Ж.Бямбасүрэн: Нэг том уул, нэг том даваа хүнийг дахин төрүүлдэг
Хүмүүс
Тэр хэсэгхэн мөчийг мэдрэхийн тулд ууланд авирсаар байх болно
Уулын спортын мастер Ж.Бямбасүрэнг сониныхоо зочноор урьж ярилцлаа. Долоон тивийн ноён оргилд гарах зорилго тавьсан тэрбээр ирэх хавар Эверест рүү хүнд хэцүү авиралт хийхээр бэлтгэлээ базааж байгаа юм.
-Дэлхийн ноён оргил Эверест рүү авирахаар шийджээ. Яагаад заавал авирахаар болов?
-Уулчин хүн бүр хамгийн өндөрт нь авирахыг хүсдэг. Миний хувьд анх уулын алхалтаас гараагаа эхэлсэн. Ингэж явсаар ууланд авирах дур, сонирхолтой болсон хүн. Анх Монголынхоо хамгийн өндөр оргил дээр гарсны дараа өөр ойрхон өндөр уул хаана байдгийг судалж үзсэн. Энэ дундаас хамгийн тохиромжтой санагдсан нь Кавказын нуруу буюу Европ тивийн тэргүүн оргил Эльбрус байв. Зорьж очоод авирсны дараа долоон тивийн ноён оргилыг эзлэхийн төлөө уулчид тэмүүлдгийг мэдсэн. Үүнээс хойш өөртөө шинэ зорилго тавьж, зүтгэсээр долоон оргилын тавд нь авираад байна. Үлдсэн хоёр нь дэлхийн дээвэр гэгддэг Эверест, өмнөд туйлын Винсон Массив уул. Энэ хоёр бусад уултай харьцуулахад хамгийн өндөр өртөгтэй нь. Би уг нь өнгөрсөн жил Эверест рүү авирах оролдлого хийсэн ч хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод явж чадаагүй юм. Харин энэ жил хоёр дахь удаагаа оролдож үзэх гээд бэлтгэлээ базааж байна даа.
-Хэдий туршлагатай уулчин байлаа ч гэсэн шууд авирчихгүй байх. Бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?
-Эверестэд намар, хаврын улиралд л авирдаг. Гэхдээ намрын авиралт хийсэн хүмүүс ихэнхдээ гарч чаддаггүй юм. Харин тавдугаар сард энд цаг агаар хамгийн тогтуун, дулаахан болдог. Тиймээс уулчид гуравдугаар сарын сүүлээр явж, дөрөвдүгээр сард отогтоо очоод тавдугаар сард үндсэн дайралтаа эхэлдэг. Ерөнхийдөө тавдугаар сарын 10-20 бол хамгийн тохиромжтой үе. Тиймээс энэ үед л тааруулж авирахаар төлөвлөж байна. Мэдээж наана нь бэлтгэл хийлгүй яахав. Зундаа уулын гүйлт хийнэ. Үүнээс гадна биеийн хүчний дасгал хийнэ. Өвөлдөө бол уулын эрчимт алхалт хийдэг. Гэхдээ өвөл хүчилтөрөгч сийрэг байдаг учраас хэт их ачаалалтай бэлтгэл хийвэл ядаргаанд орох магадлалтай.
-Эверест рүү авирахад хэдий хэр зардал гарах вэ?
-Ойролцоогоор 35 мянга орчим ам.доллар болно. Эверестэд Хятадын болон Непалын талаас авирч болдог. Непалын талаас авирах зөвшөөрөл авахад 11700 ам.доллар төлөх ёстой. Үүнээс гадна уулын хөтөч, ачаа зөөгч, замын зардал нийлээд 35 мянга болж байгаа юм. Харин Антарктидын Винсон Массивийн хувьд зардал нь илүү өндөр. Хүн амьдардаггүй болохоор тусгай онгоц хөлслөхөөс аргагүй. Чилийн хамгийн урд үзүүрийн хотоос нисэж хүрдэг юм билээ.
-Дэлхийн ноён оргил руу хэн дуртай нь гараад байдаггүй. Авирч болох юм байна гэсэн итгэл хэдийд төрсөн бэ?
-2016 онд Хойд Америкийн тэргүүн оргил Деналид ганцаараа авирсан юм. Тэнд уулын хөтөч гэж байдаггүй болохоор хоол хүнс, бүх юмаа өөрөө авч явна гэсэн үг. Багаараа авирдаг ууланд хэцүү газруудад нь олс, бэхлэлт тавих зэргээр бэлдсэн байдаг. Харин ганцаараа авирч байгаа үед түүнийг нь ашиглах боломжгүй болохоор эрсдэл өндөр. Энэ ууланд авирсны дараа “Би ийм юмыг даваад гарсан юм чинь илүү өндөр оргилд гарч чадах юм байна” гэж бодогдсон л доо. Тиймээс Эверестэд авирахаар сэтгэл шулуудсан.
Хойд Америкийн ноён оргил Деналигийн оройд. Далайн түвшнээс дээш 6194 метр өндөрт.
-Денали ямар онцлогтой уул вэ?
-Өндрийн хувьд Эверестээс харьцангуй намхан л даа, 6200 орчим метр. Гэхдээ Аляскад, хойд туйлдаа ойрхон байдаг учраас цаг агаарын нөхцөл нь хүнд. Авирах хамгийн боломжтой үе нь тав, зургадугаар сар. Шөнөдөө их хүйтэн юм билээ. Өндөр хөгжилтэй орон учраас аврах анги тэнд байнга байрлаж, уулчдыг мэдээллээр хангадаг. Гэхдээ өндөр ууланд цаг агаар маш хурдтай өөрчлөгддөг учраас тэнгэр хэзээ муудахыг урьдчилан таахад хэцүү. Намайг очих үед хоёр хоногийн дараа тэнгэр муудах нь гэж анхааруулсан. Тиймээс би тавдугаар кэмпийг алгасаад, дөрөвдүгээр кэмпээсээ шууд авирахаар шийдсэн юм. Авирч яваад Оросын гурван уулчин бууж байхтай таарлаа. Тавдугаар кэмпийг алгасах санаатай гэдгээ хэлтэл “Их хэцүү дээ. Маш сайн бэлтгэлтэй улсууд л хааяа ингэж явдаг юм” гээд яаж авирах талаар зөвлөгөө өгсөн. Ингээд би оргил дээр нь гарч чадсан. Харин бууж ирэхэд уулын аврагчид намайг тавдугаар кэмп дээр майхан, хоол унд бэлдчихсэн хүлээж байсан. Тухайн үед цааш явах тэнхэлгүй болж байсан болохоор ингэж угтахад нь их баярлаж билээ. Ер нь сайн формтой тамирчид нэг өдөрт мянган метрээс илүү бараг явдаггүй. Харин би хоёр мянган метр авирсныг сонсоод тэд нар гайхаж байсан.
Долоон тивийн ноён оргилын тавд нь авираад байна
-Өндөр ууланд авирч байх үедээ ихэвчлэн юу иддэг вэ?
-Мэдээж хоол хийж иднэ. Гэхдээ аль болох хурдан болдог, идэхэд амар, авч явахад жин, овор багатай, тэжээллэг чанартай хоол сонгохыг бодно. Нүүдэлчин монголчуудад уламжлагдаж ирсэн сайхан хоол байна шүү дээ. Тухайлбал, борц, шууз байна. Уулчдын зориулалтын хоол гэж бий. Гэхдээ зарим нь огт махгүй. Ийм үед борц, шуузнаасаа нэмж хийгээд идэхээр сайхан болно. Мэдээж авиралтын явцад халуун савтай ус авч явна. Мөн шоколад, ааруул, самар идэх зүгээр байдаг юм.
-Долоон тивийн ноён оргилын тавд нь гарчээ. Бусад оргилд авирч байсан түүхээсээ хуваалцаач. Бүгд өөр өөрийн онцлогтой байх?
-Миний авирсан оргилуудаас хамгийн өндөр нь Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа. Бараг 7000 метр өндөртэй. Тэнд “Хайрхан” клубийнхэнтэйгээ хамт авирсан. Шөнөдөө их хүйтэн. Харин өдөр нар тусахаар харьцангуй гайгүй. Хүчилтөрөгч сийрэг болохоор өндрийн нөлөөлөл их байдаг юм. Хүчилтөрөгч уушгинд орж, цусаар дамжаад цааш бүх булчинд хүрч байдаг. Харин сийрэг орчинд хүчилтөрөгч хангалттай авч чадахгүй болохоор амархан ядарна. Сүүлдээ ганц алхахад ч хэцүү болж ирдэг юм. Гэхдээ бид далайн түвшнээс харьцангуй дээгүүр амьдардаг болохоор өндөрт дасан зохицох чадвар сайтай юм билээ. Европчууд зугуухан явсаар оргил дээр гардаг бол бид зардал мөнгөндөө боогдоод авиралтаа аль болох хурдан дуусгахыг боддог. Аконкагуад гэхэд бид бас л сүүлийн кэмпийг алгасаад шууд авирч байлаа.
-Отгонтэнгэр хайрханы айхтар ослоос хойш хүмүүс ууланд авирахын аюул, эрсдэлийг илүү мэддэг болсон. Гэтэл та улам өндөр оргил руу тэмүүлээд байдаг. Ар гэрийнхэн тань хэрхэн ханддаг вэ?
-Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Мэдээж хүүгээ ууланд авирахад таатай хүлээж авахгүй, эхэндээ их санаа зовдог байсан. Гэхдээ сүүлдээ гайгүй болсон. Хамгаалалтаа сайн хийвэл осол эндэгдэл гарах нь бага гэдгийг зөв талаас нь сайн ойлгуулж, тайлбарладаг юм.
-Өөрийгөө эрсдэлд оруулж, зовж зүдэрч, хөрөнгө мөнгө зарцуулан байж ууланд авирах ямар шаардлага байдаг юм бол?
-Гоё асуулт байна. Хүмүүс надаас “Уулан дээр гараад яах вэ. Тэнд юу байдаг вэ” гэж их асуудаг. Мэдээж тэнд юу ч байхгүй. Гэхдээ маш гоё үзэсгэлэнг олж хардаг. Бүтэн хоёр сар авирч байж нэг ууланд гарна. Оргил дээр нь их удлаа гэхэд л 30 минут болдог. Ерөөсөө тэр 30 минутын төлөө л бүхэл бүтэн хоёр сарыг зарцуулж байгаа юм. Амь насаа золиосолж байгаа ч гэж хэлж болно. Гэхдээ ууланд авирах дур сонирхолтой болсон хүний хувьд оргил дээр хоёр хөлөөрөө гишгэх нь хэзээ ч амсахгүй аз жаргалыг мэдрүүлдэг. Энэ аз жаргалыг мэдрэхийн тулд л авирдаг юм. Уулын орой дээр гишгээд, эргэн тойрноо хараад зогсож байгаа үе хамгийн сайхан нь. Тэр үед л хүн болж төрснөө мэдэрнэ. Ер нь авиралтын явцад уулчин хүн сэтэл зүйн өвөрмөц төлөв байдалд ордог. Шувуу нисэхгүй, чамтай ярих хүн байхгүй. Ийм үед зарим уулчин их юм бодож бясалгана. Хүн өөрийнхөө дотрыг дахиж нэг эргүүлээд харахтай ялгаагүй. Үүний дараа хүн илүү хатуужилтай болдог юм. Нэг ёсондоо нэг том уул, нэг том даваа хүнийг дахин төрүүлдэг гэж хэлж болно.
Намрын улиралд Эверестэд авирсан уулчдын ихэнх нь оргилд гарч чаддаггүй
-Таныг Говь-Алтайн хүн гэдгийг мэднэ. Танай нутаг мөнх цаст уул, нуруу элбэгтэй. Нутгийнхаа хайрхануудад хэр олон авирч байв?
-Манай аавын нутаг Дарви сум болон Тонхил суманд өндөр сүрлэг уул, хайрхан их бий. Мэдээж хамгийн өндөр нь Сутай хайрхан. Би боломж л гарвал Сутай хайрхандаа авирахыг хичээдэг. Яагаад гэвэл, их зөөлөн хайрхан. Очиход дандаа уриалгахан хүлээж авдаг юм. Нэрний тухайд сүүтэй гэдэг үгнээс үүсэлтэй юм билээ. Эрт дээр үед эндээс сарлаг барьж, тэжээвэр болгон гаршуулсан гэж ярьдаг. 2016 онд би хоёр найзынхаа хамт Сутай хайрханы орой дээр хонож байсан. Өмнө нь Тонхилын нэг ахмад уулчин шүхэрчдийг тосох гэж гараад оройтохоор нь хоносон юм билээ. Өмнө нь хүн хонож байсан юм чинь би ч гэсэн хоноод, оргилын орой дээрээс үүр цайхыг харахыг хүссэн юм. Хайрхан дээрээс үүрийн туяа харах үнэхээр сайхан юм билээ.
-Отгонтэнгэр хайрханд айхтар осол болж, хүн бүрийг сэртхийлгэсэн. Таныг эрэн хайх ажиллагаанд орж байсныг мэднэ. Хэдийгээр болоод өнгөрсөн ч гэсэн тухайн үеийн нөхцөл байдлын талаар дахин нэг ярилцвал яаж байна?
-Ням гарагийн орой уулчид сураггүй боллоо гэдгийг сонсоод бид бүгд цугласан л даа. Ингээд тэр шөнөдөө машинаар Завханыг зорьсон. Баянхонгорт онцгой байдлынхны нисдэг тэргэнд дайгдаж, цааш ниссээр шууд уулын хормойд буусан юм. Дээгүүр нисч байхад цасан хавтангийн нуралт тодорхой харагдаж байсан. Буугаад цасан нуранги болсон газар очиход хүмүүсийн хэрэглэж байсан уулын багаж зэрэг зарим зүйл харагдаж байв. Ийм нуранги болоход цас маш их хатуурдаг юм байна. Бараг цемент шиг. Уулчид зөвлөлдөж байгаад хуваагдаж, дээрээс эхлэн шалгаж эхэлсэн. Асар том хатуурсан цас маш эрчтэй унаж байгаа болохоор ямар нэг юманд тээглэж үлдэх боломжгүй гэдэг нь тодорхой байсан л даа. Ингээд доод хэсгээс 17 уулчныг бүгдийг нь олсон. Тийм юм харах хэцүү л дээ. Ялангуяа, дотныхоо андыг осолдсон байхыг олох бүр хэцүү. Гэхдээ нэгэнт учирсан ослыг яалтай ч билээ. Эхний хэдэн цогцсыг олоход маш хэцүү байсан. Хармааргүй санагдана. Гэхдээ сүүлдээ арай гайгүй болсон. Тэр дээрээс унасан цогцос ямархуу байдалтай олдох нь ойлгомжтой шүү дээ. Харин сүүлдээ иймэрхүү юм л харна гэсэн төсөөлөлтэй болчихоор арай гайгүй болж ирсэн. Тэгээд ч цаг хугацаа давчуу байсан болохоор ямар ч байсан хүмүүсээ олж авъя гэсэн сэтгэлээр зүтгэчихсэн.
-Аврах ажиллагаанд оролцсон уулчдыг хэрхэн сонгосон бол?
-Монголын уулчдын үндэсний холбооны удирдах хүмүүс штаб байгуулж, тэндээс уулчдаа сонгосон. Маш олон уулчин аврах ажиллагаанд оролцох саналаа ирүүлсэн. Тэр дундаас сонгож авсан юм. Гол нь манай уулчид цогцос олж болох газрыг богино хугацаанд тодорхойлж чадсан. Буруу тодорхойлох юм бол тэр том уулнаас олж гаргана гэдэг хэцүү шүү дээ.
-Нүд халтирам зүйл харсны дараа ууланд авирахаа больё гэсэн бодол төрсөнгүй юү?
-Миний хувьд тийм бодол төрөөгүй. Ууланд дур сонирхолтой болсон бусад хүнд ч адилхан байх гэж бодож байна. Харин осол эндэгдлээс сэргийлэхийн тулд илүү их анхаарах хэрэгтэй юм байна гэж бодсон.
-Та зорилгоо биелүүлээд долоон оргилд гарчихвал дараа нь яах вэ. Энэ талаар бодож байв уу?
-Ямар ч байсан ууланд авирахаа болино гэж байхгүй. Угаасаа миний амьдралын нэг хэсэг болсон учраас салж чадахгүй байх. Түрүүн ярьсан хэсэгхэн мөчийг мэдрэхийн тулд авирсаар л байх болно.
-Ярилцлагынхаа төгсгөлд Эверестийн сэдэв рүү дахиад оръё. Хэдүүлээ авирахаар төлөвлөж байна. Одоо бэлтгэл ажилд юу дутагдаж байна вэ?
-Хамт авирья гэсэн хүн одоогоор алга. Хувийн бэлтгэл бол ерөнхийдөө хангагдсан. Энэ авиралтыг хийх гэж хоёр жилийн турш төлөвлөсөн учраас бэлтгэл хангалттай сайн. Одоо санхүүгийн асуудал л хамгийн хүнд байна.
-Ярилцсанд баярлалаа. Зорилгоо биелүүлээд, оргилд нь гараад ирээрэй гэж хүсье.
-Ерөөлөөр болог ээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй