ХНХСИ: Энэ онд 74.6 мянган шинэ ажлын байр бий болох төлөвтэй байна

Мэдээ

Энэ онд дотоодын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт 2017 оноос 5.5 хувиар нэмэгдэж нийт 74.6 мянган шинэ ажлын байр бий болох төлөвтэй байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт мэдээллээ. Одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 2507 ААН-ийг хамруулсан судалгаагаар ажиллах хүчний нийт эрэлтийн 76.4 хувь буюу 57 мянга нь оны эхний хагаст бий болохоор байна. Мөн нийт ажиллах хүчний эрэлтийн 71.5 хувь нь байнгын ажлын байр байх хүлээлттэй байгаа юм. ДНБ-ий өсөлт эрчимжих таамаг давамгайлж байгаа энэ онд барилга, бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажиллах хүчний эрэлт хамгийн өндөр байх төлөвтэй байна. Харин санхүү, даатгалын болон үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд ажиллах хүчний эрэлт бага байна гэж тооцжээ. Харин 2017 онд хөдөлмөрийн зах зээлд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйн улмаас нийт 10.9 мянган ажиллах хүчний хомсдол гарсан байна.

Тэр дундаа, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэр болон барилгын салбарт хомсдол их байсан талаар онцолсон юм. Үүнээс гадна хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчлэн тогтоосон талаар ҮСХ мэдээлсэн. Тодруулбал, Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198 мянга 600 төгрөг болж өмнөх оноос 7.2 хувиар нэмэгдсэн байгаа юм. Харин ажилгүйдэл 9.1 хувьтай байгаа бол ядуурал нэмэгдэж 29 хувьд хүрээд байна.



САНАЛ БОЛГОХ