Б.Энхбаяр: Мөнгө угаасан жинхэнэ эзнийг тогтоодог болно

Албаны хүний үг


Мөнгө угаах гэмт хэргийг өмнөхөөс өөрөөр зохицуулдаг болсон

Засгийн газраас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн. Дээрх төрлийн гэмт хэргийн эсрэг ажилладаг олон улсын ФАТФ байгууллагаас энэ оны аравдугаар сар хүртэлх нийт 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг манай улсад өгсөн. Тус зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын “зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсхүл “зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”- д орох эрсдэлтэй. Энэ нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээ болно хэмээн хууль санаачлагчид хэлж байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийг парламент хэлэлцэж эхэлсэн. Ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Хэд хэдэн гол өөрчлөлтийг хийнэ. Юун түрүүнд мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр ажиллах манай байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх өөрчлөлтүүд орж байна. Тухайлбал, Засгийн газрын дэргэд энэ чиглэлээр ажиллах Үндэсний зөвлөлийг байгуулна. Зөвлөлд Монголбанкнаас гадна хууль, хүчний тусгай байгууллагууд орсон бүтэц ажиллах юм. Тухайлбал, практик дээр тулгарч байгаа олон асуудал байна. Юун түрүүнд мөнгө угааж байгаа үйлдэл өөрөө олон хуулийн этгээд, охин компани байгуулах замаар хийгдэж байна. Өөрөөр хэлбэл мөнгийг хувиргаж байна. Хууль, хяналтын байгууллага энэ төрлийн гэмт хэргийг илрүүлээд хариуцлага тооцох гэхээр жинхэнэ эзнийг тогтооход түвэгтэй байдаг. Тиймээс эцсийн өмчлөгч гэдэг ойлголтыг бий болгоно. Тэр өмчлөгчийг ямар дарааллаар, яаж тогтоох вэ гэдгийг хуульчилж өгч байгаа. Мөн арилжааны банк болон Банк бус санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Тэгвэл хуулиар ийм үүрэгтэй этгээдүүдийн тоог өргөтгөнө. Үүнд, наториат, хуульч, хуулийн зөвлөх, алт, үнэт эдлэл борлуулагч, худалдан авагчид...гэх мэт субьектүүд санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл өгөх үүргийг хуульд албан ёсоор оруулж байгаа юм.

-Яг одоо Монгол Улс ФАТФ байгууллагаас өгсөн 15 сарын хугацаатай хяналтад байна. Бид ямар алхам хийж байж хяналтаас гарахвэ?
-Таны хэлснээр бидэнд 15 сарын хугацаа өгсөн. Гэхдээ үүнээс өмнө тодорхой ажлуудыг хийсэн. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Засгийн газар мөнгө угаах, терроризмын эсрэг Үндэсний зөвлөлөөс боловсруулсан 2018 оны жилийн төлөвлөгөөг баталсан. Өөрөөр хэлбэл, энэ ажилд Засгийн газрын түвшинд ач холбогдол өгч байгаа гэдгээ илэрхийлсэн. Тагнуул, прокурор, АТГ, Монголбанк, цагдаагийн байгууллагын оролцоотой бүтэц ажиллаж эхэлсэн. Харилцан мэдээлэл солилцох, сэжигтэй гүйлгээнүүдэд хяналт тавин ажиллаж байгаа. Хамгийн гол нь хууль тогтоомждоо оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажил чухал. Тиймээс ирэх хаврын чуулганаар энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ эцэслэн баталсан байх үүрэгтэй.

Зүсийг нь хувиргасан хууль бус орлогыг мөнгө угаасанд тооцно
-Одоогийн байдлаар энэ байдлаас болж хэр хэмжээний эдийн засгийн боломжийг манай улс алдсан бэ?
-Хэрэв манай улс саарал жагсаалт, цаашлаад хар жагсаалтад орох эрсдэл үүсвэл арилжааны банкуудын гадаад дахь гүйлгээг хаана. Энэ нь эдийн засагт ямар хэмжээний сөрөг үр дагавар авчрах нь ойлгомжтой. Үүнээс сэргийлэх хүрээнд Үндэсний зөвлөл ажиллаж байна. Одоогоор манай улс ФАТФ байгууллагын эрчимтэй хяналтад орсон. Эрчимтэй хяналт гэдэг нь гүйлгээг шууд хаахгүй, харин эргэлзээтэй хяналтад байгаа улс гэдэг утгаараа арилжааны банкуудын гадаад руу хийж байгаа гүйлгээг илүү олон давтамжаар хянана. Тухайлбал, тухайн гүйлгээний үндэслэл, эх сурвалж хаанаас вэ гэдгийг давтамжтай хянана гэсэн үг. Энэ нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хүндрэл үүсгэж байгаа. Тиймээс энэ байдлаас даруй гарах шаардлагатай байна.

-Саяхан УИХ банкны салбартай холбоотой хуулиудыг шинэчилж баталсан. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хууль өмнө нь баталсан салбарын хуулиудтай хэр уялдаж байгаа вэ?
-Шууд уялдана. Тухайлбал, зөвхөн Эрүүгийн хуулийн мөнгө угаах гэдэг зүйл ангид өнгөрсөн хугацаанд гурван удаа өөрчлөлт орсон. Энэ тохиолдлуудыг аваад үзэхээр мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллага илрүүлэн шалгах явцад хуулийн өөрчлөлт хийгдсэн нь бий. Харин завсраар нь ял завших боломж гарсан. Тиймээс олон улсын байгууллагууд “Танай хууль тогтоомж тогтвортой байх ёстой. Мөнгө угаасан үйлдэлд зайлшгүй хариуцлага тооцох ёстой” гэсэн шаардлага тавьж байгаа. Өнгөрсөн онд хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд мөнгө угаах хэргийг өмнөхөөс өөрөөр зохицуулах болсон. Энэ хэргийг зөвхөн цагаан захтан, томоохон гэмт хэрэгтнүүд үйлддэг гэж олон нийт ойлгодог. Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэргийн улмаас олдсон аливаа орлогыг зүсийг нь хувиргаж байгаа, тэрийг мэдсээр байж нуун дарагдуулж байгаа бүх үйлдлийг мөнгө угаасанд хамаатуулна. Гар утсыг хулгайнх гэдгийг мэдсээр байж ченжүүд худалдаж аваад борлуулбал мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Мөн ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрууд байна. Тэр утгаараа 2017 оны долдугаар сарын 1-нээс мөнгө угаах шинжтэй гэмт хэргийн бүртгэл, давтамж нэмэгдэж байгаа. Мөн энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулах ажил сайжирсан. Өнгөрсөн оны байдлаар хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсан байдал өмнөх оноосоо 30 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь Эрүүгийн шинэ хууль энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд үр дүнгээ өгөөд эхэлсэн гэсэн үг.

-Криптовалютттай холбоотой зохицуулалт хуулийн төсөлд бий юу?
-Яг энэ хуулийн өөрчлөлтөд бол ороогүй. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан сэрэмжлүүлэгт “Манай улс энэхүү цахим валютыг хууль ёсных гэж хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ илэрхийлсэн. Нэгэнт улс хууль ёсных гэж хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд цахим мөнгөтэй холбоотой эрсдэл хууль ёсоор хамгаалагдаж чадахгүй.


САНАЛ БОЛГОХ