Тэд монгол жүдогийн гайхамшгийг дэлхийд түгээнэ

Спорт


Төрийн тэргүүн дэмжсэн болохоор иргэншлийн асуудал саадгүй шийдэгдэх байх гэв

2015 оны өдийд жүдоч бүсгүй Г.Отгонцэцэг Казахстаны нэр дээрээс барилдах болсон мэдээ монголчуудыг нэг хэсэгтээ л шуугиулж байв. Авьяас чадвартай хэдий ч нэг жингийн М.Уранцэцэгт дарагдсаар залуу насаа элээх магадлалтай байсан тул тэрбээр Казахстаны тавьсан саналыг хүлээн авч байв. Тэгвэл Токиогийн олимпийн мөчлөг талдаа орох дөхсөн энэ үед өөр гурван жүдоч харь орны нэр дээрээс, тодруулбал, Арабын Нэгдсэн Эмиратын далбаан дор тэмцээнд оролцох нь үндсэндээ тодорхой болоод байгаа юм. Тэд бол 66 кг-ын Д.Төмөрхүлэг, 81 кг-ын Н.Дагвасүрэн, +100 кг-ын Б.Тэмүүлэн нар. Одоохондоо энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй болохоор жүдогийн холбооныхон албан ёсны мэдээлэл өгөхөөс цааргалж байна. Мөн тамирчид өөрсдөө ч ам нээх дургүй байгаа. Гэхдээ жүдод ойр хүмүүстэй холбогдож, зарим зүйлийг тодруулснаа дор сийрүүлье.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧЭЭ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эмиратын зүгээс манайд хандан албан ёсны хүсэлтээ тавьсан юм байна. Ингээд дээрх гурван тамирчин ар гэр, жүдогийн холбоо, багш дасгалжуулагч нартайгаа зөвлөлдсөний эцэст саналыг нь хүлээн авах шийдэлд хүрсэн гэнэ. Judoinside.com сайтад бичсэнээр бол ирэх гуравдугаар сард, амжихгүй бол тавдугаар сараас манай бөхчүүд тус улсын иргэн болж, АНЭУ-ын далбаан дор барилдаж эхлэх аж. Тэд эхлээд Монгол Улсын Төрийн тэргүүн, Жүдогийн холбооны ерөнхийлөгч, Х.Баттулгатай уулзаж, санаа бодлыг нь сонссон байна. Ерөнхийлөгч тэдэнд амьдралаа бодохыг зөвлөснөөр зам нь шуударчээ. Нэгэнт Төрийн тэргүүн нь дэмжсэн юм болохоор иргэншлийн асуудал ямар нэг саад тотгоргүй шийдэгдэл бололтой. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбатаас тодруулахад “Одоо дөнгөж яригдаж байгаа асуудал шүү дээ. Түүнээс шийдэгдсэн юм байхгүй. Цалин хөлс зэрэг нарийн ширийн зүйлийг ярилцаж л байна. Холбооны хувьд тамирчдаа дэмжихийг л бодно.

Монгол хүнд сайхан боломж олдож байна. Ер нь иргэншил өөрчлөгдөх нь дэлхий нийтэд хэвийн үзэгдэл болсон. Манайд л сүртэй хүлээж аваад байгаа болохоос. Тамирчид маань энэ саналыг өөдрөг хүлээн авч байгаа” гэсэн юм. Харин Үндэсний шигшээ багийн албаны дарга, жүдогийн шигшээгийн дасгалжуулагчаар олон жил ажилласан Ч.Насантогтох багш уг шийдвэрт дурамжхан байгаагаа нуусангүй. Тэрбээр “Тийм юм дуулдаад л байгаа. Жүдогийн холбооныхон илүү сайн мэдэх байх. Яагаад явуулах болсныг сайн мэдэхгүй юм. Холбооны зүгээс манайд албан ёсоор мэдэгдсэн юм алга. Яагаад шигшээ багийнхантай яриагүй юм бол гээд гайхаж л сууна. Тавдугаар сарын 1-нээс Эмиратын нэр дээрээс барилдах юм билээ. Тамирчид цагаан сараар ирж золгохдоо ингэж ярьж байна лээ. Уг нь дараагийн олимпод бэлдэж л байгаа улсууд шүү дээ” гэсэн юм. Харин спортын тайлбарлагч С.Шижирбат өөрийн фэйсбүүктээ “Монголын жүдо дэлхийд хүчтэй. Монголын жүдог дэлхий үнэлж байна. Хүчтэй учраас нэг ч гэсэн төрөлд гадагшаа экспортлогдож байна. Баяртай байгаа. Дэлхийд легионер тамирчин байдаг л зүйл болсон. Сүртэй зүйл биш. Эмзэглээд янз бүр болох ч зүйл биш ээ. Гэрээний асуудлыг яриад яахав. Виктор Сквортов, Сержу Тома, Иван Ремаренко гэсэн Молдавын шилдгүүд АНЭУ-ын нэр дээрээс барилддагийг жүдо сонирхогчид мэднэ. Н.Дагвасүрэн 81 кг учраас С.Тома 90 кг руу өгсөж байна. Энэ гурвыг маань дэлхийн жүдогийн ертөнц мэднэ. АНЭУ- ын нэр дээрээс амжилт гаргахад Монголын тамирчид л байна гэж дэлхийн жүдогийн ертөнц харна. Урмын үгээр мялааж, амжилт хүсээрэй. Мандсан далбаа нь өөр ч мандуулсан тамирчин нь Монгол” хэмээн бичжээ.

ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ ЦАЛИН АВАХ БОЛ?

Гэрээний нарийн ширийн заалтуудыг албаныхан нууцалж байна. Ямартай ч баян орны тамирчин болж байгаа учраас цалин хангамж Монголтой харьцуулалтгүй гэдэг нь ойлгомжтой. Тус улс легионер тамирчиндаа үндсэн цалин олгохоос гадна байр, хоол, машинаар хангаж, тэмцээн уралдааны бүх зардлыг даадаг байна. Salaryexpert.com сайтад бичсэнээр тус улсад уригдаж ирсэн жүдогийн дасгалжуулагч жилийн 28 мянган ам.долларын (ойролцоогоор 67 сая төгрөг) цалин авдаг байна. Тамирчдын тухайд мөн өдий хэрийн цалин авах магадлалтай. Түүнчлэн аливаа тэмцээнээс медаль авбал шагналын мөнгөө өөртөө үлдээх зэрэг заалт гэрээнд орж буй боломжтой.

ЭМИРАТЫН ГАНЦ МЕДАЛИЙГ ЛЕГИОНЕР ЖҮДОЧ АВЧИРСАН

Арабын Эмират баян, өндөр хөгжилтэй улс хэдий ч спортын талбарт бол сураггүй. Есөн сая хүнтэй хэрнээ зуны олимпийн наадмаас хоёрхон медаль авсан даруухан намтартай. “Афин-2004” олимпод буудлагын төрөлд Ахмед Аль Мактум алтан медаль зүүж, үндэсний хэмжээний баатар болжээ. Улмаар “Рио-2016” олимпод 13 тамирчинтай оролцоод нэг хүрэлтэй буцсан юм. Тэрхүү медалийг нь Молдаваас ирсэн легионер жүдоч Сержу Тома авсан билээ. Харин одоо Молдавын гурван жүдочоос гадна Монголын гурван бөх хүч нэмснээр эмиратчууд Токиогийн олимпод жүдогийн тун эвгүй багтай оролцож магадгүй болоод байна. ХЭН НЬ ХЭН БЭ? Энэ гурван тамирчныг спортын хорхойтнууд бол андахгүй. Д.Төмөрхүлэгийг бол спорт сонирхдоггүй нэгэн ч мэддэг болсон байх. Нэг үе 66 кг-д дэлхийн чансааг тэргүүлж, шинэ цагийн хурц од хэмээн үнэлэгдэж байсан.

• Арабын Эмират баян, өндөр хөгжилтэй улс хэдий ч спортын талбарт бол сураггүй.

• Тус улс легионер тамирчиндаа үндсэн цалин олгохоос гадна байр, хоол, машинаар хангаж, тэмцээн уралдааны бүх зардлыг даадаг байна.

• Өөр орны нэр дээр барилдаж, амьдрал ахуйгаа өөд татах боломжийн хойноос явах гэж буйг нь буруутгах аргагүй.

Гэвч том тэмцээнд азгүйтдэг гэмтэй. Нийт хоёр олимп, таван ДАШТ-д улсаа төлөөлөн оролцсон ч хараахан медальд хүрч чадаагүй. Ялангуяа 2015 оны ДАШТ-д Израилийн Г.Поллакт цаг дуусахаас долоон секундын өмнө үнэлгээ алдаж, гарт ороод байсан хүрэл медалиа тавиад туучихсан удаатай. Улмаар Риогийн олимпод шагналт долдугаар байр эзэлсэн юм. Одоо бол жингийнхээ чансааны 17-д бичигдэж байна. Сүүлийн үед 66 кг-д дотоодын өрсөлдөөн эрс ширүүссэн. Г.Хэрлэн, Д.Алтансүх нар эрс сайжирч, түүнтэй өгөө аваатай үздэг болсон бол А.Батсуурь, Б.Эрхэмбаяр гээд хоёр аятайхан залуу дороос хүч түрэн гараад ирлээ. Энэ өрсөлдөөн дундаас тодорч гарах хэцүү тул гаднын саналыг хүлээн авахаар шийдсэн биз ээ. Түүний багш, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв энэ шийдвэрийн талаар “Юуг нь буруутгах билээ дээ. 2016 оны олимпоос 36 хүн медаль авч байсан. Харин Төмөрхүлэг дөнгөж 27 настай шүү дээ. Олимп, дэлхийгээс медаль авах бүрэн бололцоотой тамирчин” гэсэн юм.

Тэрбээр Дэлхийн цом, Гранпри, Их дуулга зэрэглэлийн тэмцээнээс 30 медаль авснаас гадна 2014 онд Инчоны Азийн наадамд түрүүлсэн нь түүний оргил амжилтын тоонд орно. Н.Дагвасүрэнгийн тухайд 2012 онд Дэлхийн цомоос медаль хүртэж, олонд танигдаж эхэлсэн. 2016 онд Улаанбаатарын Гранприд түрүүлснээс гадна 2014 оны Азийн наадмаас хүрэл медаль авч байв. Өдгөө дэлхийн чансааны 7-д бичигддэг. Дотооддоо О.Ууганбаатарын дээр гарч чаддаггүй нь өөр улсыг сонгох нэг шалтгаан болсон болов уу. Б.Тэмүүлэнгийн хувьд олон улсын чанартай тэмцээнээс нийт 19 медаль авсан, хүнд жингийн шилдэг бөхчүүдийн нэг. Гэвч түүний жинд Ө.Дүүрэнбаяр илүүрхэх хандлагатай байдаг. Одоо чансааны 22-т жагсаж байгаа юм. Иймэрхүү амжилттай гурван бөх Арабын Нэгдсэн Эмиратын нэр дээрээс барилдах мөч ойртсоор байна. Тамирчин хүний хамгийн том бахархал бол олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлэх. Энэ мөчийн төлөө, энэ мэдрэмжийн төлөө л тэд олон жилийн турш хөлсөө дуслуулан зүтгэж байгаа. Харин одоо Монголын төлөө гэж оргилдог байсан сэтгэл АНЭУ-ын төлөө тэгж шатах болов уу гэдэг бас л сонин. Тиймээс эх орноосоо явахаар шийдэхдээ баярласан гэж бодохгүй байна. Энэ шийдвэрийг гаргах тун ч хэцүү байсан нь мэдээж.

Гэхдээ тамирчин хүний амжилт гаргах нас богинохон. Тэд одоогоор идэр залуухан гялалзаж байгаа ч зодог тайлах мөч нэг мэдэхэд л хүрээд ирнэ. Харин энэ үед ар гэрээ яаж авч явах вэ гэсэн хүндхэн асуудалтай нүүр тулах нь тодорхой. Тиймээс өөр орны нэр дээр барилдаж, амьдрал ахуйгаа өөд татах боломжийн хойноос явах гэж буйг нь буруутгах аргагүй. Нөгөө талаар гаднын улсууд манай тамирчдыг авах санал тавьж буй нь Монголын жүдо бөх ямар хэмжээнд хүрснийг дахин нотолж байна. Тиймээс бидний хувьд тамирчдадаа амжилт хүсэх л үлдэж байна. Харин цаашид олон тамирчин, олон монгол мөнгөний төлөө эх орноосоо татгалзах аргагүй сонголттой битгий нүүр тулаасай билээ.





САНАЛ БОЛГОХ