Ухаан мэдрэлгүй үндэстэн болчих вий
Нийтлэлчийн булан
Ураг төрлөө таньж мэдэх уламжлал маань улам л алдагдаад байна
Монголчуудын тэмдэглэдэг баяр дэндүү ихдээд байна гэж ярьдаг. Үнэн л дээ. Бид сар бүр л (зарим сард 2-3 удаа) ямар нэг баяр тэмдэглэж, тэр хэрээр халаасан дахь хэдэн цаасаа нэмэлт зардалд урсгана. Тэгсэн хэрнээ тэмдэглэх баярын тоо цөөрөх нь байтугай улам нэмэгдсээр. Энэ бүхэнд хүмүүс дургүйцэх нь аргагүй. Гэхдээ заавал тэмдэглэх ёстой баяр гэж байна. Ялангуяа цагаан сар, наадам хоёрын ач холбогдлыг зөвөөр ойлгуулж, илүү зөв утга агуулгатай тэмдэглэх ёстой. Яагаад гэвэл энэ хоёр бол онцгой баяр юм. Цагаан сар бол монгол үндэстэн өдийг хүртэл оршин буйн баталгаа, монголчууд ийм түүхтэй, ийм онцлогтой улс юм шүү гэдгийг харуулдаг баяр. Нэг ёсондоо монголчуудын бусад үндэстнээс ялгарах бүх дархлааг хойч үед өвлүүлэн үлдээдэг ач холбогдолтой гэдгээрээ онцлог.
Үүнээс гадна монгол үндэстний цус булингартахгүй байх монголчуудын оюун ухааны чадамж, генийг ямар нэг байдлаар сэвтээхгүй авч үлдэх тулгуур чанараа бид цагаан сардаа шингээгээд өгчихсөн гэж болно. Яагаад гэвэл бид цагаан сараар өвлийн хахир хатууг давж, урин дэлгэр цагтай золгосноо тэмдэглэхээс гадна ураг төрлөөрөө уулзалдаж, нэг нэгнээ таньж мэддэг. Энэ утгаараа цагаан сарын ач холбогдол их ээ. Харин сүүлийн үед ураг төрлөө таньж мэдэх энэ сайхан уламжлал маань улам л алдагдаад, мартагдаад байх шиг. Ураг төрлөө мэдэхгүй байна гэдэг эцэстээ цус ойртох аюулд ордог гэдгийг олон жилийн түүх, судалгаа харуулсан, эрдэмтэд ч сануулан бичсээр байна. Монголчууд цус ойртохын аюулыг эртнээс мэддэг, урьдчилан сэргийлдэг байсан ард түмэн. Бид эрт дээр үеэс овог дотроо гэрлэдэггүй, ургийн бичгээ хөтөлдөг, нүүдэл суудал хийх замаар шинэ хүмүүстэй танилцаж, ураг төрөл барилцдаг байв. Энэ бүхэн цөөхөн монголчуудыг Монголоороо үлдэх боломжийг өгсөн юм.
• 1918 онд Монголд хүн амын тооллого явуулахад ард иргэдийн 90 гаруй хувь нь ургийн овгоо мэддэг байжээ.
• Цус ойртолт ихсэх тусам хүн амын дунд цус харвалт, зүрх судасны өвчлөл нэмэгддэг болохыг эрдэмтэд аль дээр судлаад тогтоочихсон.
• Идэр залуу Тэмүжин хүүдээ алс холын Хонгирод аймгаас Бөртэ үжинг сонгон сүй тавьж байсан Есүхэй баатрын холч ухаан юунд байсныг эдүгээ нэг эргэцүүлэх л хэрэгтэй байна.
Харин одоо бол байдал өөрчлөгджээ. Одоо ургийн бичиг хөтөлдөг гэр бүл гэж бараг үгүй болсон. Тиймээс өөрөөс дээших гурван үеэ мэдэж байвал их юм. Нөгөө талаар ургийн овог гээч зүйл замбараагаа алдаад удаж байна. Социализмын үед ургийн овгийг хүчээр устгаж, эцгээрээ овоглодог болсны гор одоо хамгийн их мэдрэгдэж буй. Уг нь 2000-аад оноос ургийн овгоо эргэн сэргээсэн ч монголчууд бүгдээрээ Чингисийн удам болох гээд Боржигон овог авахаар хошуурсан. Ингээд үр дүнд нь таван хүн тутмын нэг нь Боржигон овогтой болж хоцров. Одоо нийт хүн амын 20 хувийг бүрдүүлж буй боржигонууд жил ирэх тусам улам нэмэгдэх болно. Тэр цагт ургийн нэг овогтой хүмүүс гэр бүл зохиож болохгүй гэсэн ёс утгаа алдах байлгүй. Мөн төрсөн ах, дүү хоёр өөр овогтой байх тохиолдол цөөнгүй. Энэ мэт замбараагүй байдлыг цэгцлэхгүй бол ургийн овгоо харж, цус ойртолтоос сэргийлнэ гэдэг боломжгүй болчихоод байгаа юм. “Овог бол хүмүүсийг хооронд нь ялгах тэмдэг. Монголд 1200 орчим овог бүртгэгдсэн байдаг. Гэвч 1923 онд Засгийн газрын тогтоолоор овог хэрэглэхийг хориглож, оронд нь эцгийн нэрийг хэрэглэж байхаар болсон. Үүнийг тухайн үед сэхээтнүүд нэлээд эсэргүүцсэн ч харамсалтай нь амжилтад хүрээгүй юм. Овог бол ургийн бичиг хөтлөхөд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг.
Өөрөөр хэлбэл, ижил овогтой буюу мах, цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо сууж болохгүй гэсэн үг. 1918 онд Монголд хүн амын тооллого явуулахад ард иргэдийн 90 гаруй хувь нь ургийн овгоо мэддэг байжээ. Үүнээс хойш тасарсаар сүүлдээ овгоо мэддэг хүнгүй шахам болсон. Эндээс цусан төрөл ойртох хэцүү зүйл гарч ирж байгаа юм. Мэдэхгүй учраас цусан төрлийн хүнтэйгээ гэрлэх нь аргагүй шүү дээ” хэмээн шинжлэх ухааны доктор, профессор А.Очир тайлбарласан юм.Эрдэмтдийн хамтарсан баг монголчуудын цус ойртолтын талаар хийсэн судалгаагаа хоёр жилийн өмнө танилцуулсан нь нэг хэсэгтээ л олны анхаарлыг татсан. Үүнд дурдсанаар бол хөдөөгийн нэг багийн хүн амын 85.4 хувь нь өөр хоорондоо гэрлэж буй нь тогтоогдсон юм. Сумын нэг баг гэдэг хэдэн хүнтэй билээ. 500-аас хэтрэхгүй. Тэдний тэн хагас нь хүүхдүүд. Гэтэл энэ цөөхөн хүн амын 80 гаруй хувь нь хоорондоо гэрлэж байна гэхээр хөдөөд цус ойртолт ямар аюултай байдалд хүрсэн нь ойлгогдоно. Аймгийн хэмжээнд ч ялгаагүй. Тухайлбал, нийт хүн амынх нь 86.1 хувь аймаг дотроо гэр бүл болсоор байгаа юм. Дээрх судалгаанаас хойш байдал яаж өөрчлөгдсөнийг мэдэхгүй юм.
Гэхдээ лав дээрдсэн гэж бодохгүй байна. Учир нь жил ирэх тусам аймаг, сумд эзгүйрч, хот газрыг бараадах иргэдийн цуваа ихэссээр байгаа. Ингээд ард үлдэж хоцорсон хөөрхийлөлтэй цөөн хэдэн хүн өөр хоорондоо гэрлэж, ураглахаас ч яах билээ. Цус ойртолтын аюул шууд мэдрэгддэггүй нь хамгийн гачлантай. Цусан төрлийн хэлхээ, холбоотой хүмүүс хоорондоо суухад дундаас нь бусдын л адил эрүүл саруул хүүхэд төрөх нь элбэг. Гэвч цааш үе дамжих тусам аюул улам томорно. Дээр өгүүлсэн судалгаанд дурдсанаар 2005-2009 онд улсын хэмжээнд төрөлхийн гажигтай 700 орчим хүүхэд бүртгэгдсэн байна. Харин 2014-2015 онд 1280 тохиолдол болж нэмэгдсэн баримт бий. Тухайлбал, оюун ухааны хомсдолтой, уруул сэтэрхий, уруул тагнай хоёулаа сэтэрхий, хүүхэн хэл байхгүй зэрэг 10 төрлийн гажиг бүртгэгджээ. Үүнийг цус ойртолттой тодорхой хэмжээгээр холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Цус ойртолт ихсэх тусам хүн амын дунд цус харвалт, зүрх судасны өвчлөл нэмэгддэг болохыг эрдэмтэд аль дээр судлаад тогтоочихсон. Мөн биеийн өндөр, жин багасах, яс сийрэгжих гээд сөрөг тал ихтэй.
Гэхдээ энэ бүгд гол аюул нь биш. Хамгийн аймшигтай нь оюуны чадамжийг бууруулж, сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд төрөх үндэс болдог байна. “Хүн амыг цус ойртолтоос хамгаалахад хэрэглэдэг түгээмэл гурван арга бий. Дэлхийн улс орнууд ч нийтээрээ хэрэглэдэг. Ургийн овгоо хэрэглэх, ургийн бичиг хөтлөх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэж өгөх арга байдаг. Монголчууд гурвууланг нь хэрэглэдэг байсан. Эрт дээр үеэс овог дотроо гэрлэдэггүй, аман болон бичгийн хэлбэрээр ургийн бичгээ хөтөлдөг байсан.
Бид хамаатан садантайгаа дэр нэгтгэсээр байгаа нь эмгэнэл биш гэж үү
Мөн нүүдлийн соёл иргэншлийнхээ давуу талыг ашигласан засаг захиргааны дөрвөн аймгийн тогтолцоотой. Гэтэл өнөөдөр ургийн овгоо 1997 оноос сэргээж эхэлсэн ч олон гаж үзэгдэл гарч ирсэн. Иргэний үнэмлэх дээрх ургийн овгоор баримжаалж цус ойртохгүй гэрлэх ямар ч баталгаагүй болсон. Хүн амын хөдөлгөөнийг тэтгэх аргыг ашиглая гэхээр Монгол Улсын засаг захиргаа 21 аймаг, 330 сум, 1615 багт хуваасан. Төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэх талаасаа өгөөжтэй бүтэц мэт харагдавч цаана нь хүн амын хөдөлгөөн хоригдож, цус ойртох нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Үүнийг задалж томсгоё гэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах учраас хурдан хугацаанд хэрэгжихэд түвэгтэй. Тэгэхээр ургийн бичиг хөтлөх гэсэн ганц арга үлдээд байна. Тиймээс ургийн бичиг хөтлөх арга дээрээ яаралтай төвлөрч, ядаж есөн үеэ мэддэг болохын төлөө явах шаардлагатай” хэмээн анагаах ухааны доктор Э.Энхмаа ярьжээ. Цус ойртолт улс орныг мөхөл рүү хөтөлдөг жишээ олон. Дундад зууны үеийн Европын язгууртнууд садан төрөлтэйгөө гэрлэх нь түгээмэл байв.
Гэтэл хэдэн үеийн дараа өвчиндөө баригдсан, сульдаатай, үр тогтоох чадваргүй хан хөвгүүд мэндэлж, улмаар хаадын олон овгийн хэлхээ тасарсан түүх бий. Мөн эртний Египетийн фараонуудын залгамж халаа чухам цус ойртолтоос болж үгүй болсныг эрдэмтэд сүүлд тогтоосон. Ийм бэлээхэн жишээ, харуусам түүх байхад бид үл тоомсорлон хамаатан садантайгаа дэр нэгтгэсээр байгаа нь эмгэнэл биш гэж үү. Ийм жишээ эргэн тойронд бишгүйдээ дуулдах боллоо. Бие биедээ хайрлаж дурласан хосууд хамаатнууд байснаа цагаан сараар мэдсэн гэсэн эмгэнэлт жишээгээ FM радиогоор ярьж байхыг сонслоо. Эдийн засаг, санхүү мөнгөний асуудалдаа түүртэн, хамгаас чухал хүн ам зүйн бодлогоо умартсан өнөөгийн эрх баригчид тэртээ олон зууны өмнө газрын хол, тулгарах бэрхшээлийг үл ажран идэр залуу Тэмүжин хүүдээ алс холын Хонгирод аймгаас Бөртэ үжинг сонгон сүй тавьж байсан Есүхэй баатрын холч ухаан юунд байсныг эдүгээ нэг эргэцүүлэх л хэрэгтэй байна даа.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй