Хэзээ Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг төртэй болох вэ?
Үйлдвэрлэл
Амлалтаа ажил хэрэг болгодог улс төрчид хэрэгтэй байна
Сар шинийн баяраар монголчуудын худалдан авалт оргилдоо тулдаг. Харамсалтай нь ураг төрлийнхөө алгыг дээш харуулчих гэсэн монголчуудын халааснаас гарч буй дийлэнх мөнгө өнөөг хэр нь урд хөрш рүү урссаар байгаа нь нууц биш. Үндэсний үйлдвэрлэлийн бэлэг сэлт нэг үеэ бодоход мэр сэр харагдах болсон ч эрэлтээ гүйцэхгүй хэвээр. Засгийн Газрын Мэдээ сонин нийтлэлийн бодлогынхоо хүрээнд сар шинийг угтан хоёрдугаар сарыг "Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сар" болгон зарлаж, эхний нийтлэлээ уншигч танд хүргэж байна.
АНУ-ын хувьд 2017 он сэргэлтийн жил байлаа. Ганцхан жилийн хугацаанд 2.4 сая ажлын байр шинээр бий болсноос 200 мянга нь аж үйлдвэрийн салбарынх. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих татварын бодлого хэрэгжүүлснээр тус улсын өрхийн дундаж орлого 4000 ам.доллараар нэмэгдсэнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын индрээс мэдэгдсэн. Түүнчлэн тус улсын ажилгүйдлийн түвшин 45 жилийн доод түвшинд хүрч компаниудын үнэлгээ 18 их наяд ам.доллараар нэмэгдсэн зэрэг бодит үр дүнг танилцуулав. Гэтэл манайд өнгөрсөн нэг жилийн хугацаанд аж үйлдвэрлэлийг дэмжсэн ямар бодлого хэрэгжүүлсэн нь тун бүрхэг. Монгол Улс хэрэглээнийхээ 80 орчим хувийг импортолдог хэрэглэгч орон. Аж үйлдвэрлэлийн салбар ДНБ-ий 10 хувьд ч хүрдэггүй. Үе үеийн эрх баригчид импортыг орлох экспортын бүтээгдэхүүн бий болгоно, үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэж том амладаг ч бодит ажил болгосон нь нэн ховор. Эрх баригч нам 2016 оны сонгуулиар аж үйлдвэрлэлийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээг 20 хувьд хүргэнэ, томоохон үйлдвэрлэл явуулж буй аж ахуй нэгжүүдийн зээлийн хугацааг уртасгана хэмээн амлаж, ялалт байгуулсан. Үндэсний аж ахуйн нэгжид тавьсан татварын актын хүү, торгууль, алданги, татварын нөхөн төлбөрийн төлөх хугацааг сунгана гэж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт ч мөн үүнтэй ижил амлалт бий.
Тэрбээр аж үйлдвэрлэлийг онцгойлон анхаарч, баялаг бүтээгчдэд учирч буй төрийн дарамт, хяналт, шалгалт болон зээлийн хүндрэлийг арилгахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно гэсэн. Гэвч Ерөнхийлөгч бодлого хэрэгжүүлдэг субьект биш тул Засгийн газрыг харсаар өнгөрөөх талтай. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр хөршид хүнс экспортлогчдыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа. Ийнхүү аж үйлдвэрлэл улс орны хөгжлийн суурь гэдгийг хэн хүнгүй ярьдаг ч эрх баригчдын хэн нь ч нүдэнд харагдаж, гарт баригдах бодит ажил огт хийсэнгүй. Төр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ёстойг хуульд тусгасан ч бүтээгдэхүүн, үйлчилгээ авахдаа ихэвчлэн гаднынхыг сонгодог. Үндэсний үйлдвэрлэлд чиглэсэн хөтөлбөрүүд нь ихэнхдээ замын дундаас замхарч алга болдог муу жишиг тогтсон. Зээл тусламж ч зорилтот эзэндээ очдог эсэх нь эргэлзээтэй. Уг нь манай орон аж үйлдвэрлэлээ тэтгэх түүхий эдийн нөөцөөр баян.
Гэвч зэс, нүүрс, төмрийн хүдэр, арьс шир, ноос, ноолуур гээд 10 гаруй төрлийн түүхий эдээ боловсруулж чадалгүй, БНХАУ-руу түүхийгээр нь зөөсөөр буй. Энэ бол манай улсад үйлдвэрлэлийн бус худалдааны эдийн засаг ноёлж буйн жишээ. Жижиг, дунд бизнесүүд зөвхөн арилжааны зээл дээр тулгуурлаж, улсын эдийн засаг ялимгүй савлахад сөхөрч унахад бэлэн байна. Цагаан сарын баяраар монголчууд жилд дунджаар 800 тэрбум гаруй төгрөгийн худалдан авалт хийдэг. Гэвч үүний ихэнх нь урд хөршийн худалдааны салбар руу шууд цутгадаг. БНХАУ-ын Эрээн хот сүүлийн хэдэн жилд нүдэн дээр цэцэглэн хөгжиж буй. Эрээн хот, Замын-Үүд өртөө хоорондоо зургаахан километрийн зайтай ч хөгжил нь тэнгэр, газар шиг ялгаатай. Үндэсний өв соёлоороо бахархдаг уламжлалт баяраараа яагаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого хэрэгжүүлж болохгүй гэж. Солонгосчууд манай улсад ирэхдээ Korean air-ийн онгоцонд сууж, солонгос эзэнтэй зоогийн газар, зочид буудлаар үйлчлүүлээд буцдаг. Тэдэнд үндэсний компани, үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээ нэвт шингэсэн нь энэ.
Харин монголчууд жилийн жилд урд хөрш рүү мөнгөө цутгасаар, өөрсдөө улам ядуурсаар байгаа нь харамсалтай. Ядаж л үндэсний хамгийн том баяр Цагаан сараар зочдынхоо гарыг дотоодын бүтээгдэхүүнээр цайлгадаг хандлага, сэтгэлгээтэй болмоор байна. Цагаан сарын баяр бол монголчуудын хувьд богино хугацаанд багагүй худалдан авалт хийдэг сар. Манайд сүү, сүүн бүтээгдэхүүн, оньсон тоглоом зэрэг зочдын гарыг цайлгах бүтээгдэхүүнүүд цөөнгүй бий. Нэгэнт төрийн нэгдсэн бодлогоор аж үйлдвэрлэлээ дэмжиж чадахгүй байгаагаас хойш бид өөрсдөө худалдан авалтаараа энэ салбарыг өөд нь татах шаардлагатай байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй