10031
Утаанаас илүү хордуулагч өмхий лагаа яах вэ
Сурвалжилга
Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй
Улаанбаатарчууд утаанаас салж, цээж дүүрэн амьсгалах хаврын урин цаг айсуй. Гэвч нийслэлийн зарим иргэдэд ийм боломж алга. Толгойт буюу хуучнаар Орбитын тойрог орчимд амьдардаг иргэд түүхий нүүрсний хорт утаанаас арайхийн салж буй ч Төв цэвэрлэх байгууламжийн өмхий лагийн үнэртэй золгож байна. Таван шараас эхлээд л толгой эргэм лагийн үнэр хамар цоргиулна. Төв цэвэрлэх байгууламжийн ойролцоох Хан- Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хэсэгт автомашины цонхоо хааж, ам, хамраа дараад ч өмхий үнэр нэвт ханхалдаг энэ дүр зураг олон жил үргэлжилж буй. Биднийг Толгойт бүсэд ирэхэд утаа багатай, салхи тогтуун, хаврын зөөлөн салхи сэвэлзэж байв. Гэвч төд удалгүй өнөөх үнэр энд салхиар туугдан ирж, амьсгалах аргагүй бохир ханхалж эхэллээ. Бохир агаараар, төв цэвэрлэх байгууламжийн 50 гаруй жил дагтаршсан лагийн үнэр гэж бодоход л дотор муухайрна.
Харин энэ хавийн оршин суугчид үүнд аль хэдийнэ дассан бололтой, ам хамраа дарсан, маск зүүсэн хүн огт харагдсангүй. Сонгинохайрхан дүүргийн XXII хороо түр оршин суугчидтайгаа нийлээд 28 мянга орчим хүн амтай. Говь-Алтай, Ховд, Төв, Булган, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгуудаас ч илүү оршин суугчтай том хороо. Гэвч энд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр 20 гаруй жилийг үдлээ. Уг хороо агаарын бохирдлын хоёрдугаар бүсэд багтдаг. Шинэ суурьшлын бүс учраас хүн ам нь маш хурдацтай өсөн нэмэгдэж буй “айл”. Өдөрт дунджаар 50-100 хүн шилжиж ирдэг тул энэ хэрээр яндангийн тоо нэмэгдэж байгаа аж. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, дэд бүтэц хөгжөөгүй зэрэг олон бэрхшээл дунд иргэд амьдарч байна. Тус хорооны өрхийн эмнэлгээр ороход хүүхдээ тэвэрсэн эхчүүд, настайчууд голдуу хүмүүс эмчид үзүүлэхээр дугаарлаж харагдав. Өвлийн улиралд энд агаар дуслаар дамждаг амьсгалын замын халдварт өвчин нэмэгддэг.
Харин зун цагт гэдэсний халдварт өвчин эрс өсдөг байна. Өрхийн эмч Б.Атарцэцэг “Төв цэвэрлэх байгууламжийн үнэр хавар, намар маш хурц үнэртдэг. Хүүхэд, хөгшид гэлтгүй бүх хүний эрүүл мэндэд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байгаа. Үүнээс шалтгаалж гэдэсний халдварт өвчин нэмэгддэг. Бид жирэмсэн эхчүүдэд сургалт явуулахдаа маск тарааж, байнга хэрэглэхийг зөвлөдөг. Дөнгөж төрсөн нялх хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд орох нь их болсон. Хүүхдээ аль болох цэвэр агаартай газар байлгахыг зөвлөхөөс өөр хийж чадах зүйл алга” гэв. Төв цэвэрлэх байгууламжийн лагаас маш олон төрлийн хорт бодис ялгардаг. Үүнд агуулагддаг азот, фосфор, хлорын нэгдэлд эгэл биет, вирус, шимэгч хорхойн өндөг зэрэг исэлддэг тул аммиак, нүүрсхүчлийн хий, метан зэрэг хорт бодисууд ялгарч, эвгүй үнэр үүсгэдэг юм байна. Гэвч энэ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар шинжлэх ухааны үндэстэй, нарийвчилсан судалгаа алга. Өрхийн эмнэлгийнхэн ч энэ талаарх мэдлэг хомс байсан юм. Эмнэлэгт дугаарлаж буй иргэдийн ихэнх нь ханиад, томуугаа эмчлүүлэхээр иржээ. Хөгшчүүл өмхий үнэрээс болж толгой нь өвдөж, байнга дотор нь муухайрдаг гэдгээ хэлж байлаа. Ер нь эндхийн иргэд агаарт дэгдсэн лагийн хорт бодисууд хүний биед хор нөлөөтэй гэдгийг мэддэг ч, яг ямар эрхтнийг өвчлүүлдэг, хэр их хор хохирол учруулдаг талаар тун бага мэдлэгтэй аж. “Манайх энд зургаан жилийн өмнө хотын төвөөс хол, цэвэр агаартай гэж нүүж ирсэн.
Орон сууцны цонхоо хаасан ч лагийн өмхий үнэр нэвт ханхалдаг
Гэвч одоо өмхий агаараар амьсгалж байснаас гэртээ нүүрсээ үнэртэж байсан нь дээр гээд хүүхдүүдээ аль болох гаргахгүйг хичээдэг. Зуны бүгчим өдөр агаар оруулах гээд хаалгаа нээхээр урдаас өмхий үнэр ханхалдаг. Одоо хөл хүнд охиндоо их санаа зовох юм. Энэ өмхий үнэр ямар ч байсан эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа нь тодорхой. Салхи өмнө зүгээс битгий үлээгээсэй гэж залбирдаг болсон” гэж 50 гаруй насны эмэгтэй өгүүлэв. Хороонд цэцэрлэгийн насны 2700, сургуулийн насны 8000 орчим хүүхэд байдаг. Дээр нь нэг нас хүрээгүй хагас мянган нялхас бий. Тус хорооны иргэдийн тал хувь нь залуучууд учраас төрөлт харьцангуй их байдаг аж. Өнгөрсөн жил гэхэд л 493 шинэ иргэн мэндэлсэн байна. Гэвч тэд төрсөн цагаасаа эхлээд эрүүл, чийрэг хүн болж өсөх ямар ч баталгаагүй болжээ. Эрүүл мэндийн яамнаас Сонгинохайрхан дүүрэгт байрлах төв цэвэрлэх байгууламж орчмын 163 өрхийн гишүүдэд судалгаа хийжээ. Ингэхэд иргэдийн 43 хувь нь элэг, 47 хувь нь бөөрний үрэвсэлтэй гарсан байна.
Түүнчлэн 90 гаруй хувь нь ямар нэг харшлын өвчтэй нь тогтоогджээ. Бохир агаараар амьсгалснаас болж, үнэрлэх, амтлах, эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, нүд загатнаж улайх, үрэвсэх, арьсан загатнаж, туурах зэрэг эрсдэл тулгардгийг уг судалгаанд дурдсан байна. XXII хорооны Засаг дарга Х.Тэмүгэ “Манай хороонд тог, цахилгаанаас эхлээд маш олон бэрхшээл асуудал байдаг ч иргэдийн хамгийн их гомдол гаргадаг нь лагийн үнэр. Бид тухай бүрд нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улсын их хурал зэрэг холбогдох байгууллагуудад уламжилдаг. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн намар иргэдтэй уулзсан. Ирэх хавраас төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ гэж амласан. Тиймээс бид хэзээ ажлаа эхлэх бол, хэзээ энэ өмхий үнэрээс салах бол гэж харж, хүлээж байгаа. Бусад асуудлыг шийдэж чаддаггүй юм гэхэд ядаж эрүүл, цэвэр агаараар амьсгалах эрхийг нь иргэддээ эдлүүлмээр байна” гэлээ. Ийнхүү хорооны иргэд энэ хавар цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил эхэлж, өмхий үнэрээс удахгүй сална хэмээн тэвчиж сууна. Тэд өдөр тутмын амьдралдаа түүртэн, хий дэмий л санаа зовохоос цаашгүй байна. “Хорин жил тэвчсэн юм чинь одоо хэдэн сар тэвчихэд яах вэ. Төр засгаас арга хэмжээ авч байгаа л гэсэн. Өмхий үнэрээс болж нүүлтээ биш. Одоо төр, засгаа л харж байна даа” гэж нэгэн буурай өгүүллээ.
Гэвч тэдний найдаж буй шинэчлэлийн ажил энэ хавартаа багтаж эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа нь тун харамсалтай. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг хариуцсан Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэнд “Лагийн асуудлыг шийдэх төсөв батлагдсан. Удахгүй ямар ажил хийх талаар эцсийн хариу гарна. Харин төв цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийг бүрэн шийдэж амжаагүй байгаа. БНХАУ-ын талаас эцсийн байдлаар хариу өгөөгүй. Бид энэ хаварт багтаан ажлаа эхлэхээр төлөвлөж байгаа” гэсэн бүрхэг хариулт өглөө. Уг нь төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсвийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шийдсэн хэмээн өнгөрсөн намар эрх баригчид мэдэгдэж байсан. Гэвч ийнхүү эцсийн шийд гараагүй, нэг ч бодит ажил эхлээгүй байна. Энэ хооронд төр засгийн гарыг харж, хүлээсэн иргэд бохир агаараар амьсгалж хордсоор л байх нь. Эрх баригчдын хоосон амлалтад итгэж, хордож буйгаа мэдэхгүй яваа иргэд зөвхөн энэ хорооны оршин суугчдаар тогтохгүй олон байгаа нь бүр ч харамсалтай.
ЗГМ: НЭГ АСУУЛТ
Лагийн үнэр таны эрүүл мэнд, амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
С.Нараа
Ер нь л хэцүү шүү дээ. Байрны цонх хаалттай байхад ч үнэртдэг болохоор хүүхэд, багачуудын дотор эрхтэн яаж байгаа бол гэж байнга санаа зовдог. Хөгшчүүд ч яахав, хүүхдүүддээ л их санаа зовж байна. Хавар, намарт бол маск зүүгээд ч нэмэргүй. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Бид байнга л санал гомдол хэлдэг ч нэмэр алга. Одоо төр засаг юу хийхийг хүлээж сууна.
Т.Аюурзана
Энд нүүж ирээд жил гаруй болж байна. Одоо төв цэвэрлэх байгууламжийн үнэрт бараг л дассан. Манай гэр бүлийн хувьд салхинд гарах зуслан байхгүй учраас хүүхдээ ихэнхдээ гэртээ л байлгадаг. Өмхий үнэр хавар болохоор улам нэмэгддэг. Хүүхдэдээ л их санаа зовж байна даа. Ханиад хүрсэн ч агаарын бохирдлоос болоод удаан эдгэж байгаа.
Т.Ганчимэг
Утаа, өмхий хоёроос салахын тулд зүүн зүгээс салхи үлээгээсэй л гэж хүсэх юм. Би уг нь хөдөө өссөн эрүүл, чийрэг хүн. Харин одоо ханиад, цэрнээс салахаа болилоо. Уушги муудсаны л шинж байх. Эмнэлэгт үзүүлж, эм уухаас өөрөөр эрүүл мэндээ хамгаалж чадахгүй байна. Дундаж үнэтэй маск 1500 төгрөгөөр авъя гэхэд санхүү хүнд байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй