Монгол компаниуд дэлхийн зах зээлд гарч эхэллээ

Мөнгө ба бизнес


Үндэсний компаниуд дэлхийн зах зээл рүү тэмүүлээд эхэллээ


Цэнхэр дэлхийд хосгүйд тооцогддог, Монголын шаргал элсээр нэрлэсэн “Алтанговь” брэнд арлын оронд худалдаанд гарчээ. Худалдан авагчдад ойр дөтөөрөө алдартай 7-Eleven дэлгүүрийн лангуун дээрх “Алтанговь” шар айргийн гэрэл зураг сүүлийн хэдэн өдөр нийгмийн сүлжээгээр нэлээн түгэв. Монголын шингэн хүнсний салбарын тэргүүлэгчдийн нэг АПУ компани энэ бүтээгдэхүүнээ өнгөрсөн оны сүүлчээс Японы зах зээлд гаргажээ. АПУ-гийн толгой компани болох “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан “Бид дотоодын зах зээлд хоорондоо өрсөлдөж ханалаа. Одоо гаднын зах зээлд өрсөлдөх хэрэгтэй” хэмээн нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьж байсан удаатай. Тэгвэл түүний яриа ийнхүү биеллээ олжээ. Шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлээд 90 гаруй жилийг үдэж буй энэ компани дотоодын зах зээлд тэргүүлэгчдийн нэг болтлоо өсөн дэвжсэн. Харин өдгөө дэлхийн зах зээлд гарч буй нь энэ. Сүүлийн 30 орчим жил чөлөөт зах зээлээр замнаж, Монголын зах зээлд баттай байр сууриа олсон Монголын гэх тодотголтой үндэсний баялаг бүтээгчид эхнээсээ хилийн дээс алхсаар.

Сүүлийн хэдэн жил Монгол Улсын макро эдийн засаг тааламжгүй байсан ч үндэсний баялаг бүтээгчид өсөн дэвжиж, өрсөлдөх чадвараа нэмж байна. Дотоодын томоохон тоглогчдын нэг “Тэсо” корпораци сүүлийн жилүүдэд Казахстан, Хятадад бараа, бүтээгдэхүүнээ экспортлох болсон. Сүүлийн нэг жилийн хугацаанд экспортын бараа бүтээгдэхүүнийх нь нэр төрөл, жин хэмжээ нь ч нэмэгдсэн байх юм. Тус компанийн мэдээлснээр 2017 онд “Голдэн милк”, “Зөв” аарцны ундаа, “Лапша” брэндээ гадаад зах зээлд борлуулж, экспортын орлогоо дөрөв дахин өсгөсөн байна. Ингэснээр “Тэсо” өнгөрсөн онд хамгийн их хэмжээний хүнсний боловсруулсан бүтээгдэхүүн экспортолсон компани болсон юм. Үүгээр зогсохгүй тус компани хэдхэн хоногийн өмнө дэлхийд өрсөлдөх, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 6.5 сая ам.долларын санхүүжилт татсан байна.

Мөн Монголын шилдэг компаниудын нэг “Номин холдинг” АНУ-ын Лос Анжелест шинэ салбараа нээж, үндэсний бараа бүтээгдэхүүнийг борлуулж эхэлснийг та дуулсан байж магадгүй. Хүнс, худалдаанаас гадна ноос ноолуурын салбарынхан экспортын орлогоороо өнгөлж байгаа. Монголын ноолуурын нэрийн хуудас болсон “Говь” компани өнгөрсөн онд хилийн чанад дахь борлуулалтын сүлжээгээ өргөтгөж, БНХАУ-ын Эрээн хот, Бельгийн Брюссель хотод салбар дэлгүүрээ нээгээд амжлаа. Одоогоор 11 орны 26 хотод нэрийн барааны гурав, франчайз 57 дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулж байна. Гадаад зах зээл дэх борлуулалтын сувгаа өргөтгөснөөс компанийн орлого нэмэгдэж, 2017 оны эхний хагаст борлуулалтаа есөн тэрбум төгрөгөөр өсгөжээ. Ер нь дотоодын үйлдвэрлэгчид салбар, нэгжээ хилийн чанадад байгуулах нь нэмэгдсэн. Өнгөрсөн онд гэхэд хувцас загварын “Торго” тэргүүтэй хэд хэдэн салон салбараа БНХАУ- ын Хөх хотод нээсэн байна. Урд хөршийн Монголтой хил залгаа хотууд манай баялаг бүтээгчдийн үйл ажиллагаагаа тэлэх боломжит зах зээлд тооцогдож байна.

Өнгөрсөн оны эхээр “Эрдэнэт хивс” компани мөн Хөх хотод салбар дэлгүүрээ нээсэн. Тус компани БНХАУ-д бүтээгдэхүүн нийлүүлээд 20 жилийг үдэж байгаа. Энэ туршлага дээрээ үндэслээд бие даасан дэлгүүр нээсэн аж. Хятад, Герман ОХУ, Япон, АНУ, Франц руу экспорт хийдэг тус компани тун удахгүй Швейцарь руу экспорт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Өнгөрсөн онд эрдэс түүхий эд болон мах махан бүтээгдэхүүний экспорт өссөн. Гэхдээ зөвхөн энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт өсөөд зогсохгүй Монголд үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээдэг боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлт тэлсэн байна. Тухайлбал, хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт бараг хоёр дахин өссөнийг Гаалийн ерөнхий газрын тайлангаас харж болно. Үүнээс гадна ургамлын гаралтай бүтээгдэхүүнийнх 12 сая гаруй ам.доллараар нэмэгдэж, 67.4 сая ам.долларт хүрсэн бол мод модон эдлэлийнх ойролцоогоор 50 хувиар нэмэгдэж, 633 ам.долларыг давжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа нэхмэл эдлэлийн экспорт ч өнгөрсөн онд өссөн.

Ийнхүү дотоодод хэдийнэ байр сууриа олж, хүчин чадал, чанар чансаагаа олон улсын түвшинд хүргэсэн үндэсний компаниуд дэлхийн зах зээл рүү тэмүүлээд эхэллээ. Өөрөөр хэлбэл, дотоодод өсөн дэвжиж, эрийн цээнд хүрээд хилийн дээс алхаж буй нь энэ. Монгол Улс нь хэдэн зуун сая хэрэглэгчтэй том зах зээлүүдтэй харьцуулахад хязгаарлагдмалд тооцогддог. Тиймээс зах зээлээ тэлж, үйлдвэрлэлээ нэмснээр бизнесийн үйл ажиллагаагаа урт хугацаанд тэтгэж, өргөжүүлэх боломж бүрдэх юм. Нөгөө талаас, манай бизнесийн орчны нэг эрсдэл болох ханшийн савлагаанд өртөх магадлал буурна. Хэдийгээр Монголыг чиглэх хөрөнгө оруулалт саарч, дотоодын зах зээлийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч үндэсний баялаг бүтээгчид өрсөлдөх чадвараа өсгөсөөр дэлхийн зах зээлд гараад байна. 2017 онд Монгол Улсын нийт экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрдсэн байна. Үүнээс гадна хагас болон бүрэн боловсруулаагүй мах болон ноолуурын экспорт багагүй хувийг бүрдүүлж, Монгол Улс түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч, хавсарга орон болчихоод байгаа. Тэгвэл энэ үед уул уурхайн бус, дотоодын бизнес эрхлэгчид экспортод чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулах алхмыг хамгийн бодитой нэвтрүүлж байна.


САНАЛ БОЛГОХ