Ромео 20 жилийн дараа Дорлигийн дүрээр ирж байна
Хүмүүс
“Би эндээс явахгүй” жүжиг гэр бүлийн үнэ цэнэ гэж юу болохыг өгүүлнэ
УДЭТ-ын хамт олон энэ оны эхний үзвэрийн хөшгөө Монголын театрын нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан шинэчлэн найруулсан “Би эндээс явахгүй” жүжгээр нээх гэж байна. Гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, урвалт гээд нийгмийн асуудлыг хөндсөн эл жүжгийн гол дүрд УДЭТ-ын гүйцэтгэх продюсер, жүжигчин, СТА О.Гэрэлсүх тогложээ. Түүнтэй жүжгийн бэлтгэлд гараад байхад нь уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.
-“Би эндээс явахгүй” жүжгийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ. Жүжгийн агуулга, өгүүлэмжийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч, найруулагч, жүжигчин Э.Оюун агсны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн арга хэмжээг УДЭТ-ын хамт олон бүтэн нэг жилийн турш тэмдэглэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Э.Оюун агсны зохиолоос нэг жүжгийг нь сонгож, сэргээн тавихаар болсон юм. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар Э.Оюун агсны 1956 онд бичсэн “Би эндээс явахгүй” жүжгийг өнөөгийн нийгмийн бодит амьдралд тулгуурлан шинэчлэн найруулсан. 60 гаруй жилийн өмнө буюу социалист нийгмийн үед бичсэн энэхүү жүжгийн эх хувилбар нь тухайн үеийн үзэл санааг шингээж, нийгмийг хурц шүүмжилсэн байдаг. Харин өнөөгийн нийгэмд энэ жүжгийг эх хувилбараар тавих нь зохимжгүй учир дахин шинэчлэн бичиж, найруулж, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн боллоо. Мэс заслын эмч Дорлигийн дүрд миний бие, түүний эхнэр Дулмаад Н.Баярмаа болон жүжгийн бас нэг гол дүр болох Сэржмаад Б.Одончимэг нарын жүжигчин тоглосон. Бид өнгөрсөн нэгдүгээр сараас бэлтгэлдээ гарсан. Жүжгийн нээлт энэ сарын 27-нд болно. Үргэлжлээд дөрөвдүгээр сард Дорнод, тавдугаар сард Өмнөговь, Дундговь аймагт жүжгээ тоглоно.
-Хуучин зохиолыг шинэчилж байгаа гэлээ. Хэр өөрчлөгдөж байгаа бол. Эндээс л Монголын нийгэм 60 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн нь харагдах уу?
-60 гаруй жилийн өмнө бичсэн зохиолыг нэгэн жарны дараа тавихад хүмүүний амьдрал үнэхээр өөрчлөгдсөн нь нүдэнд илт харагдсан. Хамгийн гол нь хүний үнэт зүйл буюу гэр бүлийн үнэ цэнэ, үүний талаарх ойлголт хэрхэн өөрчлөгдсөн байна вэ гэдгийг мэдэрсэн. Мөн намч, ангич шинж чанарыг бүхэлд нь хуучин зохиолоос авах, эмнэлгийн үйл явдлыг түлхүү дүрсэлсэн байсныг өөрчлөх гэх мэт олон зүйлийг өнөөгийн нийгэмд тааруулан өөрчилсөн байгаа. “Би эндээс явахгүй” жүжигт харанхуй, эвдэрсэн, хагарсан, бутарсан амьдралын талаар бус гэр бүлийн ойлголт, эвлэрлийн тухай өгүүлсэн байгаа. Тодруулбал, гэр бүл, эхнэр нөхөр хоёр хоорондоо хэрхэн ойлголцож болдог вэ гэдгийг л харуулахыг зорьсон гэдгээрээ чухал. Төгсгөл нь тухайн гэр бүл эв зүйгээ олсноор жаргадаг. Энэ жүжгийн хамгийн гол зүйл нь монгол зохиолч бичсэн, монгол гэр бүл, хайр дурлалын тухай өгүүлдэгт байгаа юм.
-Гэр бүлийн салалт нэмэгдсэн өнөөгийн нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг харуулсан жүжиг тавьж байгаа нь нүдээ олсон алхам. Таны бүтээсэн Дорлиг ямар хүн бэ?
-Зохиолч Э.Оюун гуай Дорлигийг 40 настай гэж бичсэн. Тэгэхээр Дорлиг бол хэдийнэ анхны хайр дурлалтайгаа учирч, гэр бүл зохиосон хүн байх нь. Дөч гарсан эр, дөрөө дарсан ат гэж монголчууд хэлдэг. Энэ насандаа яваа Дорлиг яагаад гэнэт гэргий Дулмаагаас салж, ээдрээт амьдралаар амьдрах болов. Гэр бүлийн амьдралд ямар сонголт, сорилт гарч ирдэг вэ. Энэ бүх асуултын хариултыг “Би эндээс явахгүй” жүжгээс авах болно. Тиймээс манай залуучууд, хосууд, гэр бүл гээд хүн бүхэн үзээсэй гэж хүсэж байна. Хосын хорвоод хүн бүр хань ижилтэй болж, амьдрал зохиох нь нартын жам юм. Гагцхүү ганц олдсон амьдралд хөл алдахгүй явахыг энэ жүжиг сургамжилна.
• Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч, найруулагч, жүжигчин Э.Оюун агсны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
• “Би эндээс явахгүй” жүжигт харанхуй, эвдэрсэн, хагарсан, бутарсан амьдралын талаар бус гэр бүлийн ойлголт, эвлэрлийн тухай өгүүлсэн байгаа.
• Энэ жүжигт тоглох саналыг надад ерөнхий найруулагч Н.Наранбаатар тавьсан.
-Таныг Ромео, Жульетта жүжгээс хойш нэлээд хэдэн жил театрын тайзан дээр гарахыг харсангүй. Ямар учраас эргэн тайзнаа гарах болов?
-Ч.Найдандорж найруулагчийн 1996 онд найруулсан Ромео, Жульетта жүжгийн 17 настай Ромеогийн дүрд хамгийн сүүлд 1998 онд тоглосноос хойш театрын тайзнаа огт гараагүй. 20 жилийн дараа төрөлх театрынхаа тайзан дээр “Би эндээс явахгүй” жүжгийн 40 настай Дорлигийн дүрээр эргэн гарах гэж байна. Гэхдээ дүр бүтээж байгаа нь энэ болохоос биш театртаа дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд эргэн ирсэн. Миний үндсэн ажил бол УДЭТ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга болон гүйцэтгэх продюсер. Олон жилийн дараа театрын тайзан дээр гарах нь. Үзэгчидтэй уулзахыг тэсэн ядан хүлээж сууна. Энэ жүжигт тоглох саналыг надад ерөнхий найруулагч Н.Наранбаатар тавьсан.
-Анх 14 настайдаа “Амьдралын нахиа” кинонд тоглож, кино урлагт хөл тавьсан шүү дээ. Үүнээс хойш хэчнээн дүр бүтээсэн байна вэ?
-1987 онд Х.Дамдины найруулсан, Монгол кино үйлдвэрийн бүтээл “Амьдралын нахиа” кинонд хүү Эрдэнийн дүрд тоглоход 14 настай байсан. 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тасралтгүй уран бүтээл туурвиж, 40 гаруй кинонд жүжигчин, найруулагч, зохиолч, продюсерээр ажилласан байна. Харин театрын урлагт 10 гаруй жүжгийн гол дүрийг бүтээгээд байна.
-“Ларьдма” кинонд тоглосноос хойш олон хүн таныг мэддэг болсон. Энэ киноны уран бүтээлчид “Амьдрал” хэмээх нэртэй кино хийсэн байна лээ. Таньд уг кинонд тоглох санал ирсэн үү?
-Хүмүүс “Лардьма” киног их асуудаг. Үзэгчид эцсийн бүлэгт ямар кино, жүжиг үзэх вэ гэдгээ өөрсдөө сонгодог. Эндээс анзаарахад, манай үзэгчид энэ төрлийн сэдвийг ихэд сонирхон үзэж байна. “Лардьма” бол гэр бүлийн хүчирхийллийг хөндсөн дэлгэцийн бүтээл. “Би эндээс явахгүй” жүжиг ч мөн адил. Салах уу, ойлголцох уу, нууц амьдрал байх нь ямар үр дүнд хүргэдэг вэ гэдгийг харуулна. Хүүхэд байхдаа тоглосон “Амьдралын нахиа” кинонд бас л эцэг хүн архинд орж, үүнээс болж гэр бүл хэрхэн сүйрч болохыг үзүүлсэн. Ингээд бодохоор хүүхэд, идэр, дунд насандаа гэр бүлийн асуудлыг хөндсөн уран бүтээлд түлхүү оролцсон байна. Ер нь гэр бүлийн энгийн амьдралыг харуулах ярвигтай байдаг. Уран зөгнөлт, адал явдалт кинонууд тодорхой үйл явдлыг хөөн, ритмтэй явчихдаг. Харин амьдралын тухай өгүүлэх бүтээлүүд нь сэтгэлийн нарийн холбоосыг шаарддаг. “Лардьма” киноны хоёрдугаар ангид тоглох санал ирээгүй. Шинэ уран бүтээл нь өмнөх киноноос тэс өөр зохиолтой гэсэн.
-Урлагийн хүн бүр л түүхэн болон сонгодог уран бүтээлүүдэд гол дүр бүтээх хүсэлтэй байдаг. Таньд тийм дүр бүтээхсэн гэсэн нууцхан хүсэл байдаг уу?
-Хүмүүсийн тоглоогүй, үзүүлээгүй, хөндөөгүй дүрийг бүтээхийг хүсдэг. Гэхдээ тухайн дүрд тоглох уран бүтээлч байхад давхцаад, өрсөлдөөд байхыг хүсдэггүй. Харин Германы жүжгүүдээс Гегелийн “Фауст” эмгэнэлт жүжиг тавиасай гэж хүсэж явдаг. Мөн У.Шекспирийн “Макбет”, “Отелло”-гийн дүр миний сонирхлыг ихэд татдаг.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй