АНУ-ын Төв банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа орлоо
АНУ-ын Төв банкны шинэ тэргүүн Жером Пауэлл тангараг өргөж ажил үүргээ хүлээн авлаа. Тэрбээр Холбооны нөөцийн банкны 16 дахь тэргүүн болж байна. Жером Пауэлл АНУ-ын эдийн засаг таатай үедээ байхад Төв банкны тэргүүний үүргийг хүлээн авч байна гэж ажиглагчид онцолж байна. Тус улсын эдийн засаг хамгийн урт хугацаагаар тасралтгүй өсөн тэлж байгаа гурав дахь тохиолдол болж байгаа юм. Мөн ажилгүйдэл 4.1 хувьтай буюу түүхэн доод түвшиндээ хүрээд байна.
Жером Пауэлл "Эдийн засгийг үргэлжлүүлэн өсгөж, үнийн тогтвортой байдлыг хангахын дээр хөдөлмөрийн зах зээлд эерэг орчныг бүрдүүлнэ" гэж амлаад байгаа юм. Түүний хувьд хамгийн том сорилт нь инфляцын түвшин гэж харж байна. Инфляц 2012 оноос хойш Холбооны нөөцийн банкны зорилтот түвшнээс доогуур байж иржээ. Тус банкны Бодлогын зөвлөл өнгөрсөн оны 12 дугаар сард бодлогын хүүг энэ онд гурван удаа өсгөх нь зүйтэй гэж үзсэн юм. Хэдий тийм боловч үүнээс ч олон удаа өсгөх шаардлагатай болж магадгүй байгааг шинжээчид онцолж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй