Н.Наранбаатар: Ард иргэдийнхээ талд хатуу зогсоно

ЗГМ: Зочин


Түүхэндээ байгаагүй их мөнгийг бүтээн байгуулалтад төсөвлөлөө

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай орон нутагт хийж, хэрэгжүүлж байгаа болон тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

-Танай аймагт өвөлжилт хэр байна. Хүн, мал зутарч байна уу?
-Аймгийн хэмжээнд нийт 15 сумын 58 багт харьяалалтай 5800 малчин өрх, 2.6 сая толгой мал өвөлжиж байна. Өнгөрсөн зун гантай, зуншлага тааруу байснаас тун хэцүү өвөл боллоо. Нийт нутгийн 50 хувь нь цастай, цаашид нөхцөл байдал хүндэрч мэдэхээр байгаа. Өнөөдрийн байдлаар 500 мянган мал хорогдсон. Бид энэ өвөл, хаврыг хохирол багатай давахын төлөө бүхий л боломж, бололцоо, нөөцөө зориулна. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд мал сүрэг таван төрөл дээр өсөж, 340 мянган тоо толгойгоор нэмэгдсэн.

Тэмээн сүрэг 141 мянгад хүрч, улсдаа тэргүүллээ. Цаг үеийн цас, зудаас илүү манай аймгийн хойд талын хил залгаа Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн сумдаас маш их мал, адуу орж ирсэн нь хүндрэл учруулах боллоо. Орж ирсэн адуу гэхэд л 20 мянга гарчихаад байна. Мөн Өвөрхангай, Дорноговь, Дундговь аймгуудад гарсан шүлхий өвчнийг аймагтаа оруулчихгүйн тулд маш их хүч, хөрөнгө зарж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Өвчний голомттой бүс нутгаас цагаан зээр хэдэн зуугаараа орж ирж байгааг хянаж, зохицуулах гэх мэт бэрхшээл дээр дээрээсээ давхцаад хүндхэн л байна даа.

-Танай аймаг шиг их хөлийн газар шүлхий дэгдвэл хэцүү болохдог оо. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай, найдвартай хийсэн гэж хэлж чадах уу?
-Одоохондоо гайгүй л байна. Гэхдээ аймгийн хэмжээнд шүлхийн вакцин дууссан тул санаа зовох юм. Засгийн газарт хандсан. ОХУ-аас вакцин удахгүй орж ирнэ гэсэн хариу аваад байж байна.

-Өвс, тэжээлийн нөөц ямархуу байна. Цаг агаар дулаарахтай зэрэгцээд өвлийг арай гэж давсан мал жинхэнэ сэнсэрдэг биз дээ?
-Тийм ээ, мал жинхэнэ сэнсэрдэг цаг учраас шат дараатай арга хэмжээг төлөвлөсөн байгаа. Өнгөрсөн намар аймгийн нөөцөд 785 тн өвс, 525 тн тэжээл татаж төвлөрүүлсэн. Энэ өвөл цаг агаар хүндэрч эхэлсэнтэй холбоотойгоор нөөцийнхөө 50 хувийг хямдруулсан үнээр зарж малчдад хүргүүллээ. Засгийн газраас 50 хувийн хямдруулсан үнээр нэмэлт тэжээлийг аймагт ирүүлсэн. Бид ч өөрсдийн хөрөнгөөр өвс, тэжээл ахиу худалдаж авах болно.

-Өвс худалдаж авна гэснээс танайх улсаас татаас авдаггүй аймгийн нэг шүү дээ. Гэтэл “Өглөгч хүн өөртөө хоосон”-ы жишээ болоод байна уу, үгүй юү?
-За, бодит үнэн яг л өөрийн чинь хэлж байгаа шиг байдаг. Өмнөговийн ард иргэдийн гол бухимддаг зүйл энэ л дээ. Аймаг улсын төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Тэгээд уул уурхайн том компаниудаас авдаг татвар, ашигт малтмал ашигласны төлбөр, хайгуулын болон ашиглалтын лицензийн төлбөрүүдийг улс 100 хувь хамаад авчихна. Аймаг, орон нутагт эндээс сохор зоос ч үлддэггүй юм. Уул, уурхайн компаниудаас олборлосон 1 тонн нүүрс тутамд 1000 төгрөгөөр тооцож агаарын бохирдлын төлбөрт авдаг мөнгийг мөн л улс авчихна. Эндээс ядаж тодорхой хувийг нь орон нутагт үлдээгээч гэдэг. 2016 он хүртэл орон нутагт бас ч гэж хүртээдэг байсныг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед зогсоосон нь аймгийн хөгжлийг үнэхээр боомилсон шийдвэр болсон л доо. Нэгэнт ам нээснийх, орон нутгийг хөгжүүлэх бодлогод хамгийн их саад болж байгаа гол хүчин зүйлийн талаар ярья. Тухайлбал, нийгмийн гол хоёр салбар болох эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхээр гаргасан аймгийн бодлого хэрэгжих ямар ч нөхцөл алга.

• Шүлхийхээс сэргийлэхэд маш их хөрөнгө зарж байна.

• Аймгийн эдийн засаг, санхүү жижиг Тавантолгойд тулгуурладаг.

• Хүнд чиглэсэн бодлогоо нэн тэргүүнд тавьсан.

-Яагаад?
-Яагаад гэвэл, энэ хоёр салбарын дарга, эрхлэгч нарыг дээрээс яам томилж байна. Төсвийг нь ч яам мэддэг. Энэ байдлаас болж тун түвэгтэй нөхцөл үүсдэг юм. Нийгмийн бодлогын гол асуудлууд аймаг, орон нутгийн удирдлагад хамаарахгүй болчихоор яах ёстой юм бол. Орон нутаг тэгээд юуг мэддэг вэ гэхээр хэдэн сум, багийн Тамгын газрын төсөв л болж байгаа юм. Бас болоогүй ээ! Зарим сумын татвар болон гаалийн байцаагчийг хүртэл яамнаас томилдог. Цагдаа, гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяат, хөдөлмөр халамжийн хэлтэс, төрийн хамгаалалттай газрын удирдлага, Аймгийн бүсийн эмчилгээ, оношилгооны төв, Өмнөговь аймгийн хамгийн сайн сургалттай лаборатор сургуулийн захирлыг хүртэл яамнаас томилж, төсөв, боловсон хүчнээ мэддэг болсон нь улстөржилттэй холбоотойгоор гаргасан хамгийн үр ашиггүй шийдвэр боллоо шүү дээ. Удирдлагын дээрээс төвтэй хэт их энэ төвлөрлийг задлая гэж ярьдаг хэрнээ хэрэгжүүлж байгаа юм алга. Ярьсан хэлсэн бүхэн нь цаасан дээр үлдсэн.

-Ийм бэрхшээл мөнгө, санхүүгийн эх үүсвэр сайтай танайх шиг аймагт л байна уу, эсвэл аймгуудад ялгаагүй юу?
-Ялгаагүй бүх аймагт ийм байгаа. Олон удаа гомдол гаргасны эцэст 2016 онд удирдлага, томилолттой холбоотой энэ төвлөрлийг сааруулах тогтоол гэж гаргасан. Тэгээд хэрэгжиж байгаа юм алга. -Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр энэ бэрхшээлтэй нөхцөл өөрчлөгдөхгүй л дээ? -Яах аргагүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөх нь үнэн. Ядаж багийн даргыг сумын Засаг дарга томилдог байх хэрэгтэй юм. Үсрээд л хамгийн том баг гэхэд 100 гаруй хүнтэй байгаа. Багийн даргаа сонгох болохоор 30-40 хүн оролцоно. Хамаатан садан олонтой нөхөр бол 20 хүн цуглуулаад л сонгогдчихож байна. Багийн ажлыг явуулах нь бүү хэл гологдохоор боловсролтой нэгэн ингээд гараад ирэхээр яаж ажил урагшлах билээ.

-Ирэх жилүүдэд ямар бүтээн байгуулалт Өмнөговьд өрнөх бол?
-2018 оныг бид бүтээн байгуулалтын жилээр зарлаж, түүхэндээ байгаагүйгээр их буюу 103.8 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Бод л доо. Аймаг өөрөөсөө 73 тэрбум төгрөгийг нь гаргаж байна. Бусад аймгуудтай харьцуулалтгүй. Нэг аймагт 3-4 тэрбум төгрөг л төсөвлөгдсөн байгаа шүү дээ. Өмнөговийг бүсчлэн хөгжүүлэх төлөвлөгөөг гаргалаа. Оюутолгой, Тавантолгой бүхий зүүн бүсийг уул уурхайн хөгжилд тулгуурласан, харин төвийн бүсээ аялал жуулчлалын, баруун талаа уул уурхай, аялал жуулчлал хослосон бүс болгож хөгжүүлэх юм. Уул уурхай мал сүргийг шахдаг болсон тул бүтцийг нь тооноос илүү чанаржуулж, орчин үеийн фермийг хөгжүүлэх бодлого баримтална. Зам, дэд бүтцээ сайжруулна. Хамгийн түрүүнд Улаанбаатар-Даланзадгадын хар замаас Ханангийн хөтлөөс салж Цогтцэций хүрэх хатуу хучилттай 59 км замыг энэ жил тавина. Зам тавих компани бүх бэлтгэлээ хангаад, өнөө маргаашгүй эхлэхэд бэлэн болсон байгаа. Гагцхүү өнөө л дээрээс зөвшөөрөл хүссэн шат дараалсан бичиг, цаасны ажлаас болоод цаг алдаж саатаад байна. Хөрөнгө мөнгө, ажиллах хүч бүрэлдэхүүн бэлэн атлаа хайрга, дайрга ашиглах зөвшөөрлийн бичиг, баримт хөөцөлдсөөр хоёр жил саатаж өдийг хүргэж байгаа нь даанч харамсалтай. Түгээмэл тархацтай элс, хайрга, дайрга мэтийг ашиглахыг орон нутаг мэдээд зөвшөөрөл өгчихдөг байж яагаад болдоггүй юм. УУХҮЯ-наас энэ асуудлыг даруй шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Хэр удах юм бол бүү мэд. Энэ мэт саад байхгүй бол ажил мөн ч урагшилна даа.

Аймгийн ИХ-ын эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна
-Жижиг, дунд үйлдвэрлэл хэр хөгжиж байна. Энэ олон гадна, дотнын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд орон нутгийн хөгжилд хангалттай дэмжлэг өгч чадаж байна уу?
-Энэ тал дээр Өмнөговь аймаг давуу л даа. Одоогоор үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 14 компани байгаа. Бүгдтэй нь хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Орон нутагт заавал хөрөнгө оруулалт хийнэ, ханган нийлүүлэлтээ орон нутгийн аж ахуйн нэгж, компаниудаас авна, ажиллах хүчнийг мөн л орон нутгаас авна гэсэн гол заалтуудыг гэрээндээ тусгасан. Үүний дагуу ажлын хувцас, баяжмалын уут оёдог үйлдвэр, цэвэр ус, бууз банш, хүнсний ногооны бизнес эрхлэгчдээ холбож өглөө. Нүүрс, баяжмалын тээвэрт орон нутгийнхаа жолооч нарын нэгдлийг мөн холбосон. ЖДҮ-ийн салбараа энэ мэтээр дэмжиж байна. Манай аймгийн хувьд хүн амын өсөлтөд маш их ач холбогдол өгдгийн учир ЖДҮ-ийг дэмжихэд чиглэж байгаа юм. Хятадад нүүрсний үнэ унаж, олборлолт зогслоо гэж бодоход уул уурхайд ханган нийлүүлэлт хийдэг ЖДҮ-ийн үйл ажиллагаа ч зогсох эрсдэл гарна. Тийм үед хүн ам хэдий олон байна тэр хэрээрээ жижиг, дундынхны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлогдох зэх зээлтэй байна гэсэн үг. Уул уурхайн компаниудаас орон нутгийн хөгжилд сайн анхаарна шүү. Орон нутгийн 51 хувийн өмчит Тавантолгой дээр үндсэндээ аймгийн эдийн засаг тогтож байна. Хамтын ажиллагааны шилдэг жишээнд “Energy resource” ХХК хамгийн түрүүнд орно. Цогтцэций сумд тус компанийн бүтээн босгосон сургууль, цэцэрлэг гээд бүгдийг цогцоор нь шийдсэн “Viva city”, “Уурхайчин” хороолол бий. Оюутолгой ХХК Даланзадгадаас ажилчдаа зөөж, Ханбогдод орон сууцны том хороолол барьж байгаа. Ханбогдыг цаашид Оюутолгойн дагуул хот болгох шийдвэрт хүрсэн.

-Хүн амын өсөлтөд бусад аймаг, хотоос шилжин ирэгсдийг Өмнөговьд найдвартай суурьшуулах бодлого чухал байх тийм үү?
-Хамгийн чухал асуудал мөн л дөө. Тиймээс манай аймаг хүн рүү чиглэсэн бодлогодоо маш их анхаарч байна. Нэн ялангуяа, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд хандсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлээд явж байна. “Эрүүл шүд” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Аймгийнхаа 18-аас дээш насны бүх иргэнд хавдрын иж бүрэн оношлогоог үнэ төлбөргүй хийлээ. Боловсролын тухайд “Англи хэлтэй-Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд англи хэлний 43 багштай. Тэднийгээ гадаадад явуулж, ур чадвар дээшлүүлэх сургалтад 100 хувь хамруулсан. Мөн гадаадаас багш урьж ажиллуулж байна. Хэлний сургалтын хамгийн орчин үеийн кабинет байгууллаа. Хоёр цэцэрлэг, хоёр сургууль шинээр барьж, ашиглалтад орууллаа. АНУ-д сурч байхдаа би тэдний хэрэгжүүлдэг чадварлаг боловсон хүчнийг татах “Тархины ангууч” хөтөлбөрийг их сонирхож судалсан л даа. Одоо үүнийгээ аймагтаа хэрэгжүүлж, эмч, багш гэх мэт төрийн чадварлаг албан хаагчдыг орон нутагтаа ажиллуулахаар чамгүй зүтгэж байна. Та бусад аймаг, хотоос шилдэг боловсон хүчнийг нь битгий урвуулаад байгаарай гэсэн гомдол нэлээд ирэх болсон нь ажлын үр дүнтэй холбоотой гэж бодож байгаа.(инээв) Мөн “Зөгийн үүр”хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 300 албан хаагч Энэтхэг, Сингапур, Тайландад сургалтад яваад ирсэн. Цагаан сарын дараа гэхэд л 25 хүн төрийн удирдлагын чиглэлээр Тайваньд 1-2 жил суралцахаар явах гэж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд “Тост-Тосон Бумбын нуруу”- тай холбоотой асуудлыг хөндмөөр байна. Дөрвөн жилийн өмнө эл бүсийг орон нутгийн тусгай хамгаалалтад оруулах шийдвэрийг АН-ын үеийн Засгийн газраас гаргасан ч, 2016 оны сонгуулийн дараа дахиад уул уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээр болсон нь өмнөговьчуудыг маш ихээр бухимдуулж байна. Аймаг, орон нутгийн удирдлага энд ямар байр суурьтай байгаа вэ?
-Бидний байр суурь тодорхой. Шүүхээс уул уурхайн хайгуулын лицензтэй газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болохгүй гэсэн маш шударга бус ойлгомжгүй шийдвэр гаргасан байна билээ. Гэсэн ч ард иргэдийнхээ талд хатуу зогсох болно оо! -Тантай ярилцахад урамтай байлаа. Бүх аймаг, орон нутагт Өмнөговь аймгийн сайны жишээ үлгэр дуурайл болоосой гэж бодож байна. Баярлалаа.






САНАЛ БОЛГОХ