Парламент баталсан хуулиа хамгаалж чадсангүй

Мэдээ


Цэц дээр унасан Батлан хамгаалах хуулийг өнөөгийн парламент өөрөө баталж байсан

Монгол Улсын Ерөнхийлөгчид хамаарах бүрэн эрхийн нэг нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн статус. Сүүлийн үед нийгмийн анхаарал татаж, маргааны сэдэв болоод буй энэ асуудлыг өчигдөр парламентаар хэлэлцлээ. Учир нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Батлан хамгаалах тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Үүнд, Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Үндсэн хуульд зааснаас гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.


Тэдгээрийн дотор “Дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтооно” гэсэн заалт бий. Харин энэ нь хуулийг зөвхөн УИХ тогтооно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж Цэц үзсэн юм. Тэгвэл Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авах шийдвэрийг өчигдөр гаргав. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад үүнийг Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах гэсэн мэтээр хүлээн авахгүй байхыг гишүүд сануулж байсан юм. Тухайлбал гишүүн С.Бямбацогт “Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийнхээ талаар хууль тогтоох эрх эдлэхээр хуульчилсан нь буруу. Хууль тогтоох эрх гагцхүү УИХ-д хадгалагдана гэж заасан байгаа. Тиймээс Үндсэн хуулийн цэц дээрх дүгнэлтийг гаргасан. Гэтэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж байгаа мэтээр ташаа мэдээлэл тарааж байна. Энэ талаар олон нийтэд зөв мэдээллийг өгөх ёстой” гэлээ. Цэцэд маргаан үүсгэж, улмаар УИХ хүлээн авч буй энэ хуулийг өнөөгийн парламент өөрөө баталсан.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зөвлөмж Монгол Улсад өгсөн
Гэхдээ УИХ-д өргөн барьсан хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дуусгахын өмнө буюу 2016 оны хоёрдугаар сард Батлан хамгаалахын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж байв. Уг асуудлаар болсон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Энх-Амгалан гишүүн очжээ. Тэрбээр энэ бол “Ерөнхийлөгчид ямар ч нөхцөлд зөвхөн УИХ-аас хуулиар олгосон тодорхой бүрэн эрхээс бусад бүрэн эрхийг олгохгүй бөгөөд Ерөнхийлөгч ч өөртөө бүрэн эрх олгох эрхгүйг тодруулсан заалт. Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд хууль тогтоох буюу батлах бүрэн эрх УИХ-д хадгалагдана. Мөн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч ямар ч үед хууль тогтоох эрх эдлэхгүй. Нөгөө талаар, Батлан хамгаалах тухай хуулийн заалт нь Үндсэн хуулийн зүйлтэй утга, агуулгын хувьд холбоотой бөгөөд дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох бүрэн эрх нь Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д хадгалах эрх зүйн зохицуулалтыг хөндөөгүй. Иймээс Ерөнхийлөгч өөртөө хууль тогтоох агуулгыг илэрхийлээгүй” хэмээн ҮХЦ- ийн хуралдаанд тайлбарласан ч баталсан хуулиа хамгаалах үүргээ биелүүлж чадаагүй байна.

Мөнгө угаахын эсрэг хуулийг хэлэлцэнэ

Дараа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хэлэлцэх эсэхийг энэ өдөр шийдсэн юм. Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсад нийт 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг өгчээ. Мөн зөвлөмжийн хэрэгжилтийг тухай бүрт нь тайлагнахыг үүрэг болгосон байна. Хэрэв зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын хар жагсаалт”, эсхүл “зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй. Үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авах эрсдэл үүсэх аж.Иймд ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Хууль санаачлагч үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагааг хуулийн үйлчлэх хүрээнд хамааруулах, мэдээлэх үүрэгтэй этгээдийн хүрээг өргөжүүлэх талаар төсөлд оруулсан байна. Мөн хөрөнгийн эцсийн өмчлөгчийг тогтоох, эрсдэлд суурилсан үнэлгээ хийх зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, Санхүүгийн мэдээллийн албаны эрх зүйн байдал, үйл ажиллагааны чадамжийг бэхжүүлэх, Үндэсний зөвлөл ажиллуулах, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтууд ч туссан байна. Хуулийг хэрэгжүүлснээр шинэ орон тоо, зардал бий болохгүй бөгөөд Засгийн газар, хууль сахиулах байгууллага, Монголбанкны оролцоотой салбар дундын үйл ажиллагааг зохицуулах орон тооны бус зөвлөл ажиллах аж.

САНАЛ БОЛГОХ