12088
Уурхайчдын ажлын байр хомсдож, барилгачдын эрэлт өснө
ЗГМ: Сэдэв
2018 онд 76.4 мянган шинэ ажлын байр бий болно
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт диплом шаарддаггүй ажлын байр руу чиглэж байна. Ялангуяа, барилгын салбарын туслах ажилтан 2018 онд хамгийн эрэлттэй байх нь. Энэ онд шинээр бий болох ажлын байрны 25 хувийг барилгын салбар эзлэх төлөвтэй бол бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрийн салбар араас нь жагсчээ. Энэ онд 76.4 мянган ажлын байр бий болох таамгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт 2507 ажил олгогчоос авсан судалгаандаа дурдлаа. Энэ нь өмнөх оноос 5.5 хувиар өссөн дүн аж. Эдгээр шинэ ажлын байрны 76.4 хувь нь оны эхний хагаст, үлдсэн 23.6 хувь нь сүүлийн хагас жилд бий болох хандлагатай байгаа юм. Хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг боловсролын зэргээр нь ангилж үзвэл дээд боловсрол шаарддаг мэргэжил тун цөөн багтжээ. Дээд боловсролтой иргэдийн хувьд нягтлан бодогч, барилгын болон хийн хоолойн инженерийн ажлын байр элбэг байх аж.
Өнгөрсөн онд 10 мянган ажлын байр эзнээ олсонгүй
Харин мэргэшсэн ажилчдын зах зээлд засалчин, шаварчин, хамгаалагч, борлуулагч, худалдагч, оёдолчин, эм найруулагч, тогооч, мужаан, цахилгаанчин, үүрэн холбооны оператор, жолооч эрэлттэй байна. Тэгвэл боловсролын зэрэг, мэргэжил шаарддаггүй энгийн ажлын хувьд барилгын туслах ажилтан, үйлдвэрлэл, аж ахуйн болон дэлгүүрийн туслах ажилтан, цэвэрлэгч, угаагч, үйлчлэгч гэсэн ажлын байр хамгийн олноор бий болох юм. Эрэлттэй мэргэжлүүдийн 16.7 хувь нь эмэгтэй, 50.8 хувь нь эрэгтэй ажилчдад чиглэж байгаа бол үлдсэн 32.5 хувь нь хүйс харгалзахгүй ажлын байр аж. 10 ажлын байр тутмын ес нь хувийн хэвшлийн салбарт ногдож байна. Ийнхүү 2018 онд чамлахааргүй олон шинэ ажлын байр бий болох дүр зураг гарчээ.
Гэвч ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалж ажлын байрны хомсдол буурахгүй байна. Манай улсад ажиллах хүчний эрэлт сүүлийн таван жилд 70-80 мянгын хооронд хэлбэлзэж буй. Гэтэл ойрын хоёр жилд ажилгүйчүүдийн тоо буурахгүй, харин ч өсөх төлөвтэй болжээ. 9.5 хувьтай байгаа ажилгүйдлийн түвшин 2018 болон 2019 онд 10.1 хувь болж нэмэгдэх аж. Иргэд өөрт тохирсон ажлаа олж чадахгүй байгаа бол ажил олгогчид шаардлага хангахуйц ажилтнаар дутсаар. Өнгөрсөн онд л гэхэд байгууллагууд 10.9 мянган ажиллах хүчний хомсдолтой нүүр тулжээ. Жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, барилга, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт хамгийн их хомсдол үүссэн гэдгийг судалгаа харуулж байна. Энэ нь нэг талаас боловсролын байгууллагууд мэргэжилтэн бэлтгэхдээ хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж чадахгүй байгаатай холбоотой.
• Эрэлттэй 20 мэргэжилд дээд боловсрол шаарддаг мэргэжлүүд цөөн багтжээ.
• Ойрын хоёр жилд ажилгүйчүүдийн тоо буурахгүй, харин ч өсөх төлөвтэй байна.
• Уул уурхайн салбарын ажлын байрны тоо 2020- 2030 онд буюу 10 жилийн турш уруудах дунд хугацааны таамаг гарчээ.
Тухайлбал, сүүлийн жилүүдэд залуус уул уурхайн салбарын мэргэжлийг олноороо эзэмших болсон. Эдийн засгийн өсөлт өндөр байсан 2012, 2013 онд энэ салбарын ажлын байр хамгийн эрэлттэйд тооцогдож байв. Гэвч өнөөдөр хэдэн байр ухарч, эрэлттэй 20 мэргэжилд багтаж чадсангүй. Харин эрэлттэй салбарын 11 дүгээрт бичигджээ. Энэ онд барилгын салбарт 16.8 мянган ажлын байр бий болох бол уул уурхай, олборлох салбарт дөнгөж 2000 ажлын байр гарахаар байна. Энэ салбарын ажлын байрны тоо 2019 онд ахин өснө. Гэвч 2020-2030 онд буюу 10 жилийн турш уруудах дунд хугацааны таамаг гарчээ. Түүнчлэн залуусын хамгийн их сонгодог мэдээлэл холбоо, санхүү, урлагийн салбарын ажлын байрны эрэлт тун цөөн байгаа юм.
Төгсөгчдийн хувьд байгууллагууд ажлын туршлага шаарддаг, цалин хөлс бага, илүү цагаар ажиллуулдаг нь хамгийн том бэрхшээл гэж үздэг. Харин ажил олгогчид иргэдийн ажлын ур чадвар сул, тогтвортой байдал, хувь хүний зан чанарт түлхүү анхаарч байна. “Хамгийн эрэлттэй байгаа туслах ажилтныг манай боловсролын байгууллагууд хангалттай тоогоор бэлдэж байгаа. Гэхдээ төгсөгчдийн ур чадвар тааруу, хувь хүний хариуцлага, хандлага, хамт олонтойгоо нийцэх чадвар сул байгааг хэлдэг. Хэрэв хандлага нь л зөв байвал ямар ч хүнийг сургаж авах хүсэлтэй гэдгээ цөөнгүй ажил олгогч илэрхийлсэн” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын захирал М.Алтансүх хэлэв. Судалгаанд хамрагдсан 2500 гаруй аж ахуй нэгжийн 98.3 хувь нь 2018 онд ажилтнаа цомхотгох төлөвлөгөөгүй байгаа аж. Харин үлдсэн 1.7 хувь нь л ажилтнаа цомхотгох, цөөлнө гэсэн байна. Тэгэхээр манай улсын хөдөлмөрийн зэх зээлийн нөхцөл, ирээдүйн төлөв эерэг харагдана. Гагцхүү ажил олгогчид цалин, ажлын орчноо сайжруулах, иргэдийн хувьд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх шаардлагатай байна. Боловсролын байгууллагууд, мэргэжлээ сонгох гэж буй залуус ч аль болох хамгийн эрэлттэй мэргэжил сонгохыг мэргэжилтнүүд зөвлөлөө. Мөн төрийн зүгээс хөдөлмөрийн салбарын бодлогодоо эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр, сүүлийн үеийн чиг хандлагыг харгалзан үзэх нь чухал байна. Ялангуяа, бүрэн дунд болон түүнээс доош боловсролтой, мэргэжилгүй болон ажлын туршлагагүй иргэдэд зориулсан бодлогоо сайжруулбал эрэлт, нийлүүлэлтийн зөрүү багасах боломжтой юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй