Жүжиг дуусахад тэд хөшигний цаана хөхрөлдөөд л суудаг
Нийтлэлчийн булан
Э.Бат-үүл ийн өгүүлрүүн. “Бухимдаж байна, гэхдээ бухимдлаа зармаар байна” гэж хэлэх хүнтэй таарлаа. Ийм байвал дээр сууж байгаа дарга дээдсүүдийн бах тав нь ханаж, шоолж, хөхөрч суугаа. Зарж болдог уур бухимдлыг тэд сонгуулиар худалдаж аваад сурчихсан. Тиймээс өөрсдийн биш юм аа гэхэд үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө нэг өдөр “баатар” байж, талбай дээр ирээд жагс. Уурласан шиг уурлаж, бухимдсан шиг бухимдъя. Өнөөдрөөс 30 орчим жилийн өмнө Монголд ардчилсан хувьсгал хийхээр 100 гаруй мянган хүн цугласан эсэргүүцлийн жагсаалыг удирдан, зохицуулж нэг нийгмийг нөгөөгөөр сольж байсан талбай дээрээсээ Э. Бат- Үүл олон нийтэд хандан уриалан зогссон нь энэ. Гэхдээ энд Э.Бат- Үүл болон түүний хийж буй улс төрийн акцын талаар бичих гэсэнгүй. Монголд эсэргүүцэх, тэмцэх, шаардах үй олон шалтгаан бий. Арга замууд ч байна.
Гэвч төр, засгийн эрхийг барьж буй томчуудын сонгуулийн амлалт, ард түмэн биднийг халуун зүрхнээсээ хайрлаж буйгаа илэрхийлсэн танил дотно үгнүүдийг нэхэн санаж, гэр гэртээ суухаас өөрийг хийхээ больжээ. Ядаж л дориун олуулаа цуглаад, төв талбай дээрээ жагсчих чадамжгүй болтлоо хүлцэнгүй номхон, идэвхгүй дорой болсны нотолгоо нь Э.Бат-Үүлийн дээрх үг. 1990 оноос хойш төв талбай маань есөн зүйлийн жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээ, хуурай, нойтон өлсгөлөнгийн талбар байлаа. Гэвч жилээс жилд жагсаалын үнэ цэнэ буурч, үр дүн нь хумигдан, хамрах хүрээ нь багассаар сүүлдээ жагсаал цуглааныг харах өнцөг нь ч өөрчлөгджээ. Жагсана гэдэг хөлсөөр хийдэг цагийн ажил болтлоо агуулга нь өөрчлөгдөв. Харин цахим орчинд шал өөр. Тэнд “утас, хуруу хоёр нь шатаж байгаа болов уу” гэмээр их уур бухимдал, шаардлага, эсэргүүцэл өрнөнө. Үнэхээр цахим орчин дахь монголчуудыг нэг улс гэж үзвэл тэр улсад өдөр бүр эсэргүүцлийн жагсаал, хувьсгал, шинэчлэл болж байна. Гэвч нийтлэлийн доорх сэтгэгдэл, зусарч эсвэл үзэн ядагч жиргээнүүд, төлбөртэй постууд олон нийтийн санаа бодлыг төлөөлж чадахгүй гэдгийг ойрын жилүүд дэх “онлайн Монгол” харуулж байна. Үзэл бодол гэдэг амьд бас үнэт зүйл. Харин тэр үнэт зүйлээ гутлаар, салаавчаар, утаанаас хамгаалах маскаар эсвэл утасны цаанаас төлөөлүүлнэ гэдэг утгагүй. 2016 оны сонгууль болохоос хоёрхон сарын өмнө төв талбай дээр 1000 хос гутлын жагсаал олны нүдийг хужирлаж байв. Бүгд ариутгалын бодист орчихсон.
Бидний үзэл бодлыг төлөөлсөн гутал хүртэл биднийх биш байна
Харин зохион байгуулагч “Залуучуудын холбоо” энэхүү арга хэмжээгээ “гуталтай жагсаал” хэмээн нэрлэсэн байв. Нэрнээсээ эхлээд оноогүй энэ арга хэмжээ нь өндөр хөгжилтэй орны хаягдал болсон комиссын гутланд найдах болтлоо доройтоо юу гэсэн бодлыг тухайн үед төрүүлж байсан юм. Гуталтай жагсаал юм бол 1000 хос гутлынхаа хажууд төдий тооны эзэн нь байх ёстой доо, уг нь. Бид биш комиссын гутал бидний үзэл бодлыг төлөөлж байхад дуу хоолойгоо өргөх, идэвхтэй амьдрагч залуу үе, ид хөдөлмөрлөж нийгмийг чирж буй идэр насныхан, сэхээтнүүд чимээгүйхэн чих тавиастай байлаа. Ердөө хэд хоногийн өмнө бид утааны эсрэг улсаараа ам уралдан ярьж байлаа. Ажил хариуцсан албан тушаалтнууд бөөн бөөнөөрөө утаатай танилцаж (уг нь сайн танидаг болоод 20 орчим жил болж буй), том том мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөр эхлүүлж буйгаа зарласан. УИХ-ын нэгэн гишүүний хэлснээр “Өвөл болохоор хүйтэн болдог” гэдэг шиг утаа гарахаар л өнөөхөө ярьсаар өдгөө 20 жилийг өнгөрөөжээ. Гэвч утааны эсрэг авсан арга хэмжээ, зарцуулсан мөнгө цаасан дээр л байгаад байхаас биш бодит үр дүнгээ өгөхгүй байгаагийн учир нь эрх мэдэлтнүүд дундаас нь хулгайлчихдагтай холбоотой. Үүнийг бүгд мэднэ, ярина. Харин 20 жил биднийг үр үндэс, удам угсаагаар маань хордуулж буй утааг бууруулах ажлаас үр дүн нэхэж сүүлийн хоёр өвөл л талбай дээр жагсахаар оролдож үзлээ.
Гэвч хүйтнээс нь халширсан уу, хүсэл зориг дутсан уу 160 мянган гишүүнтэй, тэр хэрээрээ хэдэн зуун мянган сэтгэгдэл, пост бичиж энэ сэдвийг хөнддөг “Утааны эсрэг ээж аавууд” группийн зохион байгуулсан жагсаалд 160 хүн ч оролцоогүй. Ямар сайндаа утааны эсрэг жагсаалд 30 хүн, “улаан оймс”-ны шинэ жилийн цэнгүүнд 300 хүн ирлээ гээд харьцуулсан зургийг дэлгэсэн байх юм билээ. Үнэндээ жагсаал гэхээр тэтгэврийн хэдэн хөгшин, их дээд сургуулийн цөөн оюутан л харагддаг болсоор удлаа хөөрхий. Харин дээр нь томчуудын дур зоргоороо авирлаж буй байдал, дарга нарын тансаглал танхайрал газар авч буйн наад захын бэлээхэн жишээ нь Нямдорж сайдын 300 гаруй сая төгрөгийн үнэтэй, 70 саяын тоногтой тансаг жийп машин. Энэ бол зөвхөн сайд Ц.Нямдоржийн тухай яриа огт биш. Бидний сонгосон, сонгосон хүмүүсийн маань томилсон бүх дарга, даамлуудад хамаатай. Тэд ийм эрээ цээргүй, хэнээс ч эмээхгүй аашилж чадаж байгаагийн буруутныг тэднээс биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Яагаад гэвэл бид тэднийг сонгосноороо буруутай. Сонгосон дарга нараа хянах, цаашлаад шаардах эрхийг Үндсэн хуулиар эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрхээр баталгаажуулан олгосон. Харин энэ эрхээ эдлэхийн оронд утсаа улайстал сэтгэгдэл бичиж, бухимдаж суухаас өөрийг хийж чадахгүй болсон монголчуудын амьдралын нийтлэг хэв маяг. Улс орны хөгжил дэвшлийг хамгийн бодитоор илэрхийлэх хамгийн наад захын үзүүлэлт бол ард түмний амьдралын чанар. Энэ бол идэх хоол, өмсөх хувцас, амьдрах байр, амьсгалах агаар, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын чанар.
Түүнээс биш эдийн засгийн өсөлтийг илэрхийлсэн статистик, Сангийн сайд хэн болох, Засгийн газрын хуралдааны мэдээлэл, чуулганы танхимд болсон хэрүүл огт хүртээлгүй. Гэтэл толгой хүрэхгүй тоонд хууртаж, хэнд ч тусгүй чуулганы хэрүүлийг үзэж, популист улстөрчдийн худал жүжгэнд үнэмшиж суухын оронд яг өнөөдөр өөрийн чинь амьдралын чанар ямар байгааг эхлээд харах цаг болжээ. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй зүтгээд, хоол нойроо хойш тавин байж ажилласан атлаа цалин чинь хүрэхгүй, эхнэр хүүхдээ гэдэс цатгалан, мөрт бүтэн байлгаж хүчрэхгүй, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг ч авч чадахгүй байвал сонгосон хүмүүсээсээ хариуцлага нэх. Хариулт өгч чадахгүй бол огцрохыг шаард. Тэгж байж тэд цочроо авдаг хүмүүс. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг тул дахин дахин сэрэмжүүлэхээс өөр аргагүй байна. “Жүжиг дуусахад тэд хөшигний цаана хөхрөлдөөд суудаг” гэдэг шиг улстөрчид популист жүжгээ тавьж дууссаныхаа дараа хамт хөхөрч, та биднийг егөөдөж суудаг юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй