Цагаан сарын дундаж өртөг нэг сая төгрөг
Сурвалжилга
“Мишээл экспо” төвийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгджээ
Хан-Уул дүүргийн “Мишээл экспо” худалдааны төв. Сар шинийн баярыг тохиолдуулан бараа, бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн иргэн, аж ахуйн нэгжүүд болон баярын ширээгээ бэлдсэн хэрэглэгчдийн уулзах цэг болжээ. Хамгийн түрүүнд сүү, цагаан идээ дэлгэж тавьсан задгай талбайн худалдаа нүдэнд тусна. Энэ төрлийн бүтээгдэхүүнээр Монголдоо л брэнд тодотголыг хүртээд буй Архангайнхны бүтээгдэхүүн тэнд байлаа. Тэднийг бүтэн жилийн турш энэ цаг үед л зориулж бүтээгдэхүүн бэлддэг гэхэд болно. Үзэсгэлэн худалдаа арав хоногийн өмнөөс эхэлжээ. Сар шинийн баяр хүртэл худалдаа хийх хугацаа яг талдаа орсон гэсэн үг. Гэвч борлуулалт урьд өмнөх жилийнхээс бага байгааг худалдаачид хэлж байлаа. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотой болов уу. Мөн энэ долоо хоногоос “Мишээл экспо” төвийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь нийслэлчүүд сар шинийн бэлтгэлдээ ханцуй шамлан орсныг илтгэнэ.
Олон нийтийн мэдээллийн сувгаар үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд, ялангуяа сүү, цагаан идээний үнэ хэт өндөр байгаа талаарх иргэдийн шүүмжлэл багагүй гарч байгаа. Харин малчид үнээ өмнөхөөс огт нэмээгүй гэж хэлж байна. “Цагаан идээний үнэ өндөр байна гэж шүүмжилж байна. Үнэндээ өнгөрсөн жил ч гэсэн энэ үнээр л идээгээ борлуулсан. Энэ жилийн тухайд иргэдийн худалдан авах чадвар муудсан нь илт мэдэгдэж байна. Чухам баяр дөхөөд ирэхээр сайжирч магадгүй. Уг нь жилийн жилд худалдаа эхлээд арав хоногт авчирсан бүтээгдэхүүнийхээ талыг нь борлуулчихдаг байлаа.
Гэтэл өчигдрийн байдлаар дөнгөж гуравны нэгийг нь л борлуулжээ. Малчид бид жилийн дөрвөн улиралд идээ, цагаагаа бэлтгээд, зөвхөн Цагаан сараар л хотод ирж борлуулдаг. Тиймээс үнээ бууруулах боломжгүй шүү дээ. Өдөрт 200 мянган төгрөгийн ашигтай байгаа ч тав хоногт гадаах талбайн түрээсэнд 150 мянган төгрөг төлж байгаа” хэмээн учирлаж байна билээ. Харин аарцыг гурилтай хольж, нийслэлчүүдээ молигоддог, түүнийгээ цэвэр ааруулан дунд хийж өгдөг талаарх иргэдийн гомдол бас тасардаггүй. Энэ мэт асуудлаас болж нийслэлчүүд хөдөөнийнхөнд итгэхээ байж, худалдан авалт хийх шийдвэрээс буцдаг тохиолдол бий. “Мишээл эксо” төвд дан Архангай аймгийн бүх сумаас ирсэн 20 гаруй малчдын идээ цагаа байх бөгөөд амталж үзээд авах боломжтой байсан нь иргэдийн таашаалд нийцтэй байгаа нь илт. Ааруул, хайлмаг, ээзгий, өрөм, бяслаг, шар болон цагаан тос, аарц, айраг… гээд 20 гаруй төрлийн цагаан идээ, янз бүрийн савлагаа, үнэтэйгээр зарж буй. Тухайлбал, тогооны өрөм том нь 16 мянга, жижиг нь 8000 төгрөг гэж байсан бол хураасан өрөм 14 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин сүүний ааруул 23 мянга, хатуу болон чихэртэй ааруул 13-25 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Монголчууд сүүлийн жилүүдэд хаврын уртад ул боов хатчихдаг учир ааруулаар тавгаа засах сонирхолтой болсон.
• Цагаан идээний үнэ өндөр байгаа нь худалдан авалтыг бууруулж байна.
• Цагаан идээг амталж үзээд авах боломжтой буй нь иргэдийн таашаалд нийцэж байна.
• Оймсноос гадна ноосон болон ноолууран ороолт дараагийн эрэлттэй бүтээгдэхүүн болжээ.
Тэгвэл 30 ширхэг гурван үетэй тавгийн ааруул 150 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 35 ширхэгтэй таван үетэй нь 200 мянга гэж байна. Харин ээзгий нэг килограмм нь 10 мянган төгрөг, хайлмаг 9000, цагаан тос 8000, аарц нэг кг нь 3500, шар тос 250 грамм нь 3500 төгрөгийн ханштай байлаа. Мөн энд Архангайн Чулуутын айраг таван литр нь 25 мянган төгрөгийн үнэтэй байсан бөгөөд иргэд тун олзуурхан худалдан авч байсан юм. Сар шинийн баярын ширээний хамгийн гол идээ бол ууц. Ууцны мах том жижгээсээ хамаарч, харилцан адилгүй үнэтэй байна. Тухайлбал, жижиг нь ойролцоогоор 26 кг татах бөгөөд 160 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин том хонины тарган ууцны махыг 200-300 мянган төгрөгийн үнээр зарж байлаа. Хонины мах нэг кг нь 3000 төгрөгийн үнэтэй байв.
Мөн чацаргана, аньс тэргүүтэй байгалийн зэрлэг жимсийг иргэд их авч байна. Чацаргана нэг кг нь 6000, аньс, нэрс 7000 төгрөгийн үнэтэй бол үхрийн нүд 10 мянган төгрөгөөр зарж байлаа. Дээрх бүхий л бүтээгдэхүүнийг гадна талбайд худалдаж байгаа бол “Мишээл экспо” төвийн дотор үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн байв. Үүдээр нь ороход баруун талын хэсэгт дан хүнсний бүтээгдэхүүн байх бол зүүн талд нь гарын бэлэг, үндэсний хувцас, дээл, малгай гутал сэлтийг дэлгэжээ. Ингээд тус төвийг нэг бүтэн тойрч, зарим бараа бүтээгдэхүүний үнийг судалсан юм. Баярын ширээнд байх ёстой дараагийн идээ нь ул боов. “Өгөөж-Чихэр боов” компанийн хэвийн боов нэг ширхэг нь 2180, “Атар өргөө”-1900, “Тэнгэрийн хишиг” болон “Суман гүн” 2700 төгрөгийн үнэтэй байлаа. Харин тавгийн суурь еэвэн гурван ширхэг хос нь 14.500 төгрөгийн үнэтэй байв. Мөн хүмүүсийн сонгох дуртай гүрмэл ширхэг нь 3000-3800 төгрөгт хэлбэлзэнэ. Дундаж болон том хэмжээтэй модон цар тавгийн ханш 80-120 мянган төгрөг юм.
Харин дан цар 35-50 мянган төгрөг. Мөн зэс цар авах сонголт ч иргэдэд байна. Гурван үе боовны зэс цар 180 мянган төгрөг, таван үеийнх нь 280 мянган төгрөгийн үнэтэй. Зэс цартайгаа хослуулан зэсэн домбо авахыг худалдаачид санал болгож байна. Ерөөс тус төвд баярын бэлтгэлээ базааж болох бүхий л бараа бүтээгдэхүүн нэг дор төвлөрчээ. Хүнсний лангууны хэсэгт дотоодын үйлдвэрлэгчдийн бэлтгэсэн Сэлэнгэ, Орхоны зөгийн бал, цай, мах, махан бүтээгдэхүүн, чихэр жимс өргөн сонголттой байна. Тус төвийн баруун талыг бүтэн тойрсны дараа бид зүүн талын жигүүрт байрлах бэлэг дурсгал, бэлэн хувцасны лангуугаар орсон юм. Монголчууд зочиддоо ихэвчлэн оймс бэлгэнд өгдөг нь бараг уламжлал болон тогтжээ. Үнэхээр үзэсгэлэн худалдаанд оймс онцгой байр суурь эзэлж байгаа бололтой, олон янз, төрлөөрөө байна. Лангуун дээр уул шиг овоолсон дотоодын үйлдвэрийн нэг ширхэг оймсыг нэгийг нь 1500 төгрөгөөр зарж байсан. Оймсноос гадна ноосон болон ноолууран ороолт дараагийн эрэлттэй бүтээгдэхүүн болжээ. Мөн 4500 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны ком бүтээгдэхүүн ч гүйлгээтэй барааны тоонд орно. Харин өнгө, загвар, материалын өргөн сонголттой эмэгтэй, эрэгтэй дээл 150-190 мянган төгрөг, хүүхдийн дээл 50-100 мянган төгрөгөөр зарагдаж байлаа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй