Бодлогоо томъёолоогүй нь энэ засгийн том алдаа
ЗГМ: Зочин
Засгийн газар сүхээр цавчих ёстой юмыг мэрээд л суугаад байна
Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Эрх баригчид ялангуяа, гүйцэтгэх засаглал нэг шийдвэр гаргаад төд удалгүй түүнийгээ буцаадаг жишиг тогтоод эхэллээ. Иргэдийг бухимдуулж, эргэн ухарсан Засгийн газрын шийдвэрүүдийг та хэрхэн харж байна вэ?
-У.Хүрэлсүхийн Засгийн газар асуудлаа томоор харж, үүнийгээ шийдэхэд дорвитой алхам хийхгүй байна. Харин хүмүүсийн дургүйгхүргэсэн, жижиг сажиг зүйлээр хөөцөлдөж, нэг асуудлыг энэ тэндээс нь мэрэх юм. Тэгснээ айгаад, буцаад ухарчихна. Мэргэжлийн Засгийн газар бус мэрэгчдийн Засгийн газар байгуулчихлаа. Уг нь сүхээр зоригтой цавчих ёстой юмыг мэрээд л суугаад байна. Саяхан ХХОАТ-ыг нэмэх шийдвэрээ буцаалаа. Энд зөвхөн цалингаас татвар авах тухай ярьсан. Гэтэл цаана нь баячууд хувьцааны ногдол ашиг гээд цалингаасаа хэдэн зуу дахин давсан орлого олж байгаа. Үүнээс яагаад татвар авсангүй вэ. Энэ мэтээр буруу асуудлаар хөөцөлдөж, олны дургүйг хүргээд байна.
-2016 оноос хойших МАН- ын хоёр ч Засгийн газрын хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн бодлогыг та хэрхэн дүгнэж байна. Сайд, дарга нарын хэлж буй том тоо, өндөр өсөлт Монголын эдийн засагт ажиглагдав уу?
-МАН-ын хоёр засаг ч бантан. Үүнээс өмнөх АН-ын хоёр ч бантан байлаа. Ерөөсөө 2004 оны сонгуулиас хойш Монголын төр эдийн засгаа бусниулах бодлого баримталсан. 2006 онд манай эдийн засаг түүхэндээ анх удаа тэнцвэржиж, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл сайжирсан юм. Гэтэл их бүтээн байгуулалтын жил гэж зарлаад, барилгын үнийг хөөрөгдөж, хамаг хөрөнгөө орон сууц, зам руу цутгачихсан. Тухайн үед барилгынхаа хайргыг хүртэл Эрээнээс зөөж, төмөр зам нь ачааллаа дийлэхээ больж байлаа. 10 гаруй жилийн өмнө эхлүүлсэн энэ бантангаасаа салж чадалгүй өдий хүрч байна. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар эхнээсээ алдсан. Өөрсдөө мөрийн хөтөлбөр гаргаж, бодлогоо томъёолоогүй. Улсын төсвөө ч өөрсдөө боловсруулаагүй. Хуучин Засгийн газрын төлөвлөгөө, МАН-ын хуурамч амлалтыг биелүүлнэ гэж амлаад засаг байгуулчихсан. Одоо үүнийхээ барьцаанд орчихоод байна. МАН-ыг сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлсэнгүй гээд АН-ынхан сүүлийн үед жагсаад байна. Би мэргэжлийн хүнийхээ хувьд энэ мөрийн хөтөлбөрийг битгий биелээсэй гэж хүсэж байгаа. Анх МАН 1996 оны сонгуульд өрсөлдөхдөө цалин хөлсийг хоёр, гурав дахин нэмнэ гэж амлаж байлаа. Тухайн үед ч энэ амлалт нь биелэхгүй төдийгүй биеллээ гэхэд Монголын эдийн засгийг хүнд байдалд оруулна гэж үзэж байсан. Учир нь аль ч эдийн засагт өөрийн нөөц боломж бий. Гэтэл бодит боломжоосоо давсан амлалт өгчихөөд, биелүүлж чадахгүй загнуулаад суух юм. 2016 онд ч гэсэн Монголын эдийн засаг хямралын ирмэгт тулчихаад байхад татвар нэмэхгүй, цалин, хөлс өсгөнө гээд чихэнд чимэгтэй олон амлалт өгчихсөн. Уг нь тухайн үед МАН хүнд байдалд орсныгоо ард түмэндээ хэлчихсэн бол нийгмийн бухимдал ингэтлээ туйлдаа хүрэхгүй байсан.
-Сөрөг хүчний зүгээс Засгийн газрын бодлого, шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Энэ тухайд?
-АН нь МАН-аа шүүмжилж болно. Гэхдээ АН 2012-2014 оны хооронд галзуурч байсан шигээ төрийн толгойд гараад солиорч эхэлбэл МАН-аасаа доор юм болно. Мял Богдын сургаальд “Өөрөө хаана одохыг үл мэдэх атал өөр бусдын мөрийг заагч тэр хүн өөрт хийгээд бусдад хорлогч мөн” гэж заасан байдаг. Одоо энэ намуудын аль нь ч өөрөө дараа нь юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Тийм атлаа бусдыгаа загнаж, “Би мундаг, чи муу” гээд бие биеэ чичлэх юм. Аль ч нам алсыг харсан, оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй байна. Төрд ийм бодлого алга. Гадаадаас их хэмжээний зээл авч, түүнийгээ борлохгүй байшин, ашиг өгөхгүй зам хоёрт зарцуулчихаар Монголын эдийн засаг унахгүй яах юм вэ. Зам барьж болно. Гэхдээ зам барих хөрөнгөөрөө үйлдвэр бариад, тэр үйлдвэрийнхээ ашгаар зам баривал тэр ашиг нь жил бүр ундарна. Харин гадаадаас зээл аваад шууд зам руу цутгачихаар тэр нь өр болоод хоцорч байгаа юм. Адаглаад үүнийгээ хараад зохицуулдаг бол Монголын эдийн засаг тийм ч муу өгөгдөлтэй биш.
-Монголын эдийн засагт өөрөө өөрийгөө тэжээчих ямар өгөгдөл байна вэ?
-Монголын эдийн засаг 26-30 хувийн хуримтлалтай. Хөрөнгө оруулалтын өгөөж нь хэвийн нөхцөлд жилд дунджаар 6-7 хувийн өсөлт үзүүлэх боломжтой маш аятайхан цогцолбор. Өөрөөр хэлбэл, өөрийн хуримтлал, инерцээрээ ийм хэмжээний өсөлт үзүүлж чадах эдийн засаг. Гэтэл нөгөө талд, хөрөнгө оруулалтын үр ашиг гэж зүйл бий. Энэ нь төрийн бодлогоор тодорхойлогддог. Сүүлийн 10 жилд манай хөрөнгө оруулалтын өгөөж 2.5 дахин унасан. Өөрийн хуримтлал, хөрөнгөө үр ашиггүй салбар луу чиглүүлснээс ийм байдалд орсон. Энэ бол төрийн чанар, чансаатай холбоотой.
-Үйлдвэржилтийг эрчимжүүлнэ, хүнд үйлдвэрийн төслүүдийг урагшлуулна гэж Засгийн газар мэдэгдэж байна. Уриа лоозон болсон үйлдвэржилтийн бодлогыг дахин таниас асууя?
-2008-2012 оны хооронд МАН төр барихдаа 8.9 тэрбум ам.долларын өр тавьсан. 2012- 2016 онд АН засгийн эрхэнд байхдаа 8.7 тэрбум ам.доллараар өр нэмсэн. Энэ хоёр нам дүндээ дүн өр тавьцгаасан. Гэвч ийм их хэмжээний мөнгөөр аль нь ямар үйлдвэр байгуулав аа. 40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт”-ээс өөр нэрлэчих том хэмжээний үйлдвэр алга. Хоёр намын зээлсэн 20-иод тэрбум ам.долларын зээлээр газрын тос боловсруулах, ган хайлуулах үйлдвэр байгуулж болох байлаа. Үйлдвэржилтийг улс төрийн лоозон болгож ашигласнаас өөр юу ч хийсэнгүй. Нефть нэрэх үйлдвэрийг гэхэд заавал сая тонны хүчин чадалтай биш эхлээд 100 мянган тонн боловсруулахаар байгуулж болно. Улмаар үүнийгээ өргөжүүлсэн бол бид жилд 1.2 тэрбум ам.долларыг нефть худалдаж авахаар хилийн чанад руу урсгахгүй байлаа. Ямар ч улсын хувьд эдийн засгаа өөд татаж, үйлдвэржилтийг хөгжүүлье гэвэл эхлээд эрчим хүчнийхээ сууриа бэхжүүлдэг. Энэ бол эн тэргүүний зорилт. Хоёрдугаарт, үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлдэг.
МАН-ын хоёр засаг ч бантан. Үүнээс өмнөх АН-ын хоёр ч бантан
Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Миний тооцоогоор олон улсын зах зээл дэх газрын тосны үнийн жишгээр авч үзвэл манайд нэг тонн газрын тос боловсруулах зардал 442 ам.доллартай тэнцэж байна. Олон улсын зах зээлд нэг тонн зэсийн ханш 6000-7000 ам.долларт хэлбэлзэж байна. “Эрдэнэт” үйлдвэр эсвэл “Оюутолгой”-н баяжмалыг дотоодод хайлуулахад нэг тонн зэсийн зардал 3350 ам.долларт багтана. Ийм ашигтай салбаруудад хөрөнгө оруулах нь чухал. У.Хүрэлсүхийн Засгийн газар ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлж болгон, нийслэлд цэцэрлэг барина гэж мэдэгдэж байна. Энэ нь зөв. Гэхдээ үүнд зээлийн хөрөнгийг зарцуулж болохгүй. Дотоод эх үүсвэрээ ашиглах хэрэгтэй.
-Ойрын өдрүүдэд ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа. ОУВС-гийн болзол, шаардлагыг хэрхэн харж байна вэ?
-Монгол Улс 1990 оны эхээр гадаад түнш цөөхөн байсан үед ОУВС-гийн дэмжлэг амин чухал байсан. Тус байгууллага Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн сэтгэлээр хандсан. Гэтэл одоо нэлээд өөрчлөгдөж, болзол, шаардлага тавьдаг болсон. Үүнд нь хүмүүс их дургүйцэх юм. Гэхдээ ОУВС-г зөв ойлгох хэрэгтэй. Энэ бол өглөг, буяны биш олон улсын санхүүгийн байгууллага. Тэдэнд өөрсдийн сонирхол, бие даасан бодлого, чиглэл бий. Дээрээс нь Монголын төр засаг сонгуулиар баахан худал юм амлаж, эдийн засгаа сүйрүүлчихээд, бидэнд туслаач гэж тус сан руу гүйдэг болсон. Тиймээс ОУВС урдаас нь тодорхой болзол тавиад байгаа юм. Үүний цаад агуулга нь монголчуудаа төр засгаа бодолтой сонго гэсэн дохио өгөөд байгаа нь энэ. Гэтэл ОУВС-гийн аманд орлоо гээд загнаад байгаа. ОУВС-гийн болзлыг хүлээж авахгүй бол тэд Монголтой түншлэхгүй байж болно. Хэн ч тэднийг албадаагүй. Тиймээс наанатай, цаанатай хандах хэрэгтэй. Үнэхээр ОУВС түрэмгийлэх бодлого явуулж байвал өөр хэрэг. Өнгөрсөн онд УИХ том төслүүдийн мөнгийг Монголын банкуудаар дамжуулах тогтоол гаргасан. Гэвч Rio Tinto эсэргүүцсэнээс ОУВС дургүйцсэн. Манай УИХ долоо хоногийн дотор тогтоолоо хүчингүй болголоо. Энэ бол түрэмгийлэл. Тиймээс ОУВС-гийн шахалтыг Монгол Улс хүлээж авахгүй гэж болох л байсан. Харин татварын асуудлаар тавьж буй ОУВС- гийн зарим болзлыг буруутгах аргагүй.
-Монгол Улс гал алдчихаараа ОУВС руу бадар барьж гүйдгээ хэзээ болих вэ?
-Монголчууд төр байгуулах зарчмаа эргэж харах хэрэгтэй. Төрийн эрх мэдэл ард түмний гараас гарч, улс төрийн хүчний мэдэлд очсон. Тэд ард түмнийг хуурч мэхлээд, өөрсдийгөө хамгаалахын тулд юу ч хийхээсээ буцахгүй. Тиймээс Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт оруулж, төрийн эрхийг ард түмний гарт буцааж өгөх хэрэгтэй. Одоо хэлэлцэж буй Үндсэн хуулийн өөрчлөлт нь төрийн тэргүүний эрх мэдлийг сулруулж, гадныхныг долоож, амташсан УИХ, Засгийн газрын эрх мэдлийг өргөтгөх чиглэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл, монгол төрийг улам сулруулж, ард түмнээс нь холдуулах. Монголд дураараа аашилдаг гадныхантай түншлэл нэрийн дор эх орноо худалдах үүд хаалгыг нээж байна. Монголчууд бид Монгол Улсын Ерөнхий сайд нь гадаадын баяны гал тогооны өрөөнөөс томилогдож байхыг харсан. Гэтэл одоо Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэхээр ярьж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн хүчээр түрж хийвэл Монголын улс төрийг маш хурц хямралд оруулна. Энэ бол УИХ- ыг тараах хангалттай шалтгаан.
-Яаж өөрчлөх нь зүйтэй вэ?
-Өнөөгийн Үндсэн хуульд 76 гишүүн, нэг танхимтай парламентыг төрийн эрх барих дээд байгууллага мөн гэж зарласан. Гэвч энэ байгууллага руу өнгөтэй мөнгөтэй, янз бүрийн хүмүүс намаар дамжин, чихээд ороход нээлттэй байна. Үүнийг хаах хэрэгтэй. Ингэхдээ төрийн эрх барих дээд байгууллага нь ард түмнээс сонгосон их хурал. Харин энэ их хурал нь хууль тогтоох байгууллага буюу бага хурлын бүрэлдэхүүнээ сонгодог болох хэрэгтэй. 1990 оны хүнд үед Ардын их болон бага хуралтай байлаа. Ардын бага хурлаа намын төлөөлөлд хувь тэнцүүлээд, сонгодог байсан. Тухайн үед 60 хувийг нь Монгол Ардын хувьсгалт нам (МАН), 40 хувийг нь Ардчилсан намаас сонгож байлаа. Одоогийн УИХ-ыг аваад үзье, энд ямар хүмүүс орсон байна вэ. Саяхан УИХ-аар Төрийн албаны тухай хуулийн төсөл хэлэлцэж байна. УИХ- ын нэг гишүүн “Монгол Улсын Ерөнхийлөгч бол улс төрийн албан тушаалтан биш” гээд хээв нэг ярьж сууна. Юу ярьж буйгаа мэдэхгүй хүн УИХ-д орчихсон сууж байна. Бас хуулийн төсөл хэлэлцэж байна. Хууль санаачлагч нь гахай, шувууг мал гэж үзэхээр болсон талаар ярьж байна. Тэгээд бусад гишүүн үүнийг нь асуухаар тэгээд хүн гэж нэрлэх юм уу хэмээн хэлж байх жишээтэй. Хаанаас ирсэн хүмүүс хууль баталж, санаачлаад байна вэ. Тиймээс бүх сум, хотуудаас сонгосон Ардын их хуралтай болж, Ардын их хурал нь хууль тогтоох Бага хурлын бүтээгдэхүүнээ сонговол хуулийн чанар, хариуцлага сайжирна. Энэ бол Монголын төрт ёсны нандин өв.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй