Жимсний охь, эмийн ургамлаас нүүрний тос гарган авчээ

Би үйлдвэрлэгч


“Gorgeous” нүүрний тос нь хялгасан үрчлээг тэнийлгэдэг

“Би үйлдвэрлэгч” буландаа харшлын эсрэг үйлчилгээтэй гоо сайхны тос болон саван үйлдвэрлэж буй “Gorgeous” косметикс ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Есүхэйтэй ярилцлаа.

-Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлийн маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд гарч байна. Танай “Gorgeous” гоо сайхны бүтээгдэхүүний бусдаас ялгарах давуу тал юу вэ. Хэрхэн туршиж, хэзээнээс худалдаанд гаргасан бэ?
-Би эрэгтэй хүн учраас арьс арчилгааны талаар сайн мэдлэггүй байв. Бүтээгдэхүүнээ гаргахад ээж маань надад хамгийн их нөлөөлсөн. Одоогоос найман жилийн өмнө 50 хүрч яваа ээжийгээ хартал нэлээд их хөгширсөн байлаа. Тиймээс байгалийн гаралтай, залуужуулах бүтээгдэхүүн хийх талаар бодож эхэлсэн. Ингээд найман жилийн турш Дарьгангийн хувилгаан Жамьянжамц хэмээх миний элэнц өвөөгөөс уламжилж ирсэн ардын уламжлалт жорыг ашиглан ямар тос хийж болох талаар судалсан. Монгол орны говь, хээрийн тал нутагт ургадаг эмийн ургамлуудын талаар судалгаа хийж, аль аймгийн малын тосонд ямар ургамал ихээр агуулагддаг болохыг тогтоосон. Таван жилийн судалгааны үр дүнд зүүн аймгийн малын тосонд илүү их эрдэс бодис агуулагдсан байдгийг мэдэж, хоёр жилийн өмнө анхны нүүрний тосоо гарган авч, ээждээ хэрэглүүлсэн. Адуу болон хонины сүүлэнд дөрвөн төрлийн эмийн ургамал, жимсний охь нэмснээр хялгасан үрчлээг тэнийлгэдэг жороо гаргаж авсан. Манай нүүрний тосонд ямар ч химийн бодис ороогүй төдийгүй маш богино хугацаанд хялгасан үрчлээг арилгадаг гэдгээрээ онцлог. Бид бүтээгдэхүүнээ шинэ оны өмнө худалдаанд гаргасан.

-Бүтээгдэхүүн гаргах судалгааг найман жил хийсэн гэлээ. Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би БНХАУ-д олон улсын эдийн засагч, геополитикч мэргэжлээр суралцаж, төгссөн. Хүн ямар нэг зүйл хийж бүтээхэд ямар мэргэжил эзэмшсэн байх нь тийм ч чухал биш. Харин өөрөө судалж, бүтээхийг хүсвэл юунд ч хүрч чадна гэсэн бодолтой. Тиймдээ ч хүсэл, мөрөөдлөө үргэлжлүүлэн эхнэр, охиддоо зориулан дараагийн бүтээгдэхүүнээ хийсэн нь харшлын эсрэг үйлчилгээтэй найман төрлийн саван. Учир нь манай эхнэрийн нүүр нөсөө, толбой ихтэйгээс гадна охидууд маань маш эмзэг арьстай. Тэдэнд маань ямар ч бүтээгдэхүүн таардаггүй байлаа. Мөн л нэлээд судалгаа, шинжилгээ хийсний эцэст сүүтэй, зөгийн балтай, гангатай, арцтай, овьёостой гэх мэт саван хийсэн. Ингээд миний хийсэн саванг ойр тойрныхон маань туршиж үзэхэд ердөө хоёр сарын дотор нөсөө, толбо, үү, ургацаг нь арилсан. Тиймээс эх орондоо өртөг бага, үнэ хямд, чанартай бүтээгдэхүүн гаргахыг зорьж үйлдвэрлэл эрхлэхээр сэтгэл шулуудсан юм.

Хоёр хөрш болон дундад Азийн таван оронд бүтээгдэхүүнээ борлуулна
-Танайх гоо сайхны бүтээгдэхүүнийхээ орц найрлагад ордог түүхий эдийг хаанаас авдаг вэ?
-Зөгийн балтай савангийн найрлагад орох түүхий эдийг Сэлэнгэ аймгийн Шаамараас авдаг бол жамц давсаа Увс аймгаас захиалдаг. Түүнчлэн хонины сүүлээ зөвхөн зүүн аймгаас захиалж, авдаг байх жишээтэй. Тиймээс манай нэг ширхэг савангийн өртөг 5500 төгрөг болдог.

-Зах зээлд хэр эрэлттэй байна вэ?
-Зах зээлд нэг төрлийн бүтээгдэхүүнийг олон компани үйлдвэрлэх тусам бизнесийн өрсөлдөөн ширүүсч, энэ дундаас хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүнийг сонгон авч, улмаар компаниуд гаднын зах зээлд гарах боломж нь нээгддэг. Ингэснээр үндэсний үйлдвэрлэл сэргэж, Монголын эдийн засаг тэлнэ. Тиймээс төрөөс зээл, хөнгөлөлт зэрэг хөшүүргээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, цогц бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Манай бүтээгдэхүүний нэг онцлог нь гар аргаар үйлдвэрлэдэгт байдаг. Нэг градусын температурын ялгаа гарах, нэг түүхий эд дутах төдийд л өөр саван гардаг. Тиймээс цаашид ч гар аргаар үйлдвэрлэх технологийг хадгалж үлдэнэ гэж бодож байна. Манайх сард 5-10 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид үйлдвэрлэл өргөжвөл 100 мянгаас 1 саяыг гаргах боломж бий. Үүний тулд бид одоогийнхоос 10 дахин илүү хүчин чадлаар ажиллаж, хамгийн багадаа 100 мянган хүнийг ажлын байраар хангах юм.

-Бизнесийн анхны хөрөнгө оруулалт хэд байв. Ашгаа олж эхэлсэн үү?
-Хөрөнгийн зах зээл дээрх томоохон тоглогчид удаан хугацаанд бага хэмжээний ашиг олохыг хамгийн зөв бизнес гэж үздэг. Гэтэл манайхан богино хугацаанд их ашиг олох сонирхолтой байдаг. Миний баримталж байгаа зарчим нь эхлээд чанартай бүтээгдэхүүн хийх, дараа нь ашиг орлого олох. Ээжийн маань өвөө Ю.Цэдэнбал даргын туслах хийж байсан, түүхч С.Ишдорж гэж хүн байдаг юм. Тэрбээр надад үргэлж бизнесийн энэ зарчмыг зааж сургаж, судалж үзэхийг захидаг байсан нь өнөөдөр надад бизнесээ эхлүүлж, авч явахад маш том дэмжлэг болсон. Анхны хөрөнгө оруулалтыг өөрөөсөө гаргасан. Одоо гаргасан хөрөнгөө нөхөж, ашиг орлого олох тийш хандаж байгаа.

-Гаднын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх үү?
-Бидэнд гаднын зэх зээлд гарах маш том нөөц бололцоо байна. Хоёр хөрш болон дундад Азийн таван оронд бүтээгдэхүүнээ борлуулж болно. Эдгээр газарт худалдан авах чадвар сайтай хэдэн сая хэрэглэгч бий. Гуравхан сая хүн амтай монголчуудыг хангалттай тэжээх зах зээл. Бид одоогоор БНХАУ , Пакистан, ОХУ-ын зэх зээлд бүтээгдэхүүнээ гаргаад эхэлсэн. Удахгүй Казахстан руу экспортлохоор төлөвлөөд байна.

-Шинээр бүтээгдэхүүн гаргах уу?
-Удахгүй хүүхэд багачууддаа зориулан ханиадны эсрэг тосон түрхлэг болон хүүхдийн арьсанд тохирох саван үйлдвэрлэх гэж байгаа. Мөн адууны тостой, тэмээний чөмөгтэй, үе мөчний өвчинд сайн саван үйлдвэрлэхээр зэхсэн. Зах зээлд борлуулалт сайн байх төлөвтэй саванг ч гаргахаар судалгаа хийгээд явж байгаа. Энэ нь эмэгтэйчүүдэд зориулсан хөл, гарын үсийг органик аргаар гуужуулдаг саван байх юм.

-Улаанбаатар хотын хаанаас, хэдэн төгрөгөөр танай бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой вэ?
-Бид хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа. Цагаан сарын дараа “Шангри-Ла” молл, Улсын их дэлгүүр болон И-Март сүлжээ дэлгүүрийн салбарт дэлгүүрээ нээхээр төлөвлөөд байна. Зөгийн балтай нүүрний тос болон целлилют, язралтын эсрэг тос 28-58 мянга, найман төрлийн саван 5500 төгрөгөөр худалдаж байгаа.

САНАЛ БОЛГОХ