдаг юм билээ. Захын лангуун дээр борлуулж буй ааруулууд нэг бол хэтэрхий исгэлэн эсвэл гурил болон хуурай сүүний хольцтой байсан” хэмээн ярихдаа бизнесийн санаагаа ингэж олно гэж хэн санах билээ гэсэн янзтай инээмсэглэв. Яармагийн “Вива сити” хорооллын нэгэн байрны нэгдүгээр давхарт байрлах тус ааруулын цехийн үүдээр ороход л исгэлэн үнэрт нь хамар цоргив. “Гарааны бизнес учир одоохондоо байр маань жижигхэн байгаа” хэмээн санаа зовсон янзтай биднийг угтсан Н.Болортуяа үйлдвэрлэлээ танилцуулахынхаа өмнө цагаан нөмрөг, малгай, бээлий өмсөхийг биднээс хүслээ. Үйлдвэрийн талбай нь 70 гаруй ам метр бөгөөд нэг том өрөөний баруун талыг хавтангаар тусгаарлажээ. Энд түүхий эд болох аарцаа айргийн хөхүүр мэт даавуун торонд шүүн, шар сүүг нь тосжээ.

Аарцны исгэлэн амтыг дарахын тулд өрөм, ээзгий, цэвэр сүү, бага зэрэг элсэн чихэр, зэрлэг жимсээр хачирлаад эцсийн бүтээгдэхүүнээ гаргана. Ингэж амтыг нь зөөллөхгүй бол хүүхэд идэхгүй гэдгийг тэрбээр тодотгож хэлсэн юм. Үйлдвэрийн талбайн дийлэнх зайг модоор хийсэн, бүтээгдэхүүнээ хатаах зориулалт бүхий давхарласан дэлгэц эзэлдэг. Шаргал, бүдэг ягаан өнгийн ааруулыг харсан хүн эхлээд хүнсний будагтай юм болов уу гэж эргэлзэхээр.

Гэвч нэрс, аньс, чацарганыг зэрлэг жимсээр нь хольсон учир ийм өнгөтэй болсныг нэмж хэлсэн юм. Тэрбээр “Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдүүд кальцийн агууламжтай хүнс хэрэглэх боломж хомс байна. Тиймдээ ч хөдөө орон нутгийн хүүхдийг бодвол сул биетэй, дархлаа муу, амархан ханиад томуу тусдаг байх нь элбэг. Монголчууд эрт дээр үеэс уламжлалт хүнс болох сүү цагаан идээгээ хэрэглэсээр ирсэн. Малын бүтээгдэхүүнээс хаях зүйл нэгээхэн ч үгүй. Бид шар сүүгээ ч хоёр литрээр нь савлаад 1500 төгрөгөөр борлуулж байгаа. Бид сүү цагаан идээг хүүхдүүддээ хэрэглүүлж занших зорилгоор “Кальцима”-г үйлдвэрлэж байна” гэв. Тэрбээр энэхүү “цагаан” бизнесээ 10 сая төгрөгөөр эхлүүлсэн аж. Зээл авч, босгосон хөрөнгөөрөө тоног төхөөрөмж, түүхий эд худалдан авахад зарцуулжээ. Тэр ч байтугай ааруулынх нь үндсэн түүхий эд болсон аарц, шингэн сүү нийлүүлдэг найдвартай түнштэй болсон аж. Түүний найдвартай түнш нь Архангай аймгийн малчин айл. 

100-1000 гр хүртэл савлагаатай ааруул кг нь 20 мянган төгрөгийн үнэтэй
Харин Н.Болортуяа “Ааруул маань хуурай сүү болон гурилын ямар ч хольцгүй гэдгээрээ бусдаас ялгарч байгаа юм. Бидэнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зарим томоохон компанийн ааруултай манайхыг жишин, амтлаад үзээрэй гэж зөвлөх байна. Бидний хийж буй бүтээгдэхүүн өртөг өндөртэй ч аль болох үйлдвэрийн үнээр борлуулахыг хичээж байгаа. Тэрчлэн хүүхдэд зориулсан учир чихрийн хэрэглээг нь орлохуйц бүтээгдэхүүн байхыг зорьдог. Түүнээс гадна экологийн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд танигдах хүсэлтэй. Нөгөөтэйгүүр, хэрэглэгчдийн дунд ааруулны хэрэглээний судалгаа явуулахад цагаан идээний нэр хүнд уначихсан байдаг нь тогтоогдсон. Тиймээс бид органик хүнс, цагаан идээний ач холбогдлыг хэрэглэгчдэд хүргэхээр зориод байна” гэв. Модон тавиур дээр хатаахаар тавьсан аньс, чацарганатай ааруулыг амтлаад л түүний яагаад ийм ам бардам яриад буйн учрыг олох шиг болсон.

Дэлгүүрээс худалдан авсан аарууланд гурил ихээр хольсон байдгаас уламжлалт амтаа алдаж, аманд зунгааралддаг. Харин “Кальцима”-гийн хувьд тийм биш. Хатуу зөөлөн нь таарсан ааруулыг нэг хазахад л өнөө яриад байсан жимс нь ааруулын амттай зохицон аманд бутран уусна. Зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад ердөө гурван сарын хугацаа өнгөрч байгаа ч цехийн хэмжээнд чамгүй орлого олсон гэдгээ тэрбээр нуусангүй. Одоогоор “Номин”-гийн сүлжээ дэлгүүрээр борлуулдаг ба хүргэлтийн үйлчилгээ ч үзүүлж эхэлжээ. Савлагааны хувьд 100-1000 гр хүртэлх сонголттой бөгөөд нэг кг ааруулыг 20 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Гарааны бизнес эрхэлдэг хүн бүрийн адилаар цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, зах зээлээ тэлэх сонирхолтой байгаагаа хэлж байна. Энэ талаар “Одоогоор цехийн хэмжээнд байгаа учир хоногт 100 кг ааруул үйлдвэрлэж байна. Зах зээлээ бүрэн хангахын тулд үйлдвэрлэлээ 3-4 дахин томруулах шаардлагатай. Тиймээс хөрөнгө оруулагч, хөрөнгө босгох боломж хайж байна” гэсэн юм.


САНАЛ БОЛГОХ