Шатахуун импортлогчдын барьсан цагаан сарын “хар бэлэг”

Нийтлэлчийн булан


Шатахуун импортлогчид үнээ 50-200 төгрөгөөр нэмжээ

Монголоор овоглосон хэн бүхэн сар шинийн баяраар өөрийг бодох сөхөөгүй байдаг. Энэ өдрүүдийг ашиглан шатахуун импортлогчид үнээ дахиад нэмжээ. Үндэсний үлгэр жишээ компани гэгддэг шатахуун импортлогчид монгол түмний Сар шинийн баяраар өрх бүрийн хэтэвчийг хөндсөн ийм бэлгийг бидэнд өргөн барив. Стратегийн ач холбогдолтой салбар гэсэн үгээр шалтаг хийн, шатахуун импортлогч компаниуд үе үеийн Засгийн газарт эрхэлсээр ирсэн. Тэд “ийм ч татвараа буулга, тийм ч татаас өг” гэж эрхэлнэ. Эс бөгөөс түлшнийхээ үнийг нэмнэ хэмээн сүрдүүлдэг болоод удаж буй. Жавар тачигнаж, чөмөг царцах дөхсөн өвлийн хэдэн өдөр түлшний цоргоо хааж, монголчуудыг хэд хоног тарчлаав даа. Ийм эрх дураараа авирласан импортлогчдоос эмээсэн Засгийн газар тэр даруй тэдний хүслийг нь биелүүлж, хэлснээр нь хийв. Улс орны төсөв санхүүгийн байдал хүнд байгаа ч Засгийн газар дураараа дургигч импортлогчдоо эрхлүүлж, татварыг нь тэглэсэн.

Нэгдүгээр сарын сүүлчээр зарим боомтоор нэвтэрч буй 60-210 мянга хүртэлх төгрөгийн онцгой албан татвартай АИ- 92, А-80 бензиний татварыг тэглэснийг та дуулсан байх. Ийн хөнгөлөлт үзүүлснээр улсын төсвийн орлого бараг 60 тэрбум төгрөгөөр тасарна гэсэн тооцоо гарсан байсан. Энэ зөрүү мэдээж импортлогчдын халаасыг түнтийлгэнэ. Импортлогчдод буулт хийснээр, бензиний үнэ буурах бололцоотой хэмээн Засгийн газрын гишүүд тухайн үед мэдэгдэж байв. “Онцгой албан татварыг тэглэбэл шатахууны жижиглэнгийн үнэ 200 төгрөгөөр хямдрах боломжтой. Энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн нефтийн үнэ буурна” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав амласан нь саяхан. Гэтэл уруудна хэмээж байсан ханш өсөлтийн зүгт чиглэв. Төр засаг компаниудын тааллаар болгож, татвар, хураамжаа хүртэл хөнгөлөөд байхад шатахуун дамлан зарагчид даварсаар даварсаар Дагвын оронд гэгчээр жижиглэнгийн үнээ өсгөчихлөө. Нэр бүхий шатахуун импортлогчид АИ- 92, дизель түлшний үнийг 90-200 төгрөгөөр нэмсэн. “Тэс Петролиум” гэхэд АИ-92 бензиний жижиглэнгийн үнээ 90 төгрөгөөр нэмж, литрийг нь 1850 төгрөг болгожээ. Шалтгаан нь шатахуун, түлшний хоёрдугаар сарын татан авалтын үнэ 25-45 ам.доллараар өссөн учраас жижиглэнгийн үнийг өсгөхөөс аргагүй боллоо гэх тайлбарыг салбарын яаманд хүргүүлсэн байна. Элдэв шалтгаар шантааж хийж, өөрсдийн ашиг сонирхлоо тулгах гэсэн импортлогчдын үйлдэл хэрээс хэтэрсэн. Өнгөрсөн сард л гэхэд хангалттай шатахуунтай атлаа нөөцгүй хэмээн үүдээ түгжиж, зах зээлд зохиомол хомсдол үүсгэсэн. Энэ нь монополь компаниудын үгссэн хуйвалдаан байсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газар тогтоосон.

Нэр бүхий шатахуун импортлогчид АИ- 92, дизель түлшний үнийг 5-200 төгрөгөөр нэмсэн
Тэрчлэн ийм үйлдэл удаа дараа гаргаж буй зарим компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа анхааруулж байсан юм. Гэтэл гар бариад, бугуй барина гэгчээр үүдээ хааж байсан импортлогчид үнээ өсгөлөө. Баяр наадам далимдуулсан энэ өсөлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар одоогоор шалгаж байгаа аж. Тиймээс үнийн өсөлтийн талаар тайлбар өгөх боломжгүй гэж тус байгууллага мэдэгдлээ. Шатахууны цөөхөн хэдхэн компани зах зээлийн нийгмийн зах хязгааргүй орон зайд сул чөлөөтэй монопольдож, үгсэн хуйвалдаж, үнээр тоглож байна. Хамгийн гол нь үүний цаана шатахуун, түлшний үнээс хэт хамааралтай иргэдийн амьдрал савлаж, уруудан доройтсоор. Учир нь, автобензин, дизелийн түлш бол энгийн нэг импортын бүтээгдэхүүнтэй адилгүй. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг тодорхойлж байдаг ханшийн нэг луужин төдийгүй өрхийн хэтэвчинд үлэмж нөлөө үзүүлдэг хүчин зүйл. Энэ өдрүүдэд зарим төрлийн шатахуун, түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдсэн даруйд гурил, махны үнэ 90- 200 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дунджаар нэг хувиар нэмэгддэг. Хувийн такси үйлчилгээ гэхэд шатахууны үнэ нэмэгдээгүй байхад хүртэл, өсөх сургаар 200 төгрөгөөр нэмж, иргэдийг шулсаар. Шатахуун, түлшний хүртээмж, үнийн өсөлт хувийн автомашинтай иргэдэд илүү хүнд тусаж байгаа нь дамжиггүй. Дээрээс нь манайд нийтийн тээврийн үйлчилгээ сул, хүрэлцээ муу. Нэг сая хол давсан хүн амтай хотод дунджаар 2500 автобус үйлчлэх нь зохистой харьцаа гэж үздэг.

• Шатахууны хоёрдугаар сарын татан авалтын үнэ өссөн учраас үнээ өсгөхөөс аргагүй гэх тайлбарыг компаниуд хүргүүлсэн байна.

• Уг нь манай гол нийлүүлэгч ОХУ энэ онд шатахуун, түлший нийлүүлэлтэд санаа зоволтгүй гэдгээ мэдэгдсэн.

• Эдийн засгийн гол салбарууд хэзээ мөдгүй идэвхжих гэж буй энэ үед түлшний үнэ өндөлзөж байна.

Гэтэл Улаанбаатар хотын иргэдэд одоогийн байдлаар 952 автобус үйлчилж байна. Хүрэлцээ ийм муугаас автобусаар зорчих нь амаргүй даваа болсон. Удаан хугацаанд автобус хүлээх, зоорь мэт хүйтэн, зогсох зайгүй хүнтэй нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэдэг хэн хүний хүсээд байх үйлчилгээ биш. Гэтэл нийтийн тээвэр нь ийм нунж дорой атлаа хувийн тэрэгнийх нь хоол тэжээлийг хангалттай өгчихгүй л байна. Уг нь манай гол нийлүүлэгч ОХУ-ын тал энэ онд шатахуун нийлүүлэлтэд санаа зоволтгүй гэдгээ мэдэгдсэн. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович “Монгол Улс нь энэ онд болон ирэх жилдээ шатахууны хомсдолд орохгүй гэж бодож байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Гол нийлүүлэгч маань ийнхүү
баталгаатай хэмээн мэдэгдээд байхад дундаас нь дамлан зарж буй дамын наймаачид ийнхүү дураараа аашилж байгаа нь шударга уу. Зах зээл талаас нь харсан ч тэр сүүлийн жилүүдэд ам.долларын ханш чанга байгаа нь шатахууны үнэд нөлөөлж байна хэмээн импортлогчид гонгиносоор ирсэн.

Гэтэл ам.долларын ханш долоон сар тасралтгүй буурч байна. Өнгөрсөн оны есдүгээр сард бараг 2500 руу дөхөж байсан төгрөгтэй харьцах ам.долларын ханш өдгөө 2300 руу ороод ирчихсэн байна. Гэтэл валютын ханш ийм таатай, дээрээс нь голлон хэрэглэдэг бүтээгдэхүүнийх нь татвар тэглэчихээд байхад яагаад үнээ ийн өсгөж байна вэ. Тэр тусмаа, уул уурхай, газар тариалан гээд эдийн засгийн гол салбарууд хэзээ мөдгүй идэвхжих гэж буй энэ үед түлшний үнэ өндөлзөж байна. Үүний цаана зах зээлийг гартаа авчихсан дотоодын монополь хэдэн компанийн эрх ашиг л нуугдаж байгаа. Гэтэл Монголын төр арчаагаа алдан тэдэнд шантаажлуулсан хэвээр.





САНАЛ БОЛГОХ