9888
Сайдын тушаалыг зөрчин байж цасанд боогдсон хүмүүст тусалжээ
Мэдээ
Талархлын үг сонсож, тайвширсан царайг хараад манай залуус урамшдаг
Шуурганд боогдож, цасанд суусан иргэдэд “Mongolian Pajero club”-ийн залуус тусалж буй зураг, бичлэг цахим ертөнцөөр хурдтай тархсан. Гэхдээ бусдад буян болж яваа эдгээр залуус хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, өөрсдийгөө рекламдаад байх тун дургүй, даруухан улс. Зовж зүдэрсэн улсад том тус хүргэж яваа сайхан сэтгэлт залуусын төлөөлөл болгож “Монголын Mitsubishi Pajero” ТББ-ын тэргүүн Н.Болортой ярилцлаа.
-Цасанд суусан хүмүүст тусламж үзүүлээд хоёр жил өнгөрчээ. Хоёр жилийн хугацаанд нийт хэчнээн аврах ажиллагаанд оролцсон бэ?
-2016 оноос хойш том, жижиг 300 гаруй автомашиныг хүнд нөхцөл байдлаас гаргаж аваад байна. Он гарснаас хойш гэхэд цасанд боогдсон 40 гаруй автомашиныг гаргаж, хүний амь эрсдэхээс сэргийлсэн.
-Хүмүүст туслахаар очиход нөхцөл байдал ямар байдаг вэ?
-Өвлийн улиралд их хүнд байдаг. Цаг агаарын байдал, замын халтиргаа гулгаа гээд бартаа саад ихтэй замаар ихэвчлэн явна. Замын халтиргаа, эсвэл энд тэнд үүссэн онгорхой нүхнээс болоод замаас гарах, замын хажуу руу орох гээд татаж гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалтай нүүр тулах тохиолдол зөндөө. Биднийг очиход айж, сандарсан хүмүүс л угтдаг. Гэхдээ туслахаар ирснийг мэдээд сэтгэл нь уужирдаг. Энэ хүмүүсийн талархлын үгийг сонсоод, сэтгэл нь амарч тайвширсан тэр царайг хараад манай залуус урамшдаг. Бидэнд мөнгө төгрөг өгөх зэргээр талархлаа илэрхийлдэг л юм. Гэхдээ бид авдаггүй. Бидэнд мөнгөнөөс илүү хүмүүсийн амь нас чухал. Одоогоос хоёр жилийн өмнө, 2016 оны гуравдугаар сарын 4-нд Lexus 470, Istana маркийн автомашин цасанд суусан дуудлагын дагуу явсан. Тухайн үед Эмээлтээс цааш Тавантолгойн полигоны орчим явж байхад машинтай тэнцэхүйц өндөр хэмжээтэй цасан хунгартай тулгарсан. Уг нь өглөө 08.00 цагт гарсан боловч өдөр 12.00 цагт цасныхаа эхийг ч ухаж дуусаагүй байсан. Ингээд шуурганд өдөржин цас ухсаар 21.00 цагт автомашинуудаа цаснаас гаргаж аваад төв зам руу орж байлаа. Энэ үед маш хэцүү байсан. Нүүр нүдгүй шуурга шуурч байсан болохоор машинаасаа жаахан холдох л юм бол төөрчих гээд хэцүү. Хоорондоо холбоо тогтоох станцтай явсан тулдаа л төөрөөгүй шүү.
Том, жижиг 300 гаруй автомашиныг хүнд нөхцөлөөс гаргасан
-Хүн бэртэж гэмтсэн тохиолдолтой тааралдаж байв уу?
-Аз болоход бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолтой тааралдаагүй. Бид энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд хүмүүст тусалж, аврах ажиллагаа явуулж байгаа юм шүү дээ.
-Хамгийн сүүлд хаана аврах ажиллагаа явуулав?
-Саяхны нэг өдөр Төв аймгийн Баянцогт сумаас Улаанбаатар хотыг зорьж явсан дөрвөн машинд насанд хүрсэн 12 хүн, гурван хүүхэд цасанд суусан талаар ах, дүүдээ мэдээ дуулгасан байсан. Цасанд суусан хүмүүсийн нэгнийх нь дүү нь бидэнтэй холбогдсон юм. Манай найман залуу дөрвөн машинтай шууд хөдөлсөн. Гэтэл 22-ын товчоон дээр ирэхэд ямар ч автомашин гаргахгүй гэсэн сайдын тушаал гарсан байсан. Цасанд боогдсон хүмүүст туслах гэж байгаа гэдгээ цагдаа нарт дуулгасан боловч ямар ч боломжгүй, сайдын шийдвэрт бид нар нөлөөлж чадахгүй гэж хариулсан. Гэхдээ гуйсаар байгаад гарсан. Бид аль болох цаг алдахгүйг хичээж, хамаг хурдаараа давхисаар 23.00 цагт очсон. Очиход хүний амь нас эрсэдсэн, эрүүл мэнд нь муудсан зүйл байгаагүй.
-Онцгой байдлаас гадна замын цагдаа, эмнэлгийн байгууллагатай хамтарч ажилладаг уу?
-2016 оны нэгдүгээр сараас хойш Онцгой байдлын албатай хамтарч ажиллаж байна. 105 тусгай дугаарт дуудлага хүлээн авч, аврах ажиллагаанд оролцох хүмүүсээ хуваарилдаг. Иргэд ч бидэнтэй холбоо барих дугаарыг мэддэг болохоор өөрсдөө залгаж, туслалцаа хүснэ.
-“Mongolian Рajero club” хэдэн гишүүнтэй вэ?
-Яг аврах ажиллагаанд тогтмол оролцдог 20-30 автомашин бий. Фэйсбүүк дагагч 30 мянга, албан ёсны гишүүн зургаан мянган автомашин байдаг. Үүнээс үйл ажиллагаанд байнгын идэвхтэй оролцдог 420 гаруй залуус байна.
-Клубийн гишүүд ихэвчлэн ямар ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байдаг вэ?
-Манай клубт төмрийн дархан, дугуй засвар ажиллуулдаг, цахилгаан станцын нүүрсний уурхай болон Тавантолгойд ажилладаг гээд эгэл ардууд байдаг. Pajero нь хамгийн хямд төрлийн жийп. Аврах ажиллагаанд явж буй залуучуудын ихэнх нь өөрсдөө машин техникт эв дүйтэй, засаад янзалчихдаг хүмүүс бий.
-Яагаад сайн үйлсийн аян өрнүүлэх болов?
-Манай клуб анх 2016 оны нэгдүгээр сарын 4-нөөс сайн үйлсийн аян явуулж эхэлсэн. Анх Рajero сонирхогчид автомашиныхаа хүчийг үзэхийн тулд гишүүдээрээ тэмцээн, уралдаан зохиодог байлаа. Харин нэг л өдөр автомашиныхаа бензин тосыг дэмий үрж байхын оронд хүмүүст тусалж яагаад болохгүй гэж бодсон. Ингээд л хүмүүст туслах сайн үйлсийн аяныг өрнүүлж эхэлсэн.
-Зардлаа өөрсдөөсөө гаргадаг уу?
-Мэдээж өөрсдийн сонирхлоор бусдад туслаж байгаа болохоор зардлаа өөрсдөө гаргана. Машин техник эвдрэх болгонд өөрсдийн мөнгөөр засварлаж, янзлуулна. Ерөнхийдөө аврах ажиллагаанд явж байгаа залуучууд бүгд машинаа өөрсдөө засчихдаг болохоор энэ тал дээр хүнд асуудал гардаггүй. Pajero-гийн сэлбэг ч харьцангуй хямд байдаг. Харин хэрэглэж байгаа техник хэрэгслийн хувьд багагүй зардал гардаг. Өөрөө өөрийгөө өргөгч домкрат гэхэд илүү чанартай нь 800 мянга. Харин Хятадын нас богинотой нь 200 мянган төгрөгийн үнэтэй. Энэ бол ердөө нэг төрөл нь. Үүнээс гадна өчнөөн олон төрөл бий.
-Хангалттай техник хэрэгсэлтэй явдаг уу?
-Зайлшгүй шаардлагатай хүрз, олс, өөрийгөө өргөгч домкрат, явган шат, өөрийгөө татаж гаргах лебётка хэрэглэдэг. Хамгийн чухал хэрэгсэл нь хоорондоо холбогдох станц. Ийм станцтай тулдаа төөрөх болон бусад эрсдэлээс сэргийлж чаддаг.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй