Таван кг гурилны төлөө таныг сонгоогүй шүү гишүүн ээ

Нийтлэлчийн булан


Тэд сонгогчдод гарын бэлгээ зүгээр ч нэг өгдөггүй

Монгол Улс парламентын засаглалтай болоод 20 гаруй жилийг үдэж байна. Энэ хугацаанд манай улстөрчид байнга шахуу парламентын төлөвшлийг хөндөж, үзэл бодлоо илэрхийлдэг ч бодит үйл хэрэг болгосон нь тун ховор. Уг нь парламентын төлөвшил улстөрчдийн төлөвшилтэй салшгүй гинжин холбоотой. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдгийн адилаар улстөрчид өөрсдийгөө төлөвшүүлэх нь парламентыг төлөвшүүлж байгаа хэрэг юм. Төлөвшил гэдгийг томоор ойлгож, сэтгэх хэрэггүй. Энгийнээр, үг хэллэгээ анхаарч, үйл хөдлөлөө цэгнэх нь ухамсрын түвшин гэж болно. Тэгвэл парламентын төлөвшил ярьдаг ч үнэн хэрэг дээрээ өөрсдөө төлөвшиж амжаагүй байгаа улстөрчид ядарсан ард түмнийхээ сэтгэлгээн дээр дөрөөлж, баяр наадам болохоор л сонгогчдодоо ууттай бэлэг тарааж, өөрийгөө сурталчилдаг ядмаг жишиг тогтоод удаж байна.

Тэрхүү жишиг энэ удаад ч давтагдаж, эхнээсээ түмний элэг доог болж байна гэхэд хилсдэхгүй нь. Сар шинийн баяр болохтой зэрэгцээд төрийн түшээд тойрогтоо ажиллах нэрийдлээр таван килограмм гурил, тавгийн идээ тарааж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тойргийн сонгогчид болох Чингэлтэй дүүргийн ахмадууддаа таван килограммын савлагаатай гурил тараав. Тус дүүргээс сонгогдсон Д.Ганболд гишүүн мөн л тойргийнхоо азай буурлуудын амар мэндийг эрэх нэрийдлээр чихмэл тоглоом тарааж хэсэгтээ цахим орчинд түмний шившиг боллоо. Түүний бэлгийн багцанд зургийн дэвтэр, чихмэл тоглоом, шоколад, чихэр, чацарганаас гадна нэрийн хуудас нь багтсан юм. Үүнээс гадна өнгөрсөн парламентад Баянхонгороос сонгогдсон Д.Ганбат гишүүн тойргийн иргэддээ бидон тарааж, хэсэгтээ л шуугиулж байсан.

• Улстөрчид баяр наадам болохоор л сонгогчдодоо ууттай бэлэг тарааж, өөрийгөө сурталчилдаг ядмаг жишиг тогтоод удаж байна.

• Өргөл барьц болгон өгөх бэлгийн нэр төрөл нэмэгдэж, УИХ -ын гишүүд бараг өөр зуураа үүгээрээ өрсөлддөг гэж харагдахаар байна.

• Улс орны хувь заяаг атгаж буй улстөрчид нь үүргээ хоногийн хоол, хувцас хунар төдийхнөөр өнгөц сэтгэж байхад Монгол Улсыг хэн, хэзээ хөгжүүлэх вэ.

Тэгвэл түүх давтагдаж, тус тойргоос сонгогдсон М.Билэгт гишүүн данх тарааж, “данх Билэгт” нэрийг зүүв. Тэд ихэвчлэн гурил, будаа, гүрж ногоон цай, сүү, элсэн чихэр тараадаг бөгөөд эцэстээ бэл бэнчингээрээ өрсөлдөж, өргөл барьцаа нэмэгдүүлдэг хошин “уламжлал” бий. Гэхдээ тэд сонгогчдод гарын бэлгээ зүгээр ч нэг өгдөггүй бололтой. Тухайлбал, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ -ын гишүүн С.Эрдэнэ тойргийнхоо буурлуудад Сар шинийн баярын гарын бэлгээ гардуулжээ. Тус дүүргийн 14 дүгээр хороон дээр гишүүний гарын бэлгийг гардуулах үеэр тун чиг хөгтэй явдал болсон гэх. Хөгшнийхөө гарын бэлгийг авахаар ирсэн эмээд хорооны Засаг дарга нэг хүнд нэгийг л өгөх ёстойг тайлбарлав. Учир нь гарын бэлэг гардуулж буй гэрэл зураг дарах тул хүн давхцахгүй байхыг настанд сануулжээ. Харин настан хөгшнөө хэвтэрт байдгийг учирлахад, хорооны Засаг дарга нь гудамжинд явж байгаа хүнийг ч хамаагүй авчраад зургийг нь авахуулаад бэлгээ авахыг зөвшөөрчээ. УИХ-ын гишүүдийн энэ мэт үйлдэл үнэхээр тойргийнхоо иргэдийг бодсоных уу, эсвэл зүгээр хэлбэр төдий үйлдэл үү гэдэгт эргэлзэхэд хүргэж байна.

Нөгөөтэйгүүр, үнэхээр гутаж байна. Улстөрчдийн тараасан бэлгийн цувааг бичвэл энд дуусахгүй. Өргөл барьц болгон өгөх бэлгийн нэр төрөл нэмэгдэж, УИХ -ын гишүүд бараг өөр зуураа үүгээрээ өрсөлддөг гэж харагдахаар. Сонгуулийн тухай хуульд зөвхөн сонгуулийн жилд бэлэг сэлт, бэлэн мөнгө тараахыг хориглосон байдаг. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 35.15.1-д зааснаар сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглодог юм.

Өөрөөр хэлбэл, хуулийн цоорхойг ашигласан УИХ-ын гишүүдийн энэ үйлдэл буюу сонгуулийн бус жилүүдэд тарааж буй төрийн түшээдийн гарын бэлгийг буруутгах аргагүй. Гэхдээ эдийн засгийн хямрал, иргэдийн бухимдал, олон нийтийн мэдээлэл, мэдлэггүй байдал дээр дөрөөлж, гарын бэлэг тараах нэрийдлээр сонгогчдодоо таалагдах гэсэн башир аргаас улстөрчид хэзээ ч татгалзаж чадахгүй бололтой. Угтаа бол нийгмийг түүчээлэх ёстой бодлого тодорхойлогчид сонгогчдодоо хоногийн хоолыг халбагадаж өгөхөөс илүүтэйгээр гэдэс цатгалан, мөр бүтэн байх нийгмийн тогтолцоог бүрдүүлэх ёстой. Тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тэдний дуу хоолойг төрийн хууль тогтоох танхимд, төрийн эрх барих дээд шатанд хүргэх нь гишүүдийн үндсэн үүрэг. Хэр их бэлэг тарааснаараа биш ард түмний итгэлийг хэрхэн дааж, үүргээ биелүүлсэн нь төрийн түшээдийн ажлын үнэлэмж байх учиртай. Түүнээс биш нэг удаагийн Сар шинийн баяраар таван кг гурил, данх, дэвтэр авах гэж бид УИХ-ын гишүүдийг сонгоогүй байлтай. Өөрийнхөө төдийгүй, үр хүүхдийнхээ ирээдүйг баталгаажуулахын тулд УИХ-ын гишүүдэд итгэл хүлээлгэж, төрийн жолоог атгах эрхийг өгсөн. Улс орны хувь заяаг атгаж буй улстөрчид нь үүргээ хоногийн хоол, хувцас хунар төдийхнөөр ядмаг сэтгэж байхад Монгол Улсыг хэн, хэзээ хөгжүүлэх вэ. Хэзээ Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвартай болж, Монголын ард түмэн эрүүл, аюулгүй орчинд аз жаргалтай амьдарч, амьдралын чанар сайжрах вэ.Эсвэл өөрсдийнх нь хэлдгээр гарын бэлэг гэж нэрлэсэн таван кг гуриланд хууртах хэмжээний амьжиргаатай ард түмэн тэдэнд хэрэгтэй юу?





САНАЛ БОЛГОХ