“Jumanji: Welcome to the Jungle” кино 11 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүлэв
“Sony Pictures”-ийн уран зөгнөлт, адал явдалт төрлийн “Jumanji: Welcome to the Jungle” кино 11 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг эргэн тэргүүллээ. Ингэснээр энэхүү кино Хойд Америкийн кино зах зээлд сүүлийн долоон долоо хоногт 352.6 сая ам.долларын орлого олж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон кинонуудын 42 дугаарт бичигдэж байна. Жагсаалтыг "Оддын дайн" цувралын 2015 онд гарсан "The Force Awakens" кино 936 сая ам.долларын орлогоор тэргүүлж байгаа аж. Харин өнгөрсөн долоо хоногт “Box Office”-ийг тэргүүлсэн “Gotham Group”-ийн шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн "Maze Runner: The Death Cure" кино 10.2 сая ам.долларын орлогоор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Энэхүү киноны олон улс дахь орлого 35.2 сая ам.доллараар хэмжигдэж байгаа төдийгүй Мексик, Герман зэрэг улсын “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт хөлбөмбөгийн “Super Bowl” тоглолт болохтой зэрэгцээд “Bullitt Entertainment”-ийн аймшгийн төрлийн "Winchester" кино л нээлтээ хийсэн бөгөөд 9.2 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. Үзэгчид киноноос илүү “Super Bowl”-ийг илүүд үзсэн учир Хойд Америкийн кино зах зээлийн орлого нь өнгөрсөн амралтын өдрүүдэд 56 хувиар буурч, 92 сая ам.доллар болжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй