Нуугдсан эрдэнэс ирээдүйг хаанчилна

Уул уурхай


Сүүлийн жилүүдэд литийн эрэлт нэмэгдсэнээр ханш нь үржихийн хүрдээр өссөн


Мөнгөлөг өнгөтэй хөнгөхөн лити үнэт металлуудыг ардаа орхисоор. Шинэ үеийн технологи болох зөөврийн хэрэгсэл, цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр цэнэг хураах гойд шинж чанартай литийн эрэлт эрчтэй дээшлээд байна. Өд мэт хөнгөн энэ металл багахан жиндээ баймгүй их цэнэгийг өөртөө хуримтлуулдаг элдэвтэй “нэгэн”. Тиймээс манай гарагийн хамаг л дэвшилтэт технологийн гол орц нь лити болчихоод байна. Цаашид ч эрэлт нь нэмэгдэх хамгийн өндөр магадлалтай таваарын эхэнд эрэмбэлэгдэж эхэллээ. Тус металлын өндөр агууламжтай литийн ион цэнэг хураагуурын зах зээл гэхэд одоогоос дөрөвхөн жилийн дараа 46.2 тэрбум ам.доллараар хэмжигдэхийг Allied Market Research-ээс тооцжээ. Дэлхийн ирээдүйн төмөр хүлэг гэгддэг цахилгаан автомашины үйлдвэрлэлд үлэмж хэмжээний лити нэхэх ба энэ төрлийн үйлдвэрлэлийн ирээдүйн боломж хөрөнгө оруулагчдын сэтгэлийг татсаар. Технологийн түүхий эд болсон лити дэлхий дахинд моодонд орж, хэд бол хэдэн тэрбумыг энэ металлд өгөхөд бэлэн хөрөнгө оруулагчид боломжийн орд, төслийн эрэлд гараад байна.

Уг нь Монгол Улс литийн багагүй нөөцтэй. Хэдийгээр бидэнд дэлгээд харуулчих, дэлхийд таниулчих тогтоосон тооцоо, нарийн нөөц байхгүй ч гэлээ Монгол Улс литигүй орон биш. Ялангуяа, вольфрам молибденитой грейзений төрлийн ордуудтай харьцуулахад литийн нөөц өндөр болохыг эрдэмтэн судлаачид хэлдэг. Тиймээс литийн үнэр авсан хөрөнгө оруулагчид Монголыг онилж, сүүлийн жилүүдэд манай орд, илэрцүүдийг сонирхоод эхэлжээ. Литийн хэд хэдэн илэрц бийгээс Увс аймгийн Завхан суманд литийн хайгуул хийж байгаа аж. Манай геологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Geo-Info компани уг ордод хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй. Одоогоор судалгаа, хайгуулын ажил үргэлжилж буйг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв. Мөн нэг аж ахуйн нэгж өнгөрсөн онд литийн 14 мянган тонн нөөц батлуулжээ. Ийнхүү литийн үүцийг нээгээд эхэлсэн. Үүнээс гадна Дундговь аймагт байрлах Хөх дэлийн литийн ордод хайгуул хийхээр япончууд сонирхож байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байна. Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймагт литийн илэрц тогтоогдсон. Эдгээр таамаг болон батлагдсан нөөцийг нэгтгээд үзвэл Монголд наанадаж 203 мянган тонн литийн нөөц бий гэсэн таамгийг салбарынхан тооцжээ. Ийм нөөц бий гэж үзвэл ирэх жилүүдэд Монгол Улсын төсөв, экспортын орлогод багагүй дэмжлэг болох “идэш” манайд бэлэн байна.

Учир нь лити бол хямд металл биш. Сүүлийн жилүүдэд литийн эрэлт нэмэгдсэнээр ханш нь үржихийн хүрдээр өссөн. 2013 оноос хойш Өмнөд Америкт литийн ханш 2-3 дахин өссөнийг графикаас харна уу. Эрэлт хэрэгцээ нь нэмэгдэх хэрээр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид ч литид татагдаж байна. Литийн эрэлт 2025 он гэхэд гурав дахин өснө хэмээн дэлхийн эдийн засгийн гол сэтгүүл Economist-д мэдээлэв. Нэг тонн нь 7000-10000 ам.доллар, түүнээс ч давж өсдөг энэ металл Монголын эдийн засагт чамлахааргүй дэм болох боломжтой. Нягт багатай учир тээвэрлэхэд харьцангуй хялбар төдийгүй худалдан авагч нь ч бэлэн. Учир нь биднийг тойроод дэлхийн технологийн тэргүүлэгч гүрнүүд оршиж буй. Монголтой хил залгадаг урд хөрш гэхэд литийн дэлхийн хамгийн том хэрэглэгчийн нэг. Иймээс олборлосон литигээ хэнд худалдах вэ гэж толгой гашилгах шаардлагагүй.

• Литийн эрэлт 2025 он гэхэд гурав дахин өснө хэмээн Economist-д мэдээлэв.

• Батлагдсан нөөцийг нэгтгээд үзвэл Монголд хамгийн багадаа 203 мянган тонн литийн нөөц бий гэж таамагладаг.

• Өнөөдөр Монголтой адил түүхий эдээр орлого олдог олон орны мөнгөний шинэ эх үүсвэр нь лити болчихоод байна.

Биднийг ийнхүү газрын доор байгаа литигээ тооцож, хэмжиж ч чадалгүй суух зуур бусад улс хэдийнэ зах зээлийн эрэлтийг мэдрэн, хөдлөөд эхэлжээ. Өнөөдөр Монголтой адил түүхий Сүүлийн жилүүдэд литийн эрэлт нэмэгдсэнээр ханш нь үржихийн хүрдээр өссөн эдээр орлого олдог олон орны мөнгөний шинэ эх үүсвэр нь лити болчихоод байна. Литийн зах зээл одоогоор хэдхэн тоглогчийн гарт багтдаг. Дэлхийн таваарын зах зээлийн томоохон экспортлогчид болох Аргентин, Чили, Боливи, Австрали зэрэг улс энэ талбарт ид өрсөлдөж байгаа. Ялангуяа, Монгол Улстай урд хөршийн зах зээлд өрсөлддөг Чили улс нийт зах зээлийн 30 гаруй хувийг дангаар хангаж, зарим түүхий эдийн үнийн уналтаас алдсан орлогоо литигээс нөхөж байна. Чили литийг бараг өнгөрсөн зуунаас анхаарч эхэлсэн бөгөөд өдгөө үр шимийг нь хүртэж буй нь энэ.

Уг түүхий эд тус улсад зөвхөн экспортын орлого авчирсангүй. Хөрөнгө оруулалт, ажлын байрыг ч Өмнөд Америкийн баруун эргийн энэ улсад татаж байна. Чилийг литийн үүц болохыг ойлгосон хөрөнгө оруулагчид цэнэг хураагуурын үйлдвэр байгуулахаар хэлэлцэж буй. БНХАУ болон БНСУ-ын хөрөнгө оруулагчид хоёр тэрбум ам.долларын үйлдвэр байгуулахаар Чилийн Засгийн газартай хэлэлцээ хийгээд эхэлжээ. Эхний ээлжинд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шууд хийнэ хэмээн хоёр тал Чилийн Засгийн газарт амласан байх юм. Үүгээр зогсохгүй, цахилгаан автомашины үйлдвэрлэл литигүйгээр урагшлахгүйг ойлгосон алдарт бизнес эрхлэгч Элон Маск хүртэл Чилийг сонирхсоор. Тэрбээр Чили дэх литийн хамгийн том олборлогч SQM компанид хөрөнгө оруулах санал тавьжээ. Сүүлийн үед Чили улс шинэ нэртэй болсон.

Дэлхийн хөрөнгө оруулагчид литийг “цагаан түлш” хэмээн нэрлэж, Чили улсыг “Литийн Саудын Араб” хэмээн цоллож байна. Чилийн Засгийн газрын тооцоогоор лити тус улсад ойролцоогоор 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авчирч, 10 мянган шинэ ажлын байр бий болгоно. Хямралын хөлд олон жил чирэгдэж буй Боливи улсыг та дуулсан байх. Ажилгүйдэл, ядуурал газар авсан энэ улсын эдийн засагт лити багагүй орлого авчирч, дэлхийн хөрөнгө оруулагчдыг Боливийн зүг татаж эхлээд байна. Ийнхүү энэ металл мөнгийг соронзон мэт татаж байна. Гэтэл цагаан таваарын нөөцтэй гэх Монгол Улс энэ дундаас хоцорсоор л сууна. Дор хаяж бидэнд дэлгээд харуулчих тооцоо судалгаа, нотолгоо ч алга. Одоо дөнгөж эрчимжиж буй литийн хайгуул, судалгааны ажилд дор хаяж 5-10 жил зарцуулна. Ингээд ашиглах, олборлох ажил өрнөнө. Энэ дунд гацаж, зогсох, удаашрах гээд уламжлалт үе шатуудыг дамжиж магадгүй. Ингээд лити олборлох салбарт бид хоорондоо хөлөө жийлцсээр суух зуур дэлхийн хувьсал, хөгжил биднийг хүлээхгүй, ашиг орлогоо олоод эхлэх нь.


САНАЛ БОЛГОХ