Д.Пүрэвсүрэн: Загварын тайзан дээр дахиж алхахгүй

Хүмүүс


Үзсэн хүн ухаараад гарах бүтээлээр л кино зах зээл дээр өрсөлдөнө

Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг дуу хоолойгоо хүргэж, тухайн үедээ олны анхаарлыг уг сэдэв рүү хандуулж чадсан “Лардьма” кино багийнхан дахин нэг уран бүтээлийг туурвиад байна. Энэ бол “Dharma” кино компанийн бүтээл “Амьдрал” кино юм. Тус кинонд бүсгүй хүний амьдралд тохиолдох баяр, гунигийг харуулахыг зорьжээ. Эл киноны гол дүрийн жүжигчин Д.Пүрэвсүрэнтэй шинэ уран бүтээл болон кино компанийнх нь талаар ярилцлаа.

-“Лардьма'” кино дэлгэцнээ гарснаас хойш таван жил өнгөрлөө. Маш сайн уран бүтээл болсон учраас олны сэтгэлд хоногшиж үлдсэн болов уу. Тухайн үед яагаад загварын тайзаа орхиж, сэтгэхүйн хүнд хэлбэрийн кинонд тоглосон бэ?
-Д.Төрмөнхийн зохиол, Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг нарын найруулсан “Лардьма” кино үзэгчдийн хүртээл болоод таван жил өнгөрчээ. Тухайн үед бидний хийсэн бүтээл далд байсан сэдвийг ил гаргаж, нийгэмд цочроо өгсөн гэж боддог. Үүний дараа ч гэсэн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдаж, бидний бүтээсэн кино олон хүнд хүрсэн болов уу.

Ингэснээр кино урлагаар дамжуулж, олон нийтийг соён гэгээрүүлэх гэсэн үүргээ гүйцэтгэж чадсан байх. “Лардьма” кино бүтсэн 2013 онд би төрөөд удаагүй байсан. Охин маань дөнгөж хоёр, гурван сартай л байлаа. Зураг авалтын дундуур гэртээ очиж хүүхдээ хөхүүлэхээс өөрөөр асуудал багатай байсан санагдана. Учир нь манай найруулагчид жүжигчидтэйгээ маш сайн хамтран ажиллаж байсан учир харьцангуй тайван байсан. Мэдээж зураг авалтын үеэр хүнд хэцүү санагдах зүйл байлгүй яахав. Юм бүхэн дардан, өөгүй байна гэж юу байх билээ. Одоо хүртэл тод санагддаг зүйл нь эмэгтэйчүүдийн хорих ангид зураг авахад нүд халтирам зүйл олон харагдсан. Гэсэн ч дуртай ажлаа хийж байгаа учир бэргэх, сандрах, халшрах зүйл байгаагүй. Би ер нь хүнд, хэцүү байсан гэж ярих дургүй хүн.

-Та нийгэмд, ялангуяа охид, бүсгүйчүүдэд үлгэр дууриал үзүүлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хараад ямар сэтгэгдэл төрж байв?
-Эмэгтэйчүүдийн хорих ангид залилан болон хүн амины хэргээр ял эдэлж байсан олон хүн байсныг санаж байна. Ялангуяа, дийлэнх нь хүчирхийлэлд өртөж, аргагүй хамгаалалт хийн нөхрийнхөө амийг хохироосон байсан. Манай хуулинд аргагүй хамгаалалт хийсэн тохиолдолд өмгөөлөх зүйл заалт байхгүй. Хүний амь бол амь гэсэн үүднээс ханддаг учраас ийм байдлаар өөрийн болон өрөөлийн амьдралыг хохироосон эмэгтэйчүүдийг хараад эмзэглэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрсөн.

-Шинэ хийсэн уран бүтээл нь “Лардьма'” киноны хоёрдугаар анги болж үйл явдал нь үргэлжлэх үү. “Амьдрал” киноны талаар мэдээлэл өгөхгүй юү?
- “Лардьма” бол эмэгтэй хүний нэр. Хөрвүүлэх юм бол амьдрал гэсэн утгатай. Тэгвэл “Dharma” кино компанийн бүтээсэн “Амьдрал” кинонд өөр нэг эмэгтэйн амьдралыг хүүрнэнэ. Өөрөөр хэлбэл, “Амьдрал” кино бол “Лардьма” киноны үргэлжлэл биш төдийгүй бид дахин нэг цоо шинэ сэдэв, тэс өөр зохиолыг гаргаж тавьсан. Харин бид хуучин багаараа хамтарч ажилласан. Кино зохиолыг Д.Төрмөнх зохиолчийн охин Т.Номуунзул бичсэн. Жүжигчдийн тухайд Навчаа эгчээс гадна жүжигчин Баярмагнай, Д.Болд-Эрдэнэ, Э.Мөнхтөр нар тоглосон. Киноны нээлт гуравдугаар сарын 2-нд болно.

-Киноны зураг авалт жилийн дөрвөн улиралд үргэлжилжээ. Кино постерийг харахад та ургуулсан халимаг үстэй, муудсан дээл хувцастай, ядарсан эмэгтэйн дүрд тоглосон байсан. Дүрийнхээ талаар багахан ч болтугай сонирхуулж ярихгүй юу?
-Бид хавар, зун, намрынхаа зургийг аваад кино групп хэсэг хугацаанд амарч байгаад арваннэгдүгээр сараас өвлийн зургандаа орсон. Манай кино маш баялаг. Хүний амьдрал эргэх дөрвөн улиралд үргэлжилж байдаг. Тиймээс дөрвөн улирлын байгалийн зураглал, харагдах байдлыг тусгаснаар баялаг болсон. Киног маань үзээд хүн бүр өөрийнхөөрөө ойлгон, хүлээж авах байх. Гэхдээ бидний хэлэх гэсэн санаа бол хүн бүр зөв амьдрах ёстой. Хүн 40 наснаасаа харьцангуй амьдралыг ойлгочихсон байдаг. Харин 20, 30 насанд амьдралыг туучаад явж байдаг шүү дээ. Энэ насны залуучуудад амьдрал алдаа оноо, бартаа, саадтай байдаг юм шүү гэсэн санааг товойлгож, амьдралын мөн чанарын тухай өгүүлсэн бүтээл гэж хэлэхэд болно. Түүнээс фантастик зүйл огт гарахгүй. Миний дүрийн тухайд зуны улиралд үсээ халимаг болгож тайраад, өвөл урт ургуулсан. Яг л цаг хугацааныхаа он дарааллаар, хүн яаж хувьсан өөрчлөгдөж байгааг бодитой харуулсан дүр юм.

“Dharma” фильм кино компани даацтай уран бүтээл гаргана
-Кинон дээрээ жүжигчин Б.Навчаагийн хамт дөнгөж төрсөн нялх хүүхэд тэврээд гарч байгаа зураг харагдсан. Энэ яг ямар үеийн зураглал вэ. Хүмүүсийн сонирхлыг татаж байгаа тул асууж байгаа юм шүү?
-Киног дэлгэцэнд гараагүй байхад нь яриад хэрэггүй болов уу. Тэр бол бид хоёр дөнгөж төрсөн маамуутай танилцаж байгаа зураг юм. Эмэгтэй хүн арван жилдээ сурагч байна, оюутан болоод амьдралд хөл тавина. Дараа нь хүнтэй сууж ээж болж, хариуцлага хүлээдэг. Ингээд ажил мэргэжил дээр гарна. Хайр дурлал, хагацал харуусалтай учирдаг гээд амьдралд тохиох бүхий л зураглалыг харуулсан.

-Жүжигчин Б.Навчаа та хоёрыг “Dharma” кино компани байгуулж, кино урлагийн зах зээлд өрсөлдөхөөр шийдсэн гэж ойлголоо. Цаашид ямар уран бүтээл төлөвлөсөн бэ. Дараагийн кино зохиол бэлэн болсон уу?
-Аливаа зүйл албан ёсных байх ёстой. Энэ утгаараа бид хоёр хамтран “Dharma” фильм хэмээх кино компани байгуулж, хоёулаа продюссер хийж байна. Гэхдээ миний мундаг продюссер хийнэ гэж юу байхав. Навчаа эгчээс суралцаад явж байгаа. “Амьдрал” киноны 95 хувьд нь миний зураг, план байгаа. Одоохондоо дараагийн киногоо төлөвлөсөн юм байхгүй. Цаг хугацаатай уралдахыг хүсдэггүй. Сайн бодож, сэтгэж, төлөвлөж байгаад чанартай уран бүтээл гаргахыг зорино.

-Кино компанитай болчихлоо. Зах зээлээ судалсан уу?
-Хамгийн гол нь сайн уран бүтээл туурвихад л гол анхаарлаа хандуулж байна. Хүн кино үзээд гарахдаа нэгийг ойлгож, хоёрыг тунгааж байвал бидний амжилт гэж бодно. Түүнээс биш тэр даруйдаа мартагддаг кино хийхгүй. Энэ зарчмаар л кино зах зээл дээр өрсөлдөнө. Тиймдээ ч бид киногоо дуу, дүрсний өндөр нарийвчлалтай хийсэн. Дэлгэцэнд гарсны дараа олон улсын кино фестивальд сойх бодол бий.

-“Амьдрал” кинонд тоглоход хүндрэл, бэрхшээл тулгарсан уу?
-Киноны нүүр хувиргалт чухал. Уран сайхны зураг авахуулж байгаа юм шиг оо энгэсэг түрхдэггүй. Нэлээд бараан өнгөөр нүүрээ буддаг юм. Заримдаа хүн аймар царайтай, нүд, шүд нь гялалзсан хүн л явж байдаг. Манай багийнхан шоолно. Хүмүүс анзаарсан бол кино постерт маань мөргөл хийдэг хэсэг гардаг. Тэр хэсгийн зураг авалтад орох гээд явган хүний зам дээр мөргөхөд монголчууд бид ямар аймар их нус, цэр, шүлс, тамхины иш гудамд хаядаг юм бэ гэдгийг мэдэрсэн. Мөргөхдөө амьсгалаа үлээж гаргаад, аль болох амьсгалахгүй байхыг хичээсэн.

-Багаасаа загварын ертөнцөд хөл тавьсан. Дараа нь кино урлагт хүчин зүтгэж, жүжигчин боллоо. Таны мэргэжил яг аль нь юм бэ?
-Миний эзэмшсэн мэргэжил жүжигчин. Хүмүүс намайг загвар өмсөж байгаад ганц нэг кинонд тоглоод жүжигчин болчихлоо гэж боддог байх. Би СУИС-ийг 2001-2005 онд мюзиклийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэгэхээр үндсэн мэргэжил жүжигчин юм. Загвар өмсөгч гэдэг миний залуу насны, ид 20 гаруйхан настай үеийн сонирхол байлаа. Одоо мэргэжлийнхээ ажлыг түлхүү хийх сонирхолдоо хөтлөгдөн явж байна.

-Тэгвэл жүжигчин мэргэжлээр хэзээнээс эхэлж ажиллав. Сургуулиа төгсөөд хэдэн уран бүтээлд тоглоод байна вэ?
-Сургуулиа төгсөөд 13 жил болсон байна. Тоолж үзсэн л дээ. Энэ хугацаанд нийт 10 кинонд тоглосон байна. Оюутны ширээнээс ажилтны эгнээнд шилжсэн тэр он жилүүдэд “Хувьсал” продакшны “Чамайгаа алдмааргүй байна”, “Би эр хүнд хайртай”, “Зургаадугаар сар минь баяртай” гэх мэт тайзны уран бүтээлд тоглож, амжилттай дүр бүтээсэн. Хүн дуртай зүйлээ хийнэ гэдэг гайхалтай. Миний хувьд энэ мэргэжлээс авдаг хамгийн их кайф бол камерын өмнө эсвэл тайзан дээр гарахдаа өөрийнхөө амьдралын баяр жаргал, гуниг харуусал гээд бүхий л зүйлийг ор тас мартдаг. Ажлаа хийж явахдаа аз жаргалыг мэдэрдэг.

-Өөрийн тань ажил, амьдралын гараа хаанаас эхлэлтэй вэ. Хувийн амьдралаа олонд дэлгэхийг хүсдэггүйг чинь мэднэ л дээ. Гэхдээ гэр бүлийнхээ талаар товчхон танилцуулахгүй юу?
-Залуучуудын соёлын төв ордноос зохион байгуулдаг охидын “Монголжингоо” тэмцээнд 1998 онд оролцож, тэргүүн байр эзэлсэн юм. Тэр үед наймдугаар ангийн сурагч байлаа. Тухайн үед “Ганг гоёл” компанийн захирал Дунгаамаа гуай намайг Ахуй үйлчилгээний ордонд байдаг загварын агентлаг дээрээ заавал ирээрэй гэж хэлсэн. Тэнд очиж топ модель О. Байгаль багшийн удирдлага дор анх загварын дамжаанд суралцсан. Ингэж л загвар өмсөгч болж байсан түүхтэй. Тэр үед загвар өмсөгч гэдэг одоогийнх шиг мэргэжил гэж хэлэгддэггүй байв. Тиймээс үндсэн мэргэжил эзэмших ёстой гэж бодон, жүжигчин болох замыг сонгосон. Миний хүүхэд нас хоёрдугаар 40 мянгатад өнгөрч, 24 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн. Гэр бүлийн тухайд манай аав, ээж хоёр минь 70 хүрсэн буурай бий. Тэд маань маш залуу сэтгэлгээтэй. Аавыг маань Дорж гэдэг цахилгааны инженер мэргэжилтэй. Ээж Хандсүрэн маань санхүүч мэргэжилтэй. Бид гурван хүүхэдтэй том охин 15, хоёр бага маань тав, гурван настай.

-Загварын тайзан дээр гарах урилга ирж байна уу?
-Загварын тайзан дээр хангалттай алхлаа шүү дээ. Ер нь эргэж тайзан дээр алхахгүй байх. Харин фото моделийн ажлаа хийж байна. “Монос” групп, “Ронто” нүдний дусаалга, “Хада лабо” брэндийн нүүр царайгаар ажиллаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

САНАЛ БОЛГОХ