Импортын цэлцэгнүүрийг ногоон цай, коллагентай уураг орлоно

Би үйлдвэрлэгч


Purin-ий үйлдвэрлэлд нийт 340 гаруй сая төгрөг зарцуулсан

“Багаасаа л ямар нэг зүйл хийж бүтээдэг хүн болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Ингээд идэх дуртай амттангаасаа бизнесийн санаагаа олсон. Химийн бодис ороогүй экологийн цэвэр бүтээгдэхүүн уургийг Монголдоо үйлдвэрлэх судалгааг 2016 оноос эхлүүлсэн” хэмээн ярих MonCo Latte компанийн захирал Б.Одгэрэлийг энэ удаагийн дугаартаа онцолж, ярилцлаа.

-“Ub purin” нэртэй ногоон цай, коллагентай уураг үйлдвэрлэж эхэлжээ. Монголд байдаггүй шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа хэрхэн төрөв?
-Азийн орнуудад purin, Европт pudding (уураг) гэсэн нэршлээр хэлэгддэг амттанг өнгөрсөн оны наймдугаар сараас худалдаанд гаргасан. Би Япон улсад барилгын инженер мэргэжлээр суралцаж, төгссөн. Тэнд байхдаа үнээний уурагтай ойролцоо бүтээгдэхүүн purin-ийг идэх дуртай байсан юм. Ингээд Монголд 2013 онд ирээд барилгын салбарт хувийн бизнесээ эхлүүлсэн ч хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэхсэн гэсэн эрмэлзлээ дотроо тээн явсаар байлаа. Хүүхдийн шинэ жилийн бэлгэнд урд хөршийн, баталгаагүй цэлцэгнүүр хийх нь элбэг. Юугаар хийсэн нь ч тодорхойгүй. Амт нь тийм ч сайхан биш атлаа бэлэг бүрт заавал байдаг. Тиймээс хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй амттанг хүүхдэдээ өгч байхаар purin-ийг үйлдвэрлэе гэж шийдсэн. Ингээд бүтээгдэхүүнээ гаргахын тулд Японы purin үйлдвэрлэдэг том жижиг хэд хэдэн үйлдвэрт очиж, технологи, орцыг нь судалсан.

-Японы технологийг судалсан гэж та хэллээ. Мэдээж тус улсын компани бизнесийн нууцаа шууд задлаагүй болов уу. Purin-ий орц, найрлагыг яаж мэдэж авсан бэ?
-Аливаа бүтээгдэхүүний нууц нь жорондоо байдаг. Харин үйлдвэрлэх үйл явц, дамжлага, зарчим зэргийг япончууд нууж хаадаггүй юм билээ. Purin нь япончуудын дуртай амттаны нэгд зүй ёсоор ордог бүтээгдэхүүн. Тиймээс Японд purin хийдэг үйлдвэр олон бий. Тухайлбал, бидний үйлдвэрлэж байгаа ногоон цайтай purin-ийг өөрсдийн тусгай жороор гаргадаг зургаан өөр компани байх жишээтэй. Судалгаа хийх үүднээс ажилладаг байсан Япон компанийнхаа хүмүүсийг цуглуулж, 16 үйлдвэрлэгчийн purin-ийг худалдан авч, тэдэнд амтлуулсан. Ингээд хамгийн амттай purin-ийг өдөрт ердөө 60 ширхэгийг үйлдвэрлэдэг жижиг цех хийдэг болохыг мэдэж авсан. Тэр цехэд жорыг нь худалдан авах санал тавьж, бид хоёр хоногийн турш тус цехэд purin-ийг хэрхэн хийж, гаргаж авдаг талаар судалсан.

-Нууц биш бол жорыг хэдэн төгрөгөөр худалдан авсан бэ?
-Жороо 30 сая, тоног төхөөрөмжөө 110 сая төгрөгөөр худалдан авсан. Үйлдвэрийн байраа шинээр барьсан гээд одоогоор purin-ий үйлдвэрлэлд нийт 340 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Энэ хөрөнгө оруулалтаа барилгын бизнесээс олсон ашгаараа санхүүжүүлж, үйлдвэрээ босгоод байгаа.

• Бүтээгдэхүүнээ гаргахын тулд Японы purin үйлдвэрлэдэг том жижиг хэд хэдэн үйлдвэрээс технологи, орцыг нь судалжээ.

• Жороо 30 сая, тоног төхөөрөмжөө 110 сая төгрөгөөр худалдан авсан байна.

• Борлуултынхаа хурдыг гүйцэхгүй байгаа тус компани Улаанбаатарын 80 орчим сүлжээ дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.

-Хэдий жорыг нь худалдан авсан ч манай түүхий эд Японыхоос өөр шүү дээ. Японы үйлдвэрт хийсэн бүтээгдэхүүнийг Монголд нутагшуулахад амаргүй байв уу?
-Бүтээгдэхүүн гаргах туршилтаа хоёр сар гаруй хугацаанд хийж, өдөрт 20 гаруй purin хийж туршсан. Хэрэглэж байгаа сүү нь Японыхоос өөр учир амт нь хүссэн хэмжээнд гарч өгөхгүй байлаа. Ингээд өнгөрсөн оны наймдугаар сард эцсийн амтаа гаргаж, мэргэжлийн хяналтын байгууллагын лабораториор шинжлүүлснээр худалдаанд гаргах зөвшөөрөл авсан.

-Purin-ийг юугаар хийдэг юм бэ?
-Гол орц нь сүү, өндөг. “Сүү” хувьцаат компанийн шингэн сүү болон “Баян шувуу” компанийн өндгөөр хийдэг. Дэлгүүрт ямар ч хоолонд хэрэглэж болдог хуурай коллаген байдаг. Үүнийг коллагентай purin-д хийдэг. Мөн гадуур худалдаанд байдаггүй Японы Киото хотын үйлдвэрийн Matcha цайг бүтээгдэхүүндээ хийдэг. Энэ цайг зөвхөн purin-д зориулж бага хэмжээгээр оруулж ирдэг юм. Бүтээгдэхүүн жилийн дөрвөн улиралд гарч байгаа. Манайх Улаанбаатар хотын бүхий л сүлжээ дэлгүүрээр 100 граммыг нь 2000 төгрөгөөр борлуулж байна.

-Нэр төрлөө нэмж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх үү. Өдөрт хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ. Хэрэглэгчийн судалгааг хэрхэн тооцож гаргав?
-Яг үнэндээ борлуултынхаа хурдыг бид гүйцэхгүй байгаа. Улаанбаатарын 80 орчим сүлжээ дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Хэд хоноод л дуусчихна. Зах зээлд purin-ий эрэлт хэрэгцээ байгаа учраас энэ хавраас тоног төхөөрөмжөө нэмж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөжүүлэх бодолтой байгаа. Бид гүзээлзгэнэ болон манго жимстэй purin-ийг шинээр гаргахаар төлөвлөж байна. Гэхдээ манай нөхцөлд жимсний олдоц хэр байх бол гэдэг нь тодорхойгүй. Ногоон цай шиг 100 хувийн баталгаатай жимс олдох уу гэдэг гол асуудал байна. Түүнээс бид Хятадаас жимсний найрлагатай бэлдмэл авчирч хийх сонирхолгүй. Улаанбаатар хотын 1.3 сая хүн амын 0.1 хувьд буюу өдөрт 1300 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлнэ гэж тооцоолсон юм. Харин бид өдөрт 100-150 ширхэг purin үйлдвэрлэж байна. Тиймээс 1300-д хүргэхийн тулд үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч хайж байгаа.

-Өдөрт хүн хэдэн грамм уураг авах ёстой байдаг вэ?
-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу амттаны зориулалтаар манай уургийг хэрэглэнэ. Манай 100 граммын савлагаатай нэг бүтээгдэхүүнд 1.7 хувийн уураг агуулагддаг. Тэгэхээр хүн өдөрт хоёр ширхгийг идэхэд л авах ёстой уургийнхаа хэмжээг хангалттай нөхчихнө гэсэн үг.

-Танайхтай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд байна уу?
-Яг манайх шиг амттай бүтээгдэхүүнийг Германаас хүнсний бүтээгдэхүүн импортолдог нэгэн компани оруулж ирдэг байсан юм билээ. Гэхдээ бүтээгдэхүүнээ 7000 төгрөгөөр худалдаж байсан. Харин дотоодод манайх шиг амттай бүтээгдэхүүн хийдэг компани байхгүй.

-Японд олон жил болсон хүний хувьд Монголд үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч буй бэрхшээл, сорилт юу байна вэ?
-Хамгийн хэцүү санагдсан нь аливаа бичиг баримт бүрдүүлэх. Компанийнхаа бичиг баримтыг бүрдүүлэхээр хөөцөлдөж байхдаа больдог ч юм билүү гэж шантарч байсан. Гэхдээ ямар ч байсан хийх нь зөв юм байна гэж шийдсэн. Өнөөдөр бизнес маань амжилттай урагшилж байна.


САНАЛ БОЛГОХ