Төр өөртэйгөө гэрээ байгуулдаг “давалгаа”-г эхлүүллээ

Засгийн газар


Гэрээ байгуулж бичиг солилцсоноор ажил сайжирдаг уу

Хоорондоо зайлшгүй нягт хамтран ажиллах ёстой байгууллагын удирдлагууд хамтран ажиллах гэрээ байгуулдаг үзэгдэл Монголын төрд бий болоод удаж байна. Нэг кабинетад харьяалагддаг хоёр яам, нэг яамны хоёр агентлаг, бүр нэг аймгийн хоёр сумын удирдлага хүртэл хамтран ажиллах санамж бичиг гээчийг байгуулах тохиолдол бий. Булган аймгийн Сайхан, Баян-Өндөр сумдын Засаг дарга нар харилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан талаарх мэдээ олон нийтээс “тэнэглэл” гэсэн дүгнэлтийг дагуулж байсан цаг саяхан. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Засгийн газар 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээг ёслолын байдалтай зохион байгуулав. Энэ арга хэмжээнийхээ зорилгыг “Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх” хэмээн тайлбарлажээ.

“Хариуцлагатай байна гэдэг нь иргэддээ элдэв хүнд суртал, чирэгдэлгүй үйлчилдэг, иргэдээ сонсдог, асуудлыг нь богино хугацаанд шийдвэрлэж хариу өгдөг чадвартай байх гэсэн үг” гэж ЗГХЭГ- ын дарга Г.Занданшатар нэмж тайлбарлав. Төрийн байгууллагууд хүнд суртал ихтэй, хоорондоо уялдаа муутай, асуудлыг дандаа орхигдуулдаг гэх шүүмжлэл бий. Гэхдээ гэрээ байгуулж, гар барьснаар ажил сайжирдаг бол өмнөх жилийн турш өрнөсөн хамтын ажиллагааны санамж бичгүүдийн үр дүнг өнөөдөр нэхэх цаг болсон. 2018 оны хувьд төр өөртэйгөө буюу төрийн байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулдаг “давалгаа”-г Засгийн газар эхлүүллээ.


САНАЛ БОЛГОХ