Засаглалаа сайжруулахгүй л бол замын саад мундахгүй

Нийтлэлчийн булан


“Тавантолгой” төсөл хөдөлж байж 1072 амилна

Өрийн хавхнаас дөнгөж мултарч байгаа “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд түүхэндээ байгаагүй ашигтай ажилласан. Урьдчилсан тооцоогоор 250 тэрбум төгрөг зөвхөн ашиг болон үлдэхээр байна. Тэрчлэн таван жилийн турш төлсөн татварыг ганцхан жилийн дотор төлж амжжээ. Дандаа алдагдалтай тайлан “үйлдвэрлэж” ирсэн тус компанийн хувьд энэ нь яах аргагүй сайн үзүүлэлт. Ерөөс ийм гэгээтэй үе энэ компанийн түүхэнд ховор.

Ялангуяа өр, төлбөрийн дарамт нүүрлэчихсэн, удирдлагууд нь улс төрийн сонгуулийн үр дүнд усны шувуу шиг ирж, буцдаг газар ашиг гэдэг хэзээд нүдний гэм болчихдог. Үүнийг зарим нь байх ёстой байгалийн жам гээд ойлгочихсон тууж явах нь бий. Тэгвэл коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсөж, өмнөд хөршийн эрэлт, хэрэгцээ тогтвортой байсан нь ”Эрдэнэс Тавантолгой” хийгээд эдийн засгийг давхар ивээлээ. Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж ирсэн “Эрдэнэс Тавантолгой” зургаан жилийн өмнө иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлж байлаа. Тухайн үед булт олноороо азтай, амны хишигтэйгээ бахдан ярьж байв. Улс төрийн сонгуулийн уриа лоозон ч бас л ийм өнгө аястай болж байлаа.

Гэвч өнгөрсөн хугацаанд ард олноороо хайр зарлаж явсан компанийн өр, алдагдал нэмэгдэж, зардал нь байнга тэлсэн байдаг. Ингээд зогсохгүй шахааны бизнесийн сүлжээ “Эрдэнэс Тавантолгой”-г хэрсэн. Эндээс л нүдээ ширгэтэл хүлээсэн 1072 ширхэг хувьцааны ирээдүй будангуйрч, ногдол ашгийн бараа сураг холдож эхэлсэн түүхтэй. Компани хувьцаагаа хөрөнгийн зах зээлд гаргасны дараа 1072 “амь” орох учиртай байлаа. Харамсалтай нь, өр, төлбөрт унасан “Эрдэнэс Тавантолгой”-д ийм сөхөө даанч байсангүй. Тэгвэл 100 хоногийн тайлангаа хоёр хоногийн өмнө танилцуулсан Засгийн газар “Тавантолгой” төслийг хөдөлгөнө гэж ам гарлаа. Яадаг бол... Өмнөх засаг нь өлгөж аваад ахиц гаргаж чадалгүй огцорч байсан. Харин тамга хүлээж авсан засаж чаддаг болов уу. Өнөөдрийг хүртэл зургаан Ерөнхий сайдын нүүр үзэж буй “Тавантолгой” төслийн тавилан дэндүү ээдрээтэй гэмээр явж ирлээ.

Засгийн газар “Тавантолгой” төслийг хөдөлгөнө гэж ам гарлаа. Яадаг бол...
Хүмүүсийн дунд олон жил хүлээлт үүсгэсэн 1072 ширхэг хувьцааг энэ онд багтаан эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгийн зах зээлд гаргана гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдэгдэв. Мега төслүүдийн толгойд нь байх учиртай “Тавантолгой” хөдөлж байж та бидний эзэмшиж буй 1072 жинхнээсээ “чулуу” болох учиртай. Төмөр зам, баяжуулах үйлдвэр зэрэг багтсан цогцолбор төслийн хөрөнгө оруулагч одоо хүртэл тодорхой болоогүй. Харин Засгийн газрын сайд хөрөнгө оруулагч нартай уулзах үеэр “Тавантолгой”-г хөндсөн нь арваад жилийн турш үргэлжилж буй энэ сэдэвт цэг тавих эхлэл байж мэдэх юм. Гэхдээ хэрэгжих төсөл нь хөрөнгө оруулагчгүй, ТЭ ЗҮ нь иж бүрэн цэгцэрч чадаагүй компанийн хувьцаа жилийн дотор хөрөнгийн зах зээлд амжилттай гарсан түүх байхгүй.

Бид л шинэ түүх бүтээхгүй бол зөвхөн өнөөдрийн ашиг, түүхий эдийн богино мөчлөгт итгэх эрэмгий эх оронч зангаар хол явна гэвэл дэндүү эрсдэлтэй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг нь гаргах ёстой гэдэг эхний хувилбар байна” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Хөрөнгийн зах зээлд гарах гэж байгаа компани хамгийн наад зах нь эрүүл засаглалтай байх ёстой. Ийм шаардлагыг хангаж байж хөрөнгө оруулагчдын итгэлийг олно. Санхүүгийн үзүүлэлт нь зөвхөн нэг жилээр хэмжигдэхгүй эерэг байх ээлжит шалгуур бий. Тухайлбал, манай Засгийн газрын горилж буй Хонконгийн хөрөнгийн бирж хүссэн болгон нь хувьцаа гаргаж, хөрөнгө босгоод байдаг талбар биш. Дэлхийн томоохон биржүүдийн нэг төдийгүй Азийн хөрөнгийн зах зээлийн өнгийг тодорхойлогч. Энэ утгаараа шалгуур өндөр. “Эрдэнэс Тавантолгой” компани IPO хийх буюу хувьцаа гаргахын тулд компанийн сайн засаглал, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ил тод байдал тэргүүн зэргийн босго. Үүнийг давж байж л хөрөнгө оруулагчдын хараанд өртөж чадна.

Тэгвэл зуун задгай, далан хагархай байгаа компани олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоно гэж мөрөөдөхөд эрт байна. Хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд тааруухан ажилласан хэрнээ зөвхөн ашгаар саараа цайруулж чадахгүй. Тус компанийн нийт хувьцааны 15.75 хувийг иргэд эзэмшиж байна. Төлөөлөн удирдах зөвлөлд багтсан хараат бус гурван гишүүн 1072 хувьцаатай иргэдийг төлөөлж, хувьцаа эзэмшигчдийн хуралд өнгөрсөн хугацаанд оролцож ирсэн байдаг. Компанийн засаглал гэгчийг нэр төдий мөрдсөн учраас 2.5 сая иргэн, 530 орчим үндэсний аж ахуйн нэгж хохирол амсаад үлдэж мэдэхээр байгаа. 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлагатай ажиллаж байна хэмээн эдийн засагчдын шүүмжлэлд өртсөн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаагаар байн байн иргэдээ горьдоох хэрэг байна уу? Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. Гэтэл ногдол ашиг удахгүй өгнө, хөрөнгийн бирж дээр мөдхөн гарна гэж иргэдээ хуурсаар бүхэл бүтэн зургаан жил улирч одсон байна. Ардын сэтгэлээр тоглож ханахгүй засгийн ам, ажил нийлэх хэрэгтэй.

САНАЛ БОЛГОХ